Аварга Б.Бат-Эрдэнийн 1996 онд буюу 17 жилийн өмнө сэтгүүлч Р.Даваажавт өгч байсан цензургүй, сонирхолтой ярилцлагыг архиваас сийрүүлэн хүргэж байна.

-Та ямар бизнес хийж байна вэ.Төмрийн  наймаа хийдэг, кон­тей­нерддэг гэх мэтээр цуурах юм?

-Бөхийнхөө байны шагналаар, төсвийн цалингаар амьдралаа аваад явна гэвэл бас жаахан түвэг­тэй байна л даа. Цаг үеэ дагаад, сайн нөхдийн дэмжлэгээр, ойр зуур наана цаана юманд туслаад оролцоод явж байгаа юм бий.

-Та тодорхой жишээ хэлнэ үү?

-Надад бие даагаад бизнес хийх өөрийн мэдлэг, мэргэжил гэж алга. Бас сонирхол алга. Амьдрахын тулд, орлогоо нэмэгдүүлэхийн тулд л… Миний сэтгэлд чинь үргэлж энэ бөхийн заал, бөхчүүл эргэлдэж байдаг учраас бие дааж наймаа хийнэ гэдэг бол хэцүү л дээ.

-За яахав ээ, аваргаа. Таныг яг ямар наймаанд хамсаад оролц­догийг тань уншигчид сонирхож л байгаа байх даа. Уг нь, ядаж ганц жишээ хэлчихвэл сайн сан. Би танаас тодорхой үг сонсох гээд л таныг  бачимдуулж байж магадгүй. Бололцоогүй бол та заавал ч хэлэх албагүй л дээ?

-Хамсаад, найдвартай газ­руудтай, жишээлбэл “Говь” ком­панитай хоёр гурван жил хийсэн юм бий л дээ. Тэднийд ноолуурыг нь бэлтгэж өгдөг. Бизнес гэдэг маань миний ойлгож байгаагаар хүн хүнийхээ итгэлийг даах, шу­дарга байж байж л явдаг юм байна. Хаа ч надад хүн итгэдэг тэр итгэлийг нь л алдчихгүй явах сан гэж боддог доо.

-Таньд эр хүний 13 мэхээ гар­гах шаардлага гарч байв уу?

-Тийм юм ер нь байгаагүй. Миний нэг бодол байдгийм, хүн өөрийнхөө бололцоог бүрэн дүүрэн ашиглах хэрэггүй юм аа гэж. Болохгүй юмыг заавал болгох гэж зүтгэхийн хэрэггүй юм.

-Бетховены “Сарны сонат”-ыг та…?

-Ямар билээ, чи нэг аяла даа.

-Дин дин дин.., заавал “Сарны сонат” ч биш л дээ.Жишээлбэл “Хэнтийн өндөр ууланд”-ыг   сон­соход. Монгол хүний сэт­гэлийн чавхдасыг хий­морь­той, тэнгэрлэг сай­хан бөх хөглөдөг учраас тэр “хөг­лүүрийн” сэтгэлийг хөгжим хэрхэн хөглөдөг тухай л со­нирхох гэсэн үүднээс би энэ асуултыг тавьж байгаа хэрэг л дээ?

-Ер нь сайхан хөгжим сонсоход сайхан л даа.

-Жишээлбэл…?

-Тэрнийг одоо мэдэж хэ­лэх юм алга даа.

-Та өөрийгөө элитарный кругт…?

-Орсоор ярих юм бол би ойлгохгүй шүү дээ. (инээмсэглэв.)

-Дээдсийн хүрээлэлд та өөрий­гөө оруулж үздэг үү л гэж асууж байгаа царай нь. Та намайг уучлаарай?

-Монгол Улсын Дархан аварга хүн тийм юманд хамаарагдах ёстой гэвэл хамаарагдах байх, түүнээс биш Бат-Эрдэнэ хамаарагдах ёстой юу гэвэл би үгүй л юм л даа.

 

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гур­ван  цагийн Бат-Эрдэнийн талаар таныг юм хэлээч гэвэл та юу гэхсэн бол?

 

-За ёстой би хэлж чадахгүй байна.

-Бөхчүүдийг их сек­суальный гэдэг?

-Би бол тэрнийг хэлж мэдэхгүй  байна. Сексуал­ный гэж юу гэсэн үг вэ. Сексдээ дуртай гэсэн үг үү, секс хийх юм бол хүчин чадал сайтай гэсэн үг үү.

 -Таны хэлдэг уулгамч үг ч гэдэг…?

 -Еэ… Гончигсүм минь.

  -Таны туйлын хүсэл мөрөөдөл?

-Төр амгалан бол түмэн олон амгалан гэхээр хүмүүс манж үг хэлж байна гэдэг  дээ. Уг нь бол төр төвшин бол бидний амьдрал ч мэдээж түвшин л байна шүү дээ. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг билүү.

-Таныг архи уудаггүй гэж сонссон юм байна. Тэгвэл өмнө нь ууж байсан уу. Ядаж амсдаг л биз дээ?

-Одоо ч гэсэн хэмжээндээ тохируулаад уудаг.

-Амьдралдаа хамгийн ихдээ хэдий хэмжээний мөн­гийг тоолж байв даа?

-Мөнгө тоолохдоо тааруу. Ихэвчлэн бусдаар л.

-Та намын гишүүн байсан уу, одоо намын гишүүн үү?

-Хувьсгалт  намын ги­шүүн байсан. Дөнгөж элсээд байж байтал ардчилал гараад больсон доо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН