Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа. Тэрээр тамирчин байхдаа ОХУ, Грект болдог уламжлалт тэмцээнүүдийн алт, хүрэл, Ази тивийн мөнгөн медаль хүртэж Монголын бүх ард түмний спартикиадын аварга гээд олон амжилт гаргаж байсан юм. Ах дүүсээрээ их спортод зүтгэж түүгээрээ амжилт олж яваа энэ эрхэм бөхийн спортын буян, ач гавьяаг бахдаад ч барамгүй хэмээж  байлаа.  

-Та яагаад заавал эмэгтэйчүүдийн багийг сонгож авах болсон юм бэ. Магадгүй эндээс ирээдүй байна гэж үзсэн хэрэг үү?

-Миний хувьд тамирчны карьераа дуусгаад ОУХМ Б.Батзоригтой гэрээт дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэтэл 2008 оны олимпийн дараа Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагын зүгээс  залуучуудын эмэгтэй шигшээ багийг хариуцаж ажиллаач гэж санал тавьсан. Тэр үед залуучуудын шигшээ багт улсын шигшээ багийг барьдаггүй байсан юм л даа. Тиймээс холбооны  залуучуудын шигшээ баг шинээр байгуулагдаж  түүний  дасгалжуулагчаар ажиллаач гэж итгэл хүлээлгэж байхад надад татгалзах эрх байгаагүй. Нөгөө талаар  би бөхөөр хүмүүжсэн, бөхийн орчинд өссөн учраас дуртай хүлээж авсан. Тухайн үед одоогийн манай өндөр амжилт гаргаад байгаа тамирчид дөнгөж залуучуудын ангилалд багтаж байсан. Мэдээж эндээс ирээдүй харагдах нь тодорхой. Манайд эмэгтэй чөлөөт бөх үүсч хөгжөөд 16 жил болж байгаа. Харин би эмэгтэй баг дээр ирээд долоон  жил ажиллаж байна. Тэгээд баг  тамирчидтайгаа нэлээд ажилласны дараа эмэгтэй тамирчид яагаад амжилт гаргах үндэслэлтэй байдаг юм гэдгийг ойлгосон. Учир нь эмэгтэйчүүд хамгийн тэвчээртэй, сэтгэлийн хаттай хийж байгаа үйлдэл, багш дасгалжуулагчидтайгаа харьцаж байгаа харилцаа энэ бүгдэд маш үнэнч байдаг. Эдгээр  шинж чанаруудыг нь хараад манай тамирчид өндөр амжилт гаргах нь тодорхой юм байна гэдгийг мэдэрсэн. Харин миний зүгээс одоо тамирчдаа энэ амжилтанд хүргэхийн тулд яах ёстой юм, юу хийж чадах юм гэдэг талаар өөрийгөө бэлтгэх шаардлагатай байна.

-Манай эмэгтэй шигшээ баг жигд амжилт гаргасаар байгаа. Мэдээж хүний хүсэл хязгааргүй болохоор цаашид үүнээс ч илүү зорилго тавьж бааз сууриа бэлтгэж байгаа даа?

-Тэгэлгүй яахав. Манай эмэгтэй тамирчид бааз олонтой биш цөөхүүлээ. Шигшээ багт гэхэд 13 тамирчин байдаг. Нийт ДАШТ-ний цугларалтанд  30 гаруй тамирчид хамрагдаж байна. Тийм учраас бид залуучууд, өсвөр үеэ хамтад нь татаад эндээсээ дараа дараагийнхаа тамирчдыг мөн орлуулах гэж байгаа гэдэгтэйгээ адилхан 2016 он, 2020 он түүнээс цааш залгамж халаагаа яаж бэлдэх юм одоо байгаа тамирчдаа яаж өндөр түвшинд хүргэх юм гэдэг  ажлуудаа хийгээд явж байна. Цэрэнчимэд 19 настай,Батцэцэг 20 настай аварга болж байгаа явдал эмэгтэй чөлөөт бөх хүчтэй цаашид үсрэнгүй хөгжихөд маш том түлхэц болж байгаа. Одоо маш олон хүүхэд бэлтгэл сургуулилтанд хамрагдана, түр орхиод явсан хүүхдүүд  нь буцаж ирнэ, бас  барилдахаа больдог юмуу даа гэж шантарч байсан нэг хэсэг нь  өөрсдийгөө дайчилж эхэлнэ. Энэ бол МУГТ О.Бурмаагийн жишээнээс харагдаж байгаа. Одоо тэрээр 33 настай. 2016 оны олимпод алтан медаль авна гэсэн зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр хэнд ямар ч нөөц бололцоо бий гэдэг нь  олон хүнд харагдаж байгаа биз. Тухайлбал 19 настай охин Дэлхийн аварга болно гэдэг хүн өөрийгөө залуу бага, байна гэж голж болохгүй. Хийх ёстой юмаа цаг хугацаанд нь дээд зэргээр хийж чадах юм бол өндөр амжилтанд хүрч болдгийн тод жишээг харуулж байсан.

