УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Энэ удаагийн намрын чуулганы үр дүнгийн талаар ямар бодолтой байна вэ. Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдээ баталж чадсан уу?


-УИХ-ын намрын чуулган эхэлж байхад би хувьдаа эдийн засаг юунаас болоод хямрав, бодлогын ямар алдаа гарав,гадаад орчны нөлөөлөл юу байв, хямралыг давахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон талаас нь ярьж, авах арга хэмжээгээ маш тодорхой болгоно гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь  хамгийн гол асуудалдаа маш бага цаг зарж, үр дүн багатай шийдвэр их гаргалаа. Дүгнээд хэлэхэд үр дүн муутай чуулган болж өнгөрлөө гэж үзэж байна.  Эдийн засгийн уналт, хямрал, валютын ханшны уналт үргэлжилсэн хэвээр байх болно. Үүнд л харамсаж байна. 


-Уг нь чуулганаар Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг баталсан шүү дээ. Хямрал үргэлжилнэ гэж та хэлж байх юм, уг төлөвлөгөөг та хэрхэн харж байгаа вэ. Ардын намын бүлгийн зүгээс өргөн барьсан хямралыг даван туулах төлөвлөгөөг АН-ын бүлэг дэмжээгүй. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?


-2014 оны хавар Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гээч зүйлийг баталж байсныг санаж байна уу. Тэр үед хямралд хүргэсэн бодлогын алдаагаа засах оролдлого хийхгүй, мөрөөдлийн жагсаалт батлахад нь энэ 100 хоногт эдийн засаг эрчимжихгүй,  харин эдийн засаг уналт үргэлжилсэн хэвээр байх болно гэдгийг хэлж байсан даа.  Зарим хүмүүс Засгийн газрын улаан хамгаалагч болчихоод паа пии, ямар муу амтай хог вэ гээд л байсан.  Эрчимжүүлсэн 100 хоногийн үр дүн тэгээд гарсан уу. Гараагүй, гарах боломж ч байгаагүй юм. Хямрал үргэлжилсэн хэвээр л байна. Яг ийм алдаа дахин давтагдаад, бодлогын алдаа үндсэндээ засагдахгүй байгаад үнэхээр бухимдаад байгаа юм. Төрийн эрхийг голлон барьж байгаа АН-хан үүнийг ойлгохгүй байгаад л хамаг зовлон оршиж байна.


-Одоо танай нам чинь АН-тай хамтарч байгаа биз дээ, энэ алдааг засаж болдоггүй юм уу?


-Бодлогын алдааг хэрхэн засах, төсөв мөнгөний бодлогыг хэрхэн өөрчлөх, ямар замаар засах тухай ойлгуулах гэж хэд хэдэн удаа оролдлого хийсэн. АН-ынхан ойлгохгүй байна лээ. 2007 оны Азийн хямрал, 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг амжилттай даван туулсан орнуудын туршлага, 2008-2009 оны хямралыг даван туулсан манай өөрийн орны туршлага бий. Эдийн засгийн онол гэж бас байна. Үүнд үндэслэн эдийн засгийн бодит байдал, үүнийг засах тодорхой саналуудыг УИХ-ын гишүүн Л.Энхамгалан, Д.Хаянхярваа болон зарим гишүүдийн хамт З.Энхболд, Ч.Сайханбилэг, Гарамгайбаатар нарт тайлбарлаж, ойлгуулахыг хичээсэн.


-Тэгээд хүлээж авсан уу?


-Аваагүй. УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралд бидэнд ноогддог 5 минутанд бүхэл бүтэн эдийн засгийн бодлогыг тайлбарлаж ойлгуулах боломжгүй ш дээ. Тийм учраас тусгайлан уулзах хүсэлт тавьж байгаад орж тайлбарласан юм.  Харамсалтай нь бидний хэлж ярьсан зүйл 2015 оны төсвийн тодотгол, хямралыг давах төлөвлөгөөнд суугаагүй. Үнэхээр бухимдал, дургүй хоёр зэрэг хүрэх тохиолдол их гарах юм.


