МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа зөвхөн роп, попын төдийгүй нийт урлагийнхний сор болсон уран бүтээлч гэдэгтэй маргах хүн үгүй.

Түүнийг дахин давтагдашгүй гайхалтай уран бүтээлч хэмээн олон хүн үнэлдэг билээ. Тэрбээр бидний сэтгэлд өөрийн орон зайг аль хэдийнэ бат оршоож чадсан нэгэн. Түүний уран бүтээл үргэлж шинэ өнгө аястай, олныг уриалан дуудсан, бас огшоож, уярааж чаддаг билээ.

Түүний аав Монгол, харин ээж нь Якут гэдгийг бид мэднэ. Тиймдээ ч дуучин маань маш Монголжуу, үндсэрхэг үзэлтэй нэгэн хэмээн өөрийгөө онцолдог. “Эрлийз хүмүүс үндсэрхэг үзэлтэй санагддаг” хэмээн ярьдаг билээ. Тэрбээр “гэдэс дотор, хонины толгой чанаж иддэг, дээл өмсдөг, хамаатан садан дээрээ хөдөө очдог” тийм л Монгол хүн хэмээн энгүүн яриа өрнүүлсэн байдаг. Түүнийг хотын дэгжин, эрхэмсэг хатагтай хэмээн боддог хүн цөөнгүй.

Гэтэл  дуучин Б.Сарантуяа хамгийн энгийн, бидний хэлдгээр “маскгүй” уран бүтээлч гэж болно. Уран бүтээл дээр ч, амьдрал дээр ч хамгийн байгаагаараа байж чаддаг. Монголоороо гоёж, үндсэрхэг хэмээн тунхаглаж, илүү маяг гаргадаггүй тийм л байдлаараа өдий төдий үзэгч фенүүдийн итгэл хүндлэлийг хүлээж чадсан дуучин бүсгүй.


Б.Хорлоо