Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны орой 17:00 цагт Баянхонгор аймгийн төвд сонгуулийн сурталчилгааны ажлаар хүрэлцэн ирлээ. Түүнийг Баянхонгор цэргийн хүрээний дайчид хүндэтгэн жагсч угтлаа. Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлснээр Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн юм.

Түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпийн аваргын алтан медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж нар дагалдан ажиллаж байна.
 
 
Өмнөх сонгуулийн дэмжлэгээ баталгаажуулах ёстой гэв
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эхлээд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт зочилж ажилтнуудтай нь уулзлаа. Уулзалт дээр тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын олонх, Засгийн газар нэг багаас бүрдэж, нэг зүг рүү харж,  гар нийлэн ажиллах түүхэн нөхцөл бүрдээд байна. Улс оронд бүтээн байгуулалт өрнөж Баянхонгор аймаг л гэхэд долдугаар сард Улаанбаатартай засмал замаар холбогдох гэж байна. Энэ 2013 онд нийслэлтэй засмал замаар холбогдох зургаан аймгийн нэг нь Баянхонгор юм. 2015 он гэхэд 21 аймаг нийслэлтэй засмал замаар холбогдоно. Бүтээн байгуулалтад нэг ч өдөр, нэг ч цагийн тасалдал гаргаж болохгүй. Нүүрснээс шатахуун гаргах болон шинэ төмөр замын ажил байна. Бүтээн байгуулалт зөвхөн нийслэлд биш, аймаг, сум, баг бүрт хүрч ажиллана. Сонгуульгүй хоёр жилд их ажил бүтээх хэрэгтэй. Монгол бол нэг л нам, нэг л эрх ашиг юм. Гэр бүлээ, ажил төрлөө, аймаг, улсаа бодож сонголтоо хийгээрэй” гэлээ.
Энэ оноос аймаг, сум, багт орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр иргэд өөрсдөө мэдэж бүтээлч ажлууд хийж байгаа. Баянхонгор аймагт гэхэд л 2013 онд 12 тэрбум төгрөг хуваарилагджээ. Баянхонгорчууд УИХ, орон нутгийн 2012 оны сонгуулиар ардчиллыг дэмжсэн. Энэ дэмжлэгээ Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ч баталгаажуулна гэдгээ баянхонгорчууд илэрхийлж байв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуулийн маргааш би шууд ажилдаа очиж, эхэлсэн олон ажлаа үргэлжлүүлнэ. Ажилтайгаа танилацах, мэдэх сурах гэж цаг хугацаа алдах зүйл байхгүй” гэж байв.
Төсвийн мөнгө дарга нарын тэжээл биш, иргэдэд зориулсан мөнгө
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянхонгор аймгийн иргэдтэй С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын байранд уулзлаа. Зургаан зуун хүний суудалтай танхим битүү дүүрч, суудлын өмнөх зайд хэдэн эгнээ сандал нэмж тавьж дүүргээд ч суудалгүй үлдсэн хүн олон байлаа. Цөөнгүй хүн театрын гадна талын тавцан дээр эгнэн сууж чанга яригчаар хурлыг сонсч байснаас харвал 1000 орчим хүн цуглажээ гэж харахаар байлаа. Төв талбайд “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гээд ардчиллын дуунууд эгшиглэж ардчиллын төлөө аймаг гэдгээ харуулж байсан юм. Уулзалтад тус аймгийн сум бүрийн төлөөлөл ирж оролцлоо.
Цугласан хүмүүс нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг маш халуун дотноор хүлээн авч, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил бол биеийн бөхөөр бус оюуны бөхөөр хийдэг ажил. Авлигагүй, архигүй нийгмийн төлөө ардчилсан Ерөнхийлөгчөө сонгоно” гэж сонгогчид хэлж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянхонгорын сонгогчдод хандан үг хэллээ. Тэрээр нэг ангид 50-60-аараа шахалдан сууж байгаа сурагчдын төлөө, цэцэрлэггүй гэртээ байгаа хүүхдүүдийн төлөө, тэтгэврийн мөнгө нь махны үнэд хүрэхгүй байгаа ахмадуудын төлөө ирэх дөрвөн жилд ажиллах болно. Сонгогчид хэн нэг хүнийг Ерөнхийлөгч болгох бус, Ерөнхийлөгчийн ажлыг нэг хүнээр хийлгэх гэж байгаа юм.
