Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани 2009 онд Монгол улсын засгийн газрыг ураны лиценз цуцалсантай холбогдуулан олон улсын Арбитрийн шүүхэд хандаад байсан.  Тэгвэл энэ хэргийг өчигдөр  Нидерландын  Хаагд байрлах  Арбитрын шүүхийн байранд хэлэлцсэн бөгөөд шүүх хурлыг Дэвид Э.Р. Виллиамс /Шинэ Зеланд/ даргалсан бол шүүх бүрэлдэхүүнд  Ийв Фортиер /Канад/,  Бернард  Ханотиау /Бельги/ нар багтсан юм. Улмаар  Монгол улсын Засгийн газар болон Мон Атом ХХК 100сая ам.доллар төлөхөөр болсон талаарх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байна.  

Тэгвэл асуудал дагуулаад  байгаа лицензийн талаар Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат “Дорнодын ураны орд газрын тусгай зөвшөөрлийг “Хан ресурс” компани эзэмшиж байгаагүй. Гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компани 237 А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Энэ компанийн 58 хувийг “Хан ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг оросууд эзэмшдэг. Тэгээд улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, “Хан ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Тэгээд ч “Хан ресурс” компани олон зөрчил дутагдал гаргаж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл байлаа. Тиймээс Арбитрийн шүүх дээр манай тал ялна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярьж байсан юм.  

Юутай ч Арбитрийн шүүхийн шийдвэрийг давж заалдах  боломжгүй байдаг. Тиймээс  Монгол улсын Засгийн газар болон Мон Атом ХХК  “Хан ресорус” компанид  100 сая ам. Доллар төлөхөөр болжээ.  

А.Баярмаа