-Бодлогын хувьд яг юуг зөвлөөд, аваагүй юм бэ. Эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна гэж та үзэж байна вэ? 


-Хатгаа тусчихсан хүнийг фатлазол өгч эмчилдэггүй биз дээ. Төсөв, мөнгөний бодлогын хэд хэдэн алдаа засагдахгүйгээр 2-3 жил болж байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг хэт өндөр баталсан. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн нэг болох төсвийн алдагдлыг гурван жилийн турш хэт өндөр хэмжээнд байлгах нь манайх шиг жижиг эдийн засагтай оронд хэтэрхий сөрөг. Удаан хугацааны туршид төсвийг өндөр алдагдалтай байлгах нь эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулж, эдийн засгийн хямраадаг.  Маш энгийн үгээр хэлэхэд, өндөрт татсан олсон дээр нэг гартаа хоосон, нөгөө гартаа 20 кг-ийн туухайтай алхаж яваа хүнийг төсөөлөөд үз дээ. Удаан тэнцвэрээ олж алхаж чадах уу. Үгүй л байх. Иймд эдийн засагт ачаа болоод байгаа их хэмжээний төсвийн алдагдлыг эрс багасгах хэрэгтэй.  Хоёрдугаарт, төсвийн энэ их алдагдлыг богино хэмжээний өр үүсгэж санхүүжүүлж байгаа юм. 2011 оны эцсийн байдлаар Монгол Улсын зээлийн хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан бол одоо 700 тэрбум төгрөг төлж байна.  Өөрөөр хэлбэл зээлийн хүүд улсын төсвийн хөрөнгө оруулалтаасаа илүү их мөнгө төлж байна. Энэ зөв үү, буруу юу. Буруу учир үүнийг яаралтай засах хэрэгтэй. Засахгүй бол юу болдгийг 2007 оны Азийн хямрал харуулсан шүү дээ.  Харамсалтай нь засахгүй л байна.


-Өөр ямар гарц боломжууд байгаа гэж?


-Дээр ярьсан дээр нэмээд хэлэхэд гуравдугаарт, төлбөрийн тэнцлийн алдагдал хэт өндөр байна. 2015 онд хийгдэх ихээхэн хэмжээний гадаад төлбөрийг санхүүжүүлэх валют байгаа юу. Валют байхгүй бол гадаад төлбөрийн хугацааг сунгах, бүтцийг өөрчлөх арга хэмжээг яаралтай авах, мөнгөний болон ханшны бодлогодоо эрт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Харамсалтай нь зээл нэмж авах, өрийн босгоо нэмэх талаар л ярихаас бодлогын өөрчлөлт ярьж байгаа сайд, дарга нар алга. Өрөө нэмэх замаар асуудлыг шийдэхгүй, харин ч өр нэмэх тутам эдийн засгийн суурь үзүүлэлтүүд улам муудаж, хөрөнгө оруулалтын орчин улам л доройтно.  Дөрөвдүгээрт, мөнгө хэвлэж хэрэгжүүлдэг үнэ тогтворжуулах хөтөлбөрөө шууд зогсоох. Тавдугаарт, Хөгжлийн банк болон төсвийн хөрөнгө оруулалтыг танахдаа гадаад валютын эрэлтийг илүүтэйгээр бий болгодог хөрөнгө оруулалтаасаа эхлэх. Гадаад валют хомс үед ийм арга хэмжээ авах нь зайлшгүй. Харамсалтай нь хөрөнгө оруулалтыг механикаар, үзэмжээрээ хассан.  Зургаадугаарт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг эхлүүлэхгүйгээр эдийн засгийн хямралыг давах боломжгүй.  Харамсалтай нь Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчтайгаа та нартай муудалцана шүү гээд төсөвтөө 17 тэрбум төгрөг суулгачихсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар яаж Монголыг сонирхох юм  бэ.  Ийм л байна.   


