"Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” тоглолт болно
2015/03/04
4-р амаржих газрыг барих барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсоод байгаа. Тэгвэл энэ барилгын ажлыг түргэтгэхэд хандив цуглуулах зорилгоор 2-р амаржих газрын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Тоглолтод Монгол рок, попын төлөөлөл болсон хамтлаг дуучид оролцох бөгөөд тоглолт 2015-03-27-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд болно. Тоглолтын болон аяны дэлгэрэнгүй мэдээллийг 9974-8016 болон 9925-2540 дугаараас тодруулах боломжтой.
Тэрбээр хөрөнгө оруулалт байхгүй нь улмаас зогсоод буй 4-р амаржих газрын барилгыг барьж ашиглалтад оруулахаар шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Тухайлбал
· Хандивын тоглолт зохион байгуулах
· Хандивын хайрцаг ажиллуулах
· Үүрэн холбооны операторуудтай хамтарч ажиллах
· Байгууллага, нэгж бүрээс дэмжлэг авахаар төлөвлөөд байгаа юм.
Дашрамд дурдахад, 4-р амаржих газар нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 2.4 га газарт 300 ортой байхаар төлөвлөгдөн баригдаж байгаа. Уг барилгын ажил одоогийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тодруулбал, "А" блокийн ажил 90 хувьтай, харин "Б" блок 60 хувьтай. Уг төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг “Дарханстрой” ХХК, “Марсконстракшн” ХХК, барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пумаконстракшн” ХХК гүйцэтгэх юм. Шинээр барьж буй Нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилга нь үндсэн таван блоктой байх юм. "А" блок нь техникийн болон зоорийн давхартай нийт найман давхар байх аж. Б, М, Г блокууд долоон давхар, Д блок нь хоёр давхар, Е блок нь нэг давхар байхаар барилгын зураг төсөлд тусгажээ.