Та бидний хэлдгээр   “Тэди” төвд  үүрэн холбооны  оператор хоёр компани “Берлиний хана”-аар тусгаарлагдан ажилласаар таван сар болж байгаа.  Тэднийг тусгаарласан  “Берлиний хана” гээд байгаа нь үнэндээ ослын гарц бөгөөд   “Мобиком”-ын зүгээс уг гарцыг нээх сонирхолгүй байсан юм.  Харин   ШӨХТГ болон ОБЕГ уг ослыг гарцыг  нээх хэрэгтэй гэсэн албан бичгийг явуулсан байдаг.  Тэгвэл энэхүү ослын гарцыг түрээслүүлэгч байгууллага болох “Тахь Ко” компанийн зүгээс энэхүү гарцыг нээсэн бол  Мобикомынхон  нээхийг хүсээгүй юм.  Улмаар  ослын гарцны 1-р давхарыг нээж,  тэндээ хамгаалалтын алба ажиллуулан “хөл хорио” тогтоогоод байгаа.  Үүгээр ч зогсохгүй хоёр давхарын ослын гарцыг онгойлгохгүй гүрийсээр байна.  

 

 

Уг гарцаар Мобикомын талаас хэнийг ч байсан нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд Скайтелийн талаас л нэвтрүүлж байгаа юм. Төрийн байгууллагын  албан  бичгийг хэрэгжүүлсэн нэр зүүж молигодож байгаа жишээ бол энэ. Үүнд түрээслэгчид бухимдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд  өглөө үүний улмаас багагүй маргаан гарчээ.  

 

 

Түрээслэгч Ө.Батцэцэг: Мобиком түрээслэгчээ алдана гээд хаалгаа нээхгүй байгаа

Энэ байрны эзэн нь “ТахьКо” компани. Байрны эзэн, түрээслэгч нь байраа ямар зохион байгуулалтаар ажиллуулах, хаана юу байлгахаа өөрсдөө шийднэ. Гэтэл “Ньюком проперти” түрээслэгч байж энэ хаалгыг нээхгүй гээд хаагаад байгаа юм. Өнөөдөр чинь нэг хүн 2-3 утастай болчихсон. Нэг газраас аль ч үүрэн телефоны үйлилгээ авъя гэж байгаа. Гэтэл “Мобиком” түрээслэгчээ алдана гээд хаалгыг нээхгүй байгаа юм гэдгийг хэлж байлаа. 

Монополь эрхтэй Мобикомд Монголын хууль, улсын байцаагчийн дүгнэлт үйлчилдэггүй юм байна хэмээн өнөөдөр түрээслэгч нар толгойгоо сэгсэрч сууна. Дэлхийд технологийн хөгжил, бизнесийн соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа тэргүүлдэг Японы хөрөнгө оруулалттай тус компани ашиг орлогын төлөөх амбицандаа хөтлөгдөж, шударга өрсөлдөөнөөс айж хэрэглэгчдийн эрх ашгийг уландаа гишгэн хэтэрхий ядуу дорой сэтгэхүйтэйгээ л харуулж байна гэж хэн ч бодохоор нөхцөл байдал үүсээд байна. Олон нийтэд “Берлиний Хана” гэж нэрлэгдээд байгаа энэ хаалгууд удахгүй нээгдэж механик аргаар бус бизнесийн шударга өрсөлдөөн ноёрхох болно гэдгийг  түрээслэгчид хэлж байлаа.  

 

Э.Мөнгөн