-Одоо олон улсын чанартай томоохон  тэмцээнүүдэд МУГТ С.Батцэцэг, С.Цэрэнчимэд хоёр л ээлжлээд яваад байх уу, эсвэл?

-С.Цэрэнчимэд 64 кг, С.Батцэцэг гавьяат 66 кг-д барилддаг. Цэрэнчимэд товир биетэй ур чадвар өсөхийнхөө хэрээр жин нь өсөөд явах юм бол энэ хоёр тамирчин нэг жиндээ л өрсөлдөнө. Хэрэв энэ хоёр тамирчин олимпийн жинд өрсөлдвөл Цэрэнчимэд 58 кг-д өрсөлдөхийг үгүйсгэхгүй, 63кг-д ч барилдаж магадгүй. Энэ асуудлыг хүчээр шийдэж болохгүй. Өөрөөр хэлбэл хэн сайн илүү амжилт гаргана уу тэр хүн л олимпод оролцоно гэсэн үг. Бидний хувьд хэн нь ч явсан баараггүй гээд сууж байх сайхан байна шүү дээ.

-Та тамирчин охидынхоо багш нь, аав нь магадгүй найз нөхөд нь байж чаддаг. Ингэж бат нөхөрлөлийг бий болгохын зэрэгцээ  багаа сайн зохион байгуулж яваа нь тамирчдын амжилтанд нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна?

-Спортын амжилт гэдэг эв нэгдэл, багийн дотоод уур амьсгал, нэг нэгийгээ хайрлах, хүндлэх хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тиймээс би  шавь нартаа гурван багш тань та нарын дээвэр, хэнээс ч юунаас ч хамгаална, тэгэхээр та нар бид гурвын дор байгаа нэг айлын хүүхдүүд гэж хэлдэг. Хамгийн гол нь тэднийгээ  нэг айлын хүүхэд шиг нэг сэтгэдэг, нэг зүйлд яг адилхан дүгнэлт гаргадаг байгаасай гэж хүсдэг. Бид зөвхөн барилдаад байх биш, төрсөн өдөр, тамирчдынхаа зовлон жаргал бүгдэд нь хамт явдаг. Мөн янз бүрийн сургалтуудад суулгаж, өөрсдийнх нь дундаас нэгээр нь хичээл заалгаж байна. Энэ нь тамирчдыг улам дотносуулж ойртуулж өгдөг юм. Бид өнгөрсөн нэгдүгээр  сараас “Чөлөөт бөхийн охидын академи” байгуулаад тэндээ тамирчдаа өдрийн гурван хоолтойгоор байрлуулж байгаа. Тэгээд 5 дахь өдөр, хагас сайны өглөөний бэлтгэлээ хийгээд гэртээ хариад бүтэн сайн өдрийн оройн хоолны дараа цуглардаг. Нэг дэх өдрийн өглөөнөөс буцаад үндсэн бэлтгэлдээ ороод явдаг. Тэгэхээр бидний гаргаж байгаа амжилт багийн зохион байгуулалттай холбоотой гэж ойлгож байгаа.

-Таны ах МУГТ Б.Болд гээд та бүхэн чөлөөт бөхөд нэгэн сэтгэлээр зүтгэж байгаа. Мэдээж ах дүүгийн дунд чөлөөт бөхийн  өнөө ба ирээдүйн  амжилтын талаархи халуун яриа өрнөж танд Болд гавьяат сургаал зөвлөгөө ч хайрладаг байлгүй дээ?

-Би ухаан орсон цагаасаа бөхийн орчинд өссөн. Бөх биднийг хүмүүжүүллээ, хүн болголоо, өнөөдөр бөхийнхөө үйл хэрэгт зүтгээд явж байна. Би бөхөөс өөр зүйл хийж чадахгүй. Чөлөөт бөх миний амьдрал. Энэ  ажлыг хийсэн шиг хийе, хэрэв хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөх ийм л чадвартай байх ёстой. Би бөхийн буянаар сайхан амьдарч байна. Гэвч  сүүлийн үед  гэр бүлээс маань та гэр бүлдээ цаг гаргахгүй юмуу гэсэн гомдол ирдэг болоод байгаа. /Инээв/ Арга ч  үгүй биз дээ. Өдөр шөнөгүй хэдэн тамирчдаа дагаад гадаад дотоод, хөдөө явж байгаа юм чинь. Энэ хэмжээгээр бид бие биенээ сайн ойлгодог. Хатуудаа хатуу зөөлөн зөөлөндөө зөөлөн хандаж байна. Тэгэхгүй бол бүтэн баг дотор олон ааш араншинтай өөр өөр үзэл бодолтой хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас энэ олон хүний арга эвийг нь олохын тулд заримдаа буулт хийнэ, заримдаа хатуурхана, заримдаа дүлий юм шиг явна.

