ШӨХТГ-т  үүрэн холбооны оператор компаниудтай холбоотой санал гомдол ихээр ирдэг байна. Тэдгээр санал гомдлын дийлэнх нь “Мобиком” корпорацитай холбоотой байдаг бөгөөд хэрэглэгч хохирсон тохиолдол цөөнгүй байдаг. Энэ бүхэн нь тус компани хэрэглэгчдэд  мэдээлэл өгөөгүйтэй шууд холбоотой байдаг. 

Тухайлбал  “Мобиком”-ын хэрэглэгч гадаадад явахдаа  олон улсын роуминг үйлчилгээг авсан тохиолдолд хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч  300 000-10 000 000 төгрөгийн  төлбөр гардаг байна.  Хэрвээ гарсан төлбөрийг нь төлөхгүй бол  ажил амьдралаа зохицуулж байгаа утсыг нь хаана хэмээн Мобикомоос “сүрдүүлдэг”.   Яг ийм жишээгээр олон хүн хохирсон бөгөөд ШӨХТГ-т хандсан байдаг. Тухайн үйлчилгээг авсан тохиолдолд хэрэглэгч  хэрэглээ болон  тооцоогоо хянах боломжгүй байдаг. Мөн  хэрэглээ нь  300 000 төгрөг болсон  тохиолдолд мессежээр мэдээ ирүүлдэг  байна. Тодруулбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг. Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас энэхүү байдал үүсч байгаа.  Уг нь Иргэний хуулиар бол үйлчилгээ үзүүлж байгаа л бол мэдээллийг хангалттай өгөх ёстой байдаг. Гэтэл мэдээллийг хангалттай өгөөгүйн улмаас  ийнхүү  иргэдийг хохироосоор байгаа юм.

Харин энэ үйлдэлдээ  Мобикомын зүгээс хэрэглэгч мэдээлэлгүй болоод  ийм асуудал гарлаа хэмээн тайлбарладаг. Тэгвэл хэрэглэчид зааж  зөвлөж, үйлчилгээнийхээ давуу болон сул талыг Мобиком тайлбарлах хууль эрх зүйн зохицуулалттай.  

Энэхүү ойлгомжгүй байдалд  ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж,  зөрчлийг арилгахыг “Мобиком корпораци” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгосон гэж байгаа.  
Харин “Мобиком” үгүй гэж гүрийж, хэрэглэгчийг мэдээлэлгүй хэмээн буруутгасаар байгаа...

ШӨХТГ-ыг үл тоомсорлодог энэ компанид хариуцлага тооцох  Төрийн өөр байгууллага байгаа бол ажлаа хийхийг  хохирсон иргэд хүсч байгааг уламжилж байна.  

А.Баярмаа