АН бол зүгээр л малгай
2015/03/08
Ардчилал 25, Ардчилсан нам 15 настай. Гэхдээ АН нь ардчиллыг өмчилдөг. Учир нь ардчиллыг Монголд авчрагсад АН-д харьяалагддаг юм.
Харин АН-д ардчилал бий юу, АН нэгэн цул нам байж чадсан уу гэх эргэлзээтэй асуултууд сүүлийн үед ихээр тавигдах болов.
АН-ын түүх уг нь их товчхон. Ардчиллаас хойшхи сонгууль бүрийн дараа өөрсдийн “реформ”-ыг хийж явсаар өнөөгийн АН бий болсон түүхтэй. 1992 онд МАХН 56.9 хувийн саналаар ялсан, МоАН-МҮДН-НН-ын эвсэл 17.5 хувийн санал авсан. 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл 47 хувийн саналаар МАХН-ыг ялсан. 2000 онд МАХН 51.6 хувиар “Ардчилсан холбоо” эвслийг ялсан.
2000 оны үнэмлэхүй ялагдлын дараа МҮАН, МСДН нийлж Ардчилсан намыг байгуулсан. Тухайн үед энэ хоёр намд ардчиллыг өмчлөгчид цугласан байв.
Гэвч тэд АН-ыг байгуулаад ч сонгуульд гайхамшигтай ялалт байгуулж чадалгүй байсаар өнөөг хүрсэн. Тэд ялагдлын шалтгаанаа тухайн үеийн МАХН-тай л холбож тайлбарласаар ирэв. 1996 онд засгийн эрхийг аваад байхад нь МАХН зохион байгуулаад Засгийн газрыг нь гурав, дөрөв унагачихсан гэх. 2000 оны сонгуульд бас л МАХН тэднийг юу ч үгүй ялагдахад хүргэсэн гэдэг. Намынхаа түүхийг бичдэг, олон нийтэд эерэг ойлголт төрүүлэх ажлын чиг үүрэгтэй нэрт нийтлэлчдээрээ дамжуулан ийм PR-ыг янзтай хийнэ.
Гэхдээ энэ хэр зэрэг үнэний ортой вэ. Бүхэл бүтэн намыг өрсөлдөгч нь мэддэг. Хувь заяаг нь шийдчихдэг. Дотор нь ороод л тоглочихдог гэсэн утгатай юмыг АН-ынхан ярьсаар ирсэн. Одоо ч ярьсаар л байна.
2012 оны сонгуулиар АН арай олон суудал авлаа. УИХ-ын даргыг “томилох”, Засгийн газрыг байгуулах эрх АН-д олгогдсон хэрэг. Тэд ч эрхээ эдэллээ.
Хоёр жил гаруй ажилласан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд огцруулав. Түүний оронд ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Сайханбилэгийг томиллоо. Томоор нь харвал Монгол Улсын хүндэрсэн эдийн засагтай холбоотойгоор АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцож байна гэмээр.
Гэвч энэ халаа сэлгээний цаад улс төр нь шал өөр зорилготой байсан нь өдөр ирэх тутам тодорхой болж байх шиг. Энэ нь АН доторх фракцуудын тэмцэл зөрчил гэсэн үг л дээ. Чухамдаа АН-ын дотоод зодоон л дараалсан ялагдлууд, өнөөг хүртэл нам болж төлөвшөөгүйн шалтгаан болж байсан.
Энэ намыг дотроо хэдэн фракцтай вэ гэдгийг тоолох хэцүү. Яг одоо ч ямар нэг фракц мэндэлж байж болзошгүй.
АН-д Алтангадас, МоАХ, МҮДН, Шонхор, Нэг ардчилал... зэрэг бодлого тодорхойлогчдын бүлгүүд бий.
Ерөөс Н.Алтанхуягийг унагаж, дараагийн хүмүүсийг томилсон асуудал дээрх фракцуудын зодоонтой л холбоотой. МАН-ын өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг АН-аас Шонхор фракц хийгээд ганц нэг дэл сул гишүүн дэмжсэнээр Н.Алтанхуягийн танхим огцорсон. Удтал бугшсан зөрчил тэсэрсэн нь энэ гэх тайлбарууд ч явах юм билээ.
Н.Алтанхуяг бол Алтангадас фракцын лидер. Ер нь Алтангадас фракцыг АН-ын уураг тархи нь байсаар ирсэн гэвэл болно. АН-ыг байгуулаад анхны даргаар нь Алтангадасын Д.Дорлигжав ажиллаж байв. 2004 онд МҮАН фракцын М.Энхсайхан, дараа нь Алтангадасаас Р.Гончигдорж, тэгээд МҮАН фракцаас Ц.Элбэгдорж намын дарга болж байсан. 2008 оны сонгуулийн дараа Алтангадасын Н.Алтанхуягт намын тамга шилжиж байв. Н.Алтанхуяг намын даргаар зургаан жил ажиллаад өгсөн нь энэ. “Өнгөрсөн зургаан жилд АН-аас нэр дэвшигч хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонх болон засаглаж байна...”. Энэ бол Н.Алтанхуягийн намын даргын ажлаа өгөхдөө Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүддээ хандаж хэлсэн үг. Ингээд харахаар АН-ыг Алтангадас нь л удирдсаар иржээ. Харин одоо энэ фракц задарч эхэллээ гэвэл буруудахааргүй нөхцөл үүссэнийг олон нийт харж байна. Алтангадасын гол боловсон хүчнүүд болох Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хэдийнэ Алтангадас байхаа больсон. Шинээр Чандмань хэмээх фракц байгуулж байгаа тухай мэдээ бий. Дээрээс нь олон жил намын толгойд байж, дээр дооргүй хөл гараа жийсэн Н.Алтанхуягийг, Алтангадасыг ганхуулах гэж АН-ын фракц, бүлгүүд нийлэн тэмцэж байгаа нь тодорхой болов. Одоогийн АН-ын бүтэц буюу Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд Алтангадас хөлтэй. Гэвч удахгүй энэ хөлийг “тасалж” магадгүй. Учир нь Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын суудал, дараа нь намын даргын сэнтийг нь салгасны дараа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг солих ажил энэ нам даяар өрнөсөн.
