ШӨХТГ-тай шүүхдэж ялагдсан арилжааны банкууд зээлийн шимтгэл, хураамж авахаа зогсоох уу
Арилжааны банкууд зээлийн шимтгэл болон хураамж авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  мэдэгдсэн. Учир нь зээл  авахад 0.25-1 хувийн, дээрээс нь 1000-40000 төгрөгийн шимтгэл хураамж авдаг гэсэн гомдол иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн байдаг аж. Банкууд энэ зөрчлөө үйл ажиллагааны зардал гэж тайлбарласан. Иргэдийн гомдлоор шалгалт хийгээд ШӨХТГ-аас ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дараах зөрчлийг илрүүлэн тогтоосон байдаг. 

Үүнд: 
1.  Банкнуудын зээл олгоход авдаг шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг тус тусын өөр зардал гэх ойлголтыг төрүүлсэн мэдээллийг өгч байгаа нь өөрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн гэх хууль бус үйлдэл болсон. 

2.  Түүнчлэн дээрх байдлаар банкнууд нь зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байгаа нь бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэл болсон. 

3.Зээлийн шимтгэлийг зээл олгох үйл ажилгаатай холбогдуулан гарч буй урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бодит зардалд нийцэхээргүй буюу өндөр тогтоогдсон бөгөөд гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх хууль бус үйл ажиллагаа болсон гэж үзсэн.    

Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Капитрон” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк, “Ариг” банк, “ХААН” банк, “Капитал” банк, “Чингис хаан” банк, “Улаанбаатар хотын банк”, “Хас” банк зэрэг есөн  банк эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. 

Ийнхүү шүүх хурал хэдэнтээ хойшилсны дараа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар “Хас” банкнаас гаргасан нэхэмжлэлийг буюу дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд банкуудад мэдээлэл гарган ирүүлэхийг үүрэг болгосон улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн. 

Харин “Капитрон” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт банк”, “Ариг” банк, “ХААН” банк, “Чингис хаан” банк, “Улаанбаатар хотын банк”, “Хас” банкууд анхан шатны шүүхийн шийдвэрийн хоёр дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан. ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 11-нд  өдөр хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр банкууд хууль зөрчиж зээлийн шимтгэл, хураамж авдаг байсан гэсэн үг юм. Тэгэхээр өнгөрсөн онд арилжааны банкуудад хүргүүлж байсан албан шаардлагыг биелүүлж зээлийн шимтгэл хураамжаа болих эсэхийг харах л үлдлээ. 

 


П.ЭРДЭНЭ