Уулын ОУХМ Б.Цэвээндаш  Эверестийн оргил руу дахин  авиралт хийхээр болжээ. “Эрүүл монголын төлөө хамтдаа уриатайгаар ”энэ сарын 6-нд Эверестийг зорих тэрээр өмнө нь 2012 оны тавдугаар сарын 19-нд Эверестийг урд талаас нь авирч ноён оргил болох Жомолунгмод амжилттай гарч байсан.

Харин  энэ удаад  Гималай уулын хойд талаас  уулын ОУХМ Г.Гүррагчаатай авирах  аж. Тэрээр нийт хоёр сар үргэлжлэх  аяллаасаа буцаж ирээд Эверестийн бодит үнэнийг өгүүлэх баримтат кино хийж, фото зургийн үзэсгэлэн гарган, мөн 2012 онд бичсэн өдрийн тэмдэглэл болоод энэ удаагийн авиралтын үеэр бичих тэмдэглэл  уулчид, Эверестэд авирсан хүмүүсийн сэтгэгдлийг хамтатган ном гаргахаар төлөвлөсөн байна.  Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.  

 -Хүчилтөрөгчгүй нөхцөлд очоод дасан зохицно гэдэг хамгийн чухал байдаг. Ялангуяа дөрвөн улиралтай монголчуудын хувьд?

-Бид  5200 метрийн өндөрт  хоёр сар байрлана. 3000 метрээс эхлээд өндрийн өөрчлөлтүүд орж ирдэг. Өндрийн өвчин гэж байдаг. Энэ нь толгой өвдөх ханиах, нойргүйдэх, ядарч  сульдах  гээд хүн болгонд янз бүрээр  илэрдэг. Харахад зүгээр юм шиг хэрнээ гуйвж дайваад хяналтаа алдаж эхэлдэг. Уул өөд өгсөх тусам хүчтэй салхитай,нар нь нүүр түлчих гээд цаг агаарын хувьд маш  ширүүн болж эхэлдэг. Бас өндрийн өөрчлөлтөнд орохоор хоол идэх ямар ч дуршилгүй болдог. Тийм учраас дасан зохицох хамгийн чухал. Ер нь эрсдэлгүй спорт гэж байхгүй шүү дээ. Тиймээс ууланд авирахад хүнээс  маш их мэдрэмж шаарддаг. Жаахан анхаарал сарнихад бэртэж гэмтэх, хазгай гишгэж унах тохиолдол гарна. Шулуухан хэлэхэд  үхэл хажууд нь явж байдаг.

-Тэгвэл уулчин МУГТ Гүррагчаа өндрийн өөрчлөлтөнд ороод авиралтаа зогсоолоо гэж бодоход та ганцаараа авирах уу?

-Энэ бол мэдээж. Уул бол зөвхөн өөрөө өөртөө л найдахыг шаарддаг. Түүн шиг гавьяат Гүррагчаа ч надад найдах хэрэггүй. Тэгээд ч тэр өндөр ууланд бусдыг чирч гарна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас уулчин хүнд гай болохгүй, зөвхөн өөртөө гэсэн бичигдээгүй хууль байдаг. Үүгээрээ уул хатуу.     

-Цаг агаарын хувьд ямар байдаг бол?

-Өдөртөө -30 хэм, шөнөдөө 40-50 градус байна.

-Гэр бүлийнхэн тань түгшүүртэй  үлддэг байх. Ууланд авирахаар замдаа гарахад тань гэр бүл, дотны хүмүүс тань юу гэж захидаг вэ?

- Би ахмад уулчдаасаа үргэлж зөвлөгөө авдаг. Надад суралцах зүйл маш их байна. Гарч үзээгүй оргил олон байна. Уулчдын зүгээс сайн яваарай, анхааралтай байгаарай, анхаарлаа төвлөрүүлээрэй, гэх мэтээр ихийг захидаг даа. 6 дугаар сарын 5-нд эх орондоо ирнэ.

- Та өмнө нь урд талаас нь авирч байсан гэлээ. Тэгвэл хойд талаасаа авирах нь юугаараа онцлогтой вэ?

-Урд талаас авирахад маш  цас мөсөн ангал олонтой. Дээр нь цас нь нуранги ихтэй учраас аваар осол ихтэй. Аливаа уулын хойд тал маш хүчтэй салхитай байдаг. Дээр нь хад асга, хадан хана ихтэйгээрээ ялгаатай.

-Тэгвэл түүхэнд хоёр талаас авирч байсан тохиолдол хэр олон байдаг юм бол?

-Энэ талаар судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин монголоос энэ удаа би авираад ирэх  юм бол  МУГТ Г.Өсөхбаярын амжилтанд хүрэх юм болов уу гэж бодож байна даа.  

 

Д.Нэргүй