-Ингэхэд таныг дасгалжуулагч болоход Болд гавьяат хэрхэн яаж хүлээж авч байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд Болд ах эсэргүүцэж байсан. Ах нь дасгалжуулагч хийж, олимп, дэлхийн аваргад тамирчдыг оролцуулж байсан, хүний хувь заяаг шийддэг амаргүй ажил шүү гэж хэлсэн. Гэсэн ч би надад хүсэл зорилго байна, боломжтой хүүхдүүдээрээ сайхан амжилт гаргуулчих юмсан, үүний  төлөө өөрийн чадах бүхнээ зориулна гэж хэлсэн. Гэтэл ах маань нэгэнт чи өөрөө ингэж хүсч байгаа юм бол олон зүйлд самгардахгүй хийвэл хийсэн шиг хийгээд дуусгачих, харин хэдий хүртэл хийхийг чинь би хэлж мэдэхгүй шүү чи өөрөө мэд гэсэн. Угаасаа  аав маань биднийг барьж авсан ажлаа  дуустал хийж, эцсийн үр дүнг үз гэсэн үзлээр хүмүүжүүлсэн л дээ. Энэ үгийг мартaддаггүй учраас энэ л зарчмаараа ажиллаад явж байна.

-Чөлөөт бөхөд ард түмэн хэзээнээсээ хайртай байсаар ирсэн. Мэдээж нэг гэр бүлийн гавьяатууд гэдэг утгаараа  спортод элэгтэй хүмүүсийн хайр хүндэтгэл их байдаг. Тэгээд ч та дээр бөхийн буянаар сайхан амьдарч байна гэж хэллээ?

-Ах маань дээд зэргийн хөдөлмөрч хүн. Тэр хэмжээнийхээ шаардлагыг бидэнд тавьдаг. Тэгэхээр би үргэлж ах шигээ болохыг хүсдэг. Намайг Буяндэлгэрийн Батбаяр гэдэг ч хүмүүс ихэнхдээ  Болд гавьяатын дүү гэдэг. Үүгээрээ ч бахархаж явдаг. Дэлхийн хэмжээний бөх одоо ч бөхийнхөө холбоонд хоёргүй сэтгэлээр туслаад явж байна.Тийм учраас бөх л биднийг сайхан амьдрал, олон найз нөхөд хүрээлэлтэй болгож өгсөн. Гэртээ харина, ахындаа очино дандаа  л бөхөө ярина. Энэ болж байна, эсвэл энэ болохгүй байна гэж бүр заримдаа хоёулаа бөхийнхөө мэхийг хийж үзнэ. Ахыгаа завтай үедээ чөлөөт бөхийн зааланд ирээд хүүхдүүдэд юм хэлж өгөөд байвал их л нэмэртэй санагддаг юм.    

-Манай нэртэй тамирчдад гаднаас санал их ирдэг. Хэрэв та тийм санал ирвэл орчин нөхцлийг нь бодоод явах уу, эсвэл?

-Би хэзээ ч явахгүй. Яахав зарим улсаас ирдэг ч би түүнийг хэзээ ч хүлээж авдаггүй. Харин Казакстан улсаас эмэгтэй хоёр гурван номёрын тамирчдаа манай улс руу явуулаач, бид өндөр хангамжинд авъя гэсэн санал ирсэн. Гэсэн ч монгол бөхчүүд хэзээ ч явахгүй.

-Тамирчин байхад зөвхөн өөрийнхөө амжилтын төлөө явна. Харин дасгалжуулагч болохоор их олон зүйлд санаа тавих болно. Ер нь энэ хоёрын ялгаа юу юм бэ?

-Тамирчин байх үед өөрийгөө бодно, ойр дотныхоо найз нөхдийн барилдаанд ач холбогдол өгнө. Бас багийнхныхаа тухай жаахан бодно. Ихэвчлэн л би зөв амрах ёстой, бэлтгэлээ сайн хийх ёстой гэж өөрийгөө л бодно доо. Харин одоо бол “бид” гэдэг үгээр солигдчихоод байгаа юм. Охид маань яах вэ гээд л тэмцээний хэд хоногт бараг нойргүй шахам байж барилдаануудаа тооцоолно, тэндээсээ тэмдэглэл хийнэ, ямар тактик хэрэглэхэв гээд л толгой байнга ажилладаг. Гэсэн ч миний хувьд амьдралдаа дуртай ажлаа хийгээд үүгээрээ тодорхой амжилтанд хүрээд яваагаа сайхан зүйл гэж бодож байна.