Өнөөдөр АН-ыг Шонхор фракцын З.Энхболд удирдаж байгаа. Засгаа МАН-тай хамтраад байгуулчихсан. Гэвч ирэх дөрөвдүгээр сард МАН засгаас гарч, шийдлийн Засгийн газар унана гэсэн бор шувуу хаанаас ч юм ниссээр удав. 2012 оны сонгуулийн өмнөхөн Н.Алтанхуяг өөрөө Шадар сайдаар нь ажиллаж байгаад Сү.Батболдын Засгийн газрыг хаяад нүүж байсан. Магадгүй тэр шийдэл АН-ыг УИХ-д олуулаа болж орж ирэх үүдийг нээсэн биз.
Яг үнэндээ МАН засгаас гарах эсэх нь АН-ынханд өнөөдөр сонин биш. Тэр талаар бодох сөхөө ч бага байгаа бололтой. Яагаад гэвэл АН-д Н.Алтанхуяг хийгээд АН-ын шинэ дарга нарын хоорондын тэмцэл ид өрнөж байна. Н.Алтанхуягийн хэвлэлээр өгсөн хатуу үгтэй ярилцлага, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаад хэлсэн ширүүн үг зэрэг... Мөн саяхнаас эхлээд байгаа Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэх гэж байна, үүсгэлээ гэх хаа нэгтээгээс нисгэсэн бор шувуу. “Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг хорьсон. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг шалгах гэж байгаа тухай мэдээлэл... Энэ мэт АН доторх засаглалын хямрал хэтэрч, түүнийгээ барьж дийлэхээ болиод байгаа. Намын даргын тэргүүлдэг Шонхор фракц ийнхүү МАН-тай эв нэгдлийн гэрээ байгуулаад байгаа бол экс намын даргыг дагасан Алтангадасынхан төрөөс, намаас шахагдаж байна гэвэл болно. МоАХ фракцын хувьд бас л нам болоод төрд эзлэх нөлөө байр суурь нь багасаад байгаа. Шонхор фракцтай хамгийн ойр нь МҮДН-ийнхэн. Тэднийхээс УИХ дахь намын бүлгийн дарга, сайд нар байгаа. Мөн Ардчилсан хүчний холбоо гэж АН дотор дахиад нэг нам болчихсон том “байгууллага” бий. Энэ холбоог намын дарга З.Энхболд удирддаг.
АН-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийн сонгууль гэж он дамжсан асуудал бий. Хэдийгээр сонгууль дууслаа гэж зарлаж байгаа ч намын анхан шатны хэрүүл уруул улам гаарах шинжтэй. Одоогоор Дархан-Уул, Дорнод аймаг, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн намын хороодод ийм хэрүүлтэй байна. Дээрээ суудлаа олохгүй бол... гэдэг үгийг олон тулхтай хүн жишээ болгон хэлэх юм билээ.
АН-ын дотоод тэмцлийн өнгөцхөн байдал энэ. АН засгийг бужигнуулсан. Түүнээс үүдэлтэй томилгоо, халаа сэлгээ дуусаагүй л байна. Бас нам доторх бужигнаан ч гэсэн. Ерөөс АН-ынхан хэзээ ч нэг нам байгаагүй гэхэд болно. Анх жагсахдаа, түүний дараахнаас нийлж нэгдсэн бүлэг фракцаараа өнөөг хүртэл талцсаар ирэв. Хамгийн харамсалтай нь тэд энэ байдлаа ардчилал хэмээн нэрийддэг. Ардчиллын утга учир нь хэсэг бүлгээрээ нийлэн хөрөнгө завших, эсвэл зөвхөн ашиг орлого, эрх мэдэл бүхий албан тушаалын хуваарилалтад оролцох зорилгоор фракцлахыг хэлдэггүй.
Сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдсэн байна. Тэд дахиад л АН хэмээх олон жижиг “нам”-ын нэгдлээрээ малгай хийгээд ороод ирнэ. Санал авна гэж үзнэ. Ялчихвал дахиад л Шонхор нь уу, Алтангадас нь уу, аль эсвэл МоАХ уу гээд “алалцаад” эхэлнэ дээ.
Б.Дамдин-Очир
1958.mn · 2015/03/13
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/03/13
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/03/13
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/03/12
http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 dolar ugnu
Зочин · 2015/03/12
http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do****
Г.Батнасан · 2015/03/09
Эвсдэг ч байна уу? задардаг ч байна уу? тэдний ялах ч лөөлөө болоо байлгүй. Харин МАНАН-гийн ба**********р эх оронгүй л бүү болчихоосой.