Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг яллагдагчаар татлаа
2015/02/22
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, зарим сайтуудаар Д.Энхжаргалд АТГ-аас эрүү үүсгэн шалгаж байна.
Ингэхдээ зөвхөн Д.Энхжаргалыг ч биш түүний нөхөр, хүүхдийг ч бас хамтад нь шалгаж байгаа аж. Учир нь түүний нөхөр, хүүхдийг тендерт зуучилж өгнө хэмээн бусдаас мөнгө авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.
Ямартай ч МАХН-аас албан тушаалд сонгогдчихоод хоёр төрийн нүүр үзэхийн тулд намын харьяаллаа сольсон хэмээн ярьж яваа Д.Энхжаргалтай холбоотой мэдээлэл дахиад л хэвлэлийн хуудаснаас нэг хэсэгтээ салахгүй бололтой хэмээн цацагдаж байв.
Тэгвэл эх сурвалж “Д.Энхжаргал даргыг яллагдагчаар татаж шалгаж байгаа. Түүнийг тендер шалгаруулалтын журам зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа” гэлээ. Мөн “ХААГ-ын дарга Д.Энхжаргал Чингэлтэй дүүргийн “Спорт цогцолбор” –ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй. Тус тендерт шалгарсан “Нийслэл өргөө” компани нь сүүлийн хоёр жил алдагдалтай ажилласан, тендерийн зохих шалгууруудыг хангаагүй байхад Д.Энхжаргал дарга гэрээ хийж ажиллах мэдэгдэл ССАЖЯ-нд хүргүүлсэн” гэх үндэслэлээр шалгаж байгаа гэв.