-Ам.долларын ханш 1980 гарчихлаа. Хазаарлах арга хэмжээ авах боломж байна уу?


-Таны түрүүчийн асуултанд хариулахдаа би бодлогын алдаанууд засагдаагүй учир эдийн засгийн уналт, хямрал, валютын ханшны уналт үргэлжилсэн хэвээр байх болно гэж хариулсан даа. Бодлогын дээрх олон алдаануудаа цогцоор нь засаагүй тохиолдолд валютын ханш тогтворжихгүй.


-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна?


-Ч.Сайханбилэг ерөнхий сайдаар томилогдоод 80 орчим хоног болж байна.  Ямар ч гэсэн Монгол Улсыг хямралаас гаргачих хэмжээний лидер биш гэдгээ харуулчихлаа. Ерөнхий сайд болж байх үедээ, төсвийн тодотголыг өргөн барьж байх үедээ ярьж хэлж байсан зүйлээ нэгийг нь ч ажил хэрэг болгож чадсангүй. Уг нь хэлсэн ярьснаа ажил хэрэг болгодог байх хэрэгтэй, чадахгүй юм бол хэлээд хэрэггүй биз дээ.


-МАН Засгаас гарахаас өөр зам үлдсэнгүй гэдэг зүйлийг ярьж байна. Танай намынхан ч дотроо яриад байгаа сурагтай. Үнэн үү?


-Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа байх. Миний хувьд манай намын хувьд АН-тай гэрээ байгуулж, хамтарчихаад “Одоо болъё” гээд Засгаас гарна гэх нь одоохондоо буруу гэж бодож байна. Хамтарсан Засгийн газарт тодорхой цаг, боломж өгөх нь зөв. Гэхдээ хаврын чуулган эхлэхээр гэрээний биелэлт ямар байна, эдийн засагт ахиц дэвшил гарав уу, үгүй юу гэдгийг харж байгаад ярилцах нь зүйтэй гэж бодож байна.


-Өмнө нь та Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Энэ удаагийн Тавантолгойн хэлэлцээрийн үр дүн ямар байгаа бол. Хэдэн жилийн өмнө таны ахалсан ажлын хэсэг хамгийн боломжит хувилбарыг гаргасан хэмээн та ярьдаг. Томоохон ордууд хөдөлж эдийн засгийн эргэлтэд орох уу?


-Тавантолгойн хэлэлцээрийн үр дүн ямар байгааг мэдэхгүй байна.  Одоогоор УИХ-д албан ёсоор ямар нэгэн шийдвэрийн төсөл, танилцуулга орж ирээгүй байна.  Хүний хэлсэн, ярьсан, эсвэл цуу яриа, хов жив дээр үндэслэн ийм чухал асуудалд гоомой хандмааргүй байна. Албан ёсны бүрэн мэдээлэл авч байж энэ асуултанд хариулмаар байна. Тухайн үед миний хэлэлцээр хийж, Ерөнхий сайд М.Энхболдын УИХ-д өргөн барьсан Оюу толгойн гэрээг АН эсэргүүцээд батлуулаагүй, Таван толгойн гэрээг дараагийн Засгийн газар нь татан авсан юм.


-Ерөнхий сайд Японд айлчилж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Их хурал ч баталчихлаа. Уг түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд ямар боломжууд нээгдсэн бол?


-Та энэ  асуултыг айлчлал хийгээд ирсэн Ч.Сайханбилэгээс асуусан нь дээр байх. Тэр хүн л энэ талаараа хамгийн сайн ярих болов уу. Миний хувьд Монгол-Японы хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдэх сайхан боломж гэж харж байгаа. Олон жилийн турш олон Засгийн газрын хөдөлмөр шингэсэн ажил гэж бодож байна. Эерэг олон үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.


Э.ЭНХБОЛД

Ч.Хүрэлбаатар: Ч.Сайханбилэг Монгол Улсыг хямралаас гаргачих хэмжээний лидер биш гэдгээ харуулчихлаа