-Зөвхөн хүүгээр нь төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэг хэдэн арвыг барихад хангалттай хүрнэ-

Монголчууд хүрз шороо хөдөлгөж амжаагүй шахам байтал бондын эхний хагас жилийн хүүний төлбөр төлөх хугацаа болчихож. Тодруулбал, 2013 оны зургаадугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.доллар төлөх учиртай. Ядруухан эдийн засагтай манай улсад энэ бол их мөнгө. Харамсалтай нь, эрх баригчид эдийн засагчдын анхааруулгыг тоосонгүй.

Бид энэ мөнгөөр өнгөрсөн хугацаанд юу эсийг хийж бүтээж болох байв. Зөвхөн энэ мөнгөний эргэн тойронд жижигхэн гаргалгаа хийгээд үзье.

Яармагийн дэнжид баригдах ёстой Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил ёстой л үлгэр домог шиг юм болж, өдгөө бараг мартагдаж. Уг нь энэ барилгын ажилд нийт 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 2010 онд 2.6 тэрбум, 2011 онд 9.181 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн аж. Тэгвэл үлдэгдэл 7.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхэд л орчин үеийн шинэ төрх үүд хаалгаа нээх байлаа.

Төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон гэдгийг салбарынхан хэлж, дээр, доргүй тодотгодог ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үнэндээ л алга. Тийм атал гурав дахь хүүхдээ төрүүлсэн ээжийг урамшуулна, цалин өгнө гэх мессежийг сонгуулийн сурталчилгааны хажуугаар хийсгэх боллоо. Төрөх эмнэлгийн ачаалал, ор дэрний хүрэлцээгүйгээс болж сэтгэл сэртхийлгэсэн аймшигт хэргүүд гарах болсныг цагдаагийн байгууллагынхан хүртэл нулимс дуслуулах шахам ярих нь бий. Нэг орон дээр хоёр эх, нярайнуудынхаа хамт байснаас болж эх нь хүүгээ хөхөөрөө дарж амийг нь бүрэлгэсэн хэрэг ч саяхан гарсан юм даг.

Монгол Улсын хүн амыг олон болох нь сайхан мэдээ. Гол нь төрөх эмнэлэг дутагдалтай, ачааллаа дийлэхгүй байгааг тодотгох нь зүйтэй. Ганц дээрх эмнэлэг ч бус нийслэлийн II, III төрөх эмнэлгийн өргөтгөлийн ажил мөн л сураг алдраад удаж байна.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших III төрөх эмнэлгийн өргөтгөлийн шавыг 2011 оны тавдугаар сард тавьсан. Суурь нь тавигдсанаас хойш ганц тоосго ч тавиагүй гэхэд хилсдэхгүй. Барилгын ажлыг дуусгахад 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт л шаардлагатай гэдэг. 45-хан ортой тус төрөх эмнэлгээр өдөрт дунджаар 1000 иргэн үйлчлүүлдэг гэх. Ингээд бодохоор хүүнд төлж байгаа дээрх 35.85 сая ам.доллараас 18 орчим тэрбум төгрөгийг л зарцуулахад орчин үеийн төрөх эмнэлгүүдтэй болох боломж хангалттай харагдаж байна.

Тэгвэл үлдэгдэл мөнгөөр нь юу хийж болох уу. 40 гаруй цэцэрлэг, сургуулийг барьж ашиглалтад оруулахын тулд 80 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг. Тэгэхээр нэг сургууль эсвэл цэцэрлэгийг барихад дунджаар хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн үг. Тэгвэл хүүнд төлөх учиртай 35.85 сая ам.долларыг төгрөг рүү шилүүлбэл 46.5 тэрбум болно. Үүнээс төрөх эмнэлгүүдийн өргөтгөл, барилгын ажилд 18 тэрбумыг нь зарцуулсан гэвэл 28.5 тэрбум төгрөг үлдэнэ. Энэ мөнгөөр 10 гаруй сургууль, цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулахад хангалттай хүрэлцэнэ.

Ирэх намар алтан гахай жилтнүүд сургуульд элсэн суралцах болсонтой холбоотой толгой өвтгөсөн энэ асуудлыг ингээд шийдвэрлэчихэж болох нь. Ганцхан хүүнд төлөх энэ мөнгөөр ийм их зүйлийг бүтээж, олон асуудлыг шийдвэрлэж болох байж. Харамсалтай нь, зүгээр л гадагш нь урсгаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудаас хүүхдийн цэцэрлэг, стадион хоёрын аль нь чухал вэ гэсэн асуулт тавьж байсан даа. Учир нь Үндэсний их баяр наадмаар ганц удаа хэрэглэх задгай цэнгэлдэх хүрээлэн бариад хэдийн эхэлсэн аж. Аймгийн төвд 800 хүний суудалтай стадион байсаар байхад бусдыг даган дууриаж 3000 хүний суудалтай стадион барих нь нэн тэргүүний асуудал биш. Нөгөөтэйгүүр энэ нь зураг төсөл, төсөв нь огт хийгдээгүй хэрнээ улсын төсвөөс эхний санхжүүжилт болох 1.3 сая төгрөг авч сууриа цутгасан байв.

