Нийгмийн сайн сайхны төлөө гэсэн чинхүү хүсэл эрмэлзэлтэй “Ротари” байгууллагын дэргэдэх олон улсын залуучуудын байгууллага болох “Ротаракт” хөдөлгөөн Монголд үүсч хөгжсний 15 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд уг тэмдэглэлт баярын хүрээнд Ротаракт Залуучуудын Форумыг анх удаагаа санаачлан зохион байгуулж байна.

   Форумын үндсэн зорилго нь нийгэмд залуусын өмнө тулгамдаад буй тодорхой асуудлуудаар сэдэвчлэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, тухайн асуудлын шийдэл болоод гарцыг хамтдаа нээж бий болгох замаар нийгэм дэх залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх болон сэдэлжүүлэхэд оршиж байна. Энэ утгаараа Монголд залуучуудын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын статус бүхий төрийн бус байгууллагууд нэгдэн уг форумд оролцож байгаагаараа тун онцлог бөгөөд ач холбогдол өндөртэй ажээ. Тус форумд Монголын бүх 9 ротаракт клубууд, Монголын Залуучуудын Холбоо, НҮБ-н Залуучуудын Зөвлөлдөх Хороо, Улаан Загалмай, Лантуун Дохио, AISEC Монгол, Гүнж төв зэрэг залуучуудын олон байгууллагууд нэгдэн оролцох бөгөөд илтгэгч болон зочин оролцогчдоор УИХ гишүүн Ц.Оюунгэрэл, яруу найрагч Ц.Хулан, реппер Цэцэ, дуучин Нара зэрэг олны танил улс төр, урлаг соёл, бизнесийн салбарын олон олон хүмүүс залуучуудаа дэмжин оролцох юм байна.

Ротаракт Залуучуудын Форум 3-р сарын 28-нд болно.