-Цэрэнчимэдийг аварга болоход Японы бөхчүүд гүйж очиж баяр хүргэж байсан. Тэрхүү сэтгэгдлийг дахин дурсаач?

-Аварга болно гэдэг Цэрэнчимэд шиг гайхалтай барилдаануудыг хийж байж аварга болох ёстой. Би хамгийн сүүлийн барилдааных нь өмнө өмнөх ялалт байгуулсан гурван барилдаан шигээ нэг л барилдаан хийгээрэй гэж захисан. Финалд тэмцээний туршид 12 оноо авч алтан медаль авсан тамирчин байгаагүй. 19 настай охин ийм барилдаан гаргахад үнэхээр бахархсан. Тэгээд ч би дэндүү итгэлтэй байсан болохоор сэтгэл догдолж хөөрөөгүй. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн хувьд бэлэн байсан гэсэн үг.

-Та анх хэдэн настайдаа анх тэмцээнд зодоглож байсан бол?

-1988 онд чөлөөт бөхийн секцэнд явахаар очтол Н.Ганбаатар багш маань гимнастикийн секцэнд оруулчихсан чинь гайхаад сар гаруй явж үзлээ. Тэгээд хэзээ чөлөөт бөхөд оруулах юм бол гээд гурван сар гимнастикт яваад нэг өдөр дуудахаар нь баярлаад очтол хөнгөн атлетикт оруулчихав аа. Ингэж явсаар байгаад таван сарын дараа жинхэнэ бөхийн бэлтгэлдээ орж билээ. Одоо эргээд бодохоор тухайн хүүхдийн тэнцвэр, уян хатан байдал, авхаалж  самбаа энэ бүгдийн суурийг тавьсан багшийн маань зөв байж дээ гэж  боддог юм. Яг тамирчны хувиар гэвэл анх 1991 онд пионерийн байгууллагын нэрэмжит тэмцээн гэж болсон юм. Тэр тэмцээнд долдугаар ангид сурч байхдаа 32 кг-д оролцож байлаа. Дараа жил нь 35 кг-д орсон гээд ер нь их жижиг биетэй хүүхэд байсан. Бөхөөр хичээллээд хоёр жилийн дараа анх тэмцээнд орж байлаа. Түүнээс наана хичнээн тэмцээн болж байсан ч багш маань оролцуулдаггүй байсан юм. Энэ нь багшийн маань сургалтын арга барил зөв байсан юм байна гэж боддог. Тиймдээ ч цаашдаа надад  анхан шатны хүүхдүүдтэй ажиллах юмсан гэсэн бодол бий. Гэвч одоогоор зав гарахгүй байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажил гэдэг насан туршийн ажил биш.  Хэзээ нэг өдөр спортын карьер дуусч энэ ажлыг өгнө, тэр үедээ энэхүү мөрөөдлийн ажлаа хийж өсвөр үеийн хүүхдүүдийг багаас нь авч бэлдэж амжилт гаргуулж, өөрөө ч түүнээсээ  баяр баясал авч хүүхдүүдээ ч сайхан амьдралд нь хүргэх юмсан гэсэн бодол тээгдэж явдаг.

-Нэг л мэдэхэд Бразилийн олимп хаяанд ирнэ. Мэдээж олимпийн найдвар болсон тамирчид олон байгаа байлгүй дээ?

-Тэгэлгүй яахав. Амны билгээс ашдын билэг гэж олимпод улс эх орныхоо нэрийг гаргах тамирчид байгаа. Гэхдээ одоо тэр энэ гэдэг нь нууц шүү дээ.

-Энэ дашрамд тавдугаар байрт орсон Сумьяагийн барилдааныг дурсахгүй юу?

-Сумьяатай барилдсан Америкийн бөх  уг нь тийм өндөр хэмжээний тамирчин биш л дээ. Гэхдээ Америкууд дэвжээн дээр арслан бар шиг гарч ирдэг. Сумьяа маань 4:2-оор хожиж цаг дуусахаас 20-иодхон секундын өмнө учраа бөхийнхөө  барьцанд ороод ялагдал хүлээсэн. Тактикийн том алдаа гаргасан. Учир нь хоёр оноо алдсанаасаа хойш дахиад оноо авах хугацаа байсан, тэр үед шийдэмгий мэх хийлгүй эргэлзсэн юм нь тухайн барилдааны үед Америкийн бөхөд нэг оноог торгуультай өгсөн гэдгийг ойлгоогүй ийм л алдаа гаргасан.

 

Ярилцсан Д.Нэргүй