Энэ ажлыг дуусгахад дахин гурван тэрбум төгрөгийг улсын төсвөөс гарах шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүнд ярьж байсан юм. Хариуд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хайран мөнгө. Ийм мөнгөөр хүүхдийн таван цэцэрлэг барина. Танай аймагт цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байна уу” гэж аймгийн Засаг дарга Э.Цасчихэрээс ам асууж билээ. Одоо энэ асуултыг Н.Алтанхуягт тавьмаар байна. Хүүнд төлж байгаа тэр мөнгө хайран санагдахгүй байна уу, сайд аа.

Танд бага байж болох ч монголчуудад их мөнгө. Тэр мөнгөөр ямар их ажил амжуулж болох байсныг хэдхэн жишээгээр тайлбарлах гэж үзлээ. Зөвхөн нэг хоногийн хүүнд зарцуулж байгаа тэр мөнгөөр цэцэрлэг барихад хүрэлцэх гэнэ, Н.Алтанхуяг сайд аа.

Сайн хүний нэрийг гурав худалдана гэдэг шиг эзэн хааны нэр сүр энэ бондын нэр нүүрийг дэлхий нийтэд тахалсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Цан цохихын хэрээр тоолуур эргэж, мөнгө урсч буй. Бондын хөрөнгөөр босгосон мөнгөндөө жил бүр 4.1-5.1 хувийн хүү төлнө. Энэ нь ойролцоогоор 71.8 сая ам.доллар. Үүнийг жилийн 365 хоногтоо хуваахаар Монгол Улс өдөр бүр 196.917 ам.доллар буюу ойролцоогоор 277.8 сая орчим төгрөгийн хүү төлөхөөр байгааг сөрөг хүчнийхэн тооцож гаргасан байдаг. Хэр их мөнгө болохыг нь тодотговол ийм хэмжээний хөрөнгө бүхэл бүтэн цэцэрлэг барихад элбэг хүрэлцэх юм гэсэн, сайд аа.

Хожим төлөх хүүгээ нийт дүнгээр нь авч үзвэл бондоор босгосон мөнгөндөө 1.0 тэрбум ам.доллар төлнө. Үүнийг монгол төгрөг рүү шилжүүлж тооцвол өнөөгийн ханшаар 1.4 их наяд төгрөг буюу улсын төсвийн долооны нэгтэй тэнцэнэ. Энэ мэтийг нь бодохоор олз гэхээсээ илүүтэй гарз тал нь давамгайлсан гэж хэлж болохуйц.

Зөвхөн хүүнд зарцуулах 1.4 их наяд төгрөгөөр 1000 гаруй барилга барьж болохыг ч гишүүд онцолж байсан удаатай. Ганц зоосыг ч гэсэн сэгсэрч байвал үрждэг гэсэн үг бий. Харамсалтай нь, энэхүү онол өнөөгийн Засгийн газарт хэрэгждэггүй. Ядаж л олж ирснийгээ олж биш гарз болгохоо боливол дээргүй юу.

Эдийн засагчдын хэлж байгаагаар төмөр зам, дэд бүтэц, энэ тэр гэхчлэн хэзээ “мөнгө үйлдвэрлэх” нь тодорхойгүй дүлий төслүүдийг эхэлж санхүүжүүлж байгаад шүүмжлэлтэй хандах нь бий. Үүний оронд зардлаа түргэн нөхөх, экспортын баримжаатай үйлдвэрийн төслүүдэд эхэлж мөнгө хаях хэрэгтэй гэсэн санаа цухалздаг юм билээ. Үнэн үг. Үгүй дээ л өрхийн үйлдвэрлэлээ дэмжиж, жинхэнэ хэрэгтэй, хэрэгцээтэй хүмүүст нь зээлүүл дээ.

Сүхбаатар дүүргийн XIV хорооны Хандгайтад оршин нэгэн айл банк бус санхүүгийн байгууллагаас 15 сая төгрөгийн зээлийг сарын гурван хувийн хүүтэй зээлж аваад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Мөн цөөнгүй хүнийг ажлын байраар хангаж байна. Өрх бүр үйлдвэрлэгч байх нь улс орны хөгжлийн үндэс нь гэдэггүй билүү, сайд аа.

Ажилтай, орлоготой хүн улс орны амин сүнс нь гэдэг атлаа энэ зэргийн тооцоо судалгаатай, бодлого, хөтөлбөр боловсруулах шаардлагатай юм биш үү. Энэ сард төлөх 35.85 сая төгрөгийг хаанаас гаргах гэж байна. Татвар төлөгчдийн халаасыг мянга сэгсрээд энэ их хэмжээний мөнгө гарах нь юу л бол. Бондын үлдэгдлээсээ төлж барагдуулах уу.

Д.Дорж