Монгол Улс мөнгөтэй болж байгаа бол түүнийг ээжүүдэд, хүүхдүүдэд өгье” гэлээ. Монгол Улсын хэмжээгээр цэцэрлэгийн насны 240 мянган хүүхэд байдаг. Тэднээс 110 мянга нь цэцэрлэгт явж бусад нь цэцэрлэггүйн улмаас гэртээ үлддэг. Хүүхдээ харж 100 гаруй мянган эцэг эх гэртээ ажилгүй суудаг. Тиймээс ээж, эмээ нар ойр тойрныхоо тав, түүнээс дээш хүүхэд гэрээрээ харж, бас байгууллагууд дэргэдээ бичил цэцэрлэг байгуулж цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болох 116500 төгрөгийг хүүхэд харсан ээжүүдэд цалин болгон өгөх замаар цэцэрлэг дутагддаг байдлыг шийдэж болно гэлээ. Улаанбаатарт 80 бага сургууль нэмж байгуулж байгаа, хөдөөд ч ийм ажил хийнэ. Нийслэлд төдийгүй орон нутагт ахмадууд, залуу гэр бүлд зориулсан түрээсийн байрууд байгуулна гэдгийг нэр дэвшигч хэлж байлаа.
Мөнгөний асуудлыг Улаанбаатарт бус, сум, баг дээр ярьж, иргэд төсвийн зарцуулалтыг шийдэж байх нь хамгийн зөв шийдвэр гэсэн юм. Баянхонгор 104 багтайгаас 24 багийн төвийг шинэчлэхээр болжээ. Хөдөөг өөрчилье гэвэл сум, багаа шинэчлэх ёстой. Даргаар дамжсан мөнгө замаасаа алга болдог. Иргэдийн мэдэлд шилжүүлсэн мөнгө ажил болдог. Төсвийн нэг ч төгрөгөөр гаднын бараа худалдан авч болохгүй. Төсвийн мөнгө бол дарга нарын тэжээл биш, иргэдэд зориулсан мөнгө. Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөөр Монголын 334 сумын өнгө төрхийг өөрчилнө. Улаанбаатартай ижил үйлчилгээ авах боломжтой болгоно гэдгийг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз хориглох шийдвэр гаргаж 7200 лицензийн 50 хувийг цуцалсан. Баянхонгорын газар нутгийн найман хувь лицензтэй байсныг таван хувь болтол бууруулж чаджээ. Өмнө нь Баянхонгорын нутаг хоёр алхахад нэг нь лицензтэй байсан бол одоо есөн алхмын нэг нь лицензтэй үлджээ. Баянхонгорт үүссэн мөнгөн усны асуудлыг хамтын хүчин чармайлтаар шийдэж болно гэдгийг нэр дэвшигч хэлж байлаа.
Хэдхэн жилийн өмнө Баянхонгор аймаг төвийн эрчим хүчинд холбогдох нь асуудал байсан бол өдгөө гурваас бусад сум холбогджээ.
Тулгын гурван чулууны нэг нь сондгойрвол тогоо холбирно
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд тулгын гурван чулууны нэгд нь сондгой чулуу ороод ирвэл тогоо холбирох тул гурвууланг нэг намаас, өөрөөр хэлбэл Ардчилсан намаас гаргаж ирэх нь чухал болохыг нэр дэвшигч ч, сонгогчид ч хэлж байсан юм. Монголыг сайн засаглалтай, авлига эрчимтэй буурч буй ардчилсан орон гэдгийг дэлхийн олон улс орчуулгагүй ойлгодог болсон. Нийт 40 цэцэрлэг, 12 сургууль, найман эмнэлэг барих мөнгийг авлигачид идэж уусан, дотроо 500 сая төгрөгтэй тэнцэх юаньтай сейф хог дээрээс олдсон нь нэг авлигачийн сандрахдаа гаргаж хаясан сейф байсан. Монгол Улс авлигатай эрчимтэй тэмцэж авлигын индексээр ганц жил дотор 26 байраар огцом урагшилсан зэргийг уулзалтын үеэр дурдаж байлаа.
Шүүх нээлттэй болж буй, Эвлэрүүлэн зуучлах тухай хууль батлагдаж хүмүүс маргаанаа үүгээр дамжуулан зохицуулдаг болсон, шүүх хуралд иргэний төлөөлөл эрх мэдэлтэй оролцдог болсон гээд шүүхийн шинэтгэлийн хуулиудын ач холбогдлоос дурдлаа.
Мөн 2013 оны есдүгээр сарын 1-нээс төрийн бүх байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжийн данс “шилэн” болно. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллага өдөр бүр орлого зарлагаа веб сайт, цаасан дээр ил тод бичиж нийтэд мэдээлж байхаар болсныг дуулгалаа.
Үргэлж өөрийг нь дэмжиж ирсэн баянхонгорчуудад талархаж явдгаа нэр дэвшигч Ц.Элбэгдорж илэрхийлж байв. Уулзалтын дараа иргэд сум сумаараа Ц.Элбэгдоржтой дурсгалын зураг татуулав. Орой нь Баянхонгорын залуус Ц.Элбэгдоржтой уулзаж ирээдүйн итгэл тэмүүлэл, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Баянхонгорт хийсэн уулзалтууд халуун дулаан уур амьсгалд, “Хонхны дуу”-ны аялгуутай болж өнгөрлөө.
Өнөөдөр тэрээр Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллана.