Улсын хуулийг уландаа гишгэсэн Мобиком улаан уяа татаж хэрэглэгчдийн хөлийг хорьлоо
2015/04/04
Хэрэглэгчийнхээ төлөө гэсэн уриатай Мобиком хэрэглэгчдийнхээ хүсэлтийг ч мөн уландаа гишгэлээ. Энэ оператор компани “Тэди” төвд талбай түрээслэн ажилладгийг хэн бүхэн мэдэх билээ. Гар утастай холбоотой засвар, үйлчилгээ нэг дор төвлөрсөн энэ газраар монгол хүн бүр үйлчлүүлдэг. Харин Тэди төвийн хойд жигүүрт өөр нэг гар утасны оператор компани орсноор асуудал үүсэв.
Шинэ түрээслэгч орсон өдрөөс эхлээд Мобиком компани тус обьектийн хоёр жигүүрийг холбосон нэг, хоёрдугаар давхарын хоёр хаалгыг дангинатал түгжжээ. Гэтэл тэрийг нь Дүүргийн онцгой байдлын газраас “аюулгүйн гарц мөн” гэсэн дүгнэлт хийж, “хаалгыг нээ” гэж үүрэг болгосон.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн улсын байцаагч нарын 2015 оны хоёрдугаар сард гарсан 10/08 тоот “Зам гарц хаасан зөрчлийг арилгуулах тухай”Улсын байцаагчийн заавал биелүүлэх дүгнэлтийг Мобикомынхон “нохой хуцах”-ын дайтай ч хүлээж авсангүй. Энэхүү улсын байцаагчийн дүгнэлтэд “Хэрвээ түрээслэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэдийн амь нас эрсэдсэн тохиолдолд буруутай байгууллага хариуцлага хүлээх болно шүү” гэдгийг сануулаад ч нэмэр болсонгүй. Өдөртөө ТЕДИ төвөөр 25000-30000 гаруй хүн үйлчлүүлж, олон зуун худалдаачид олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө мөнгөө даатгаад сууж байгаа. Тэднийг эрсдэлтэй байдалд оруулж байгаагаа Мобикомын удирдлагууд юман чинээ ч тоохгүй сууж байна. Үүнээс гадна Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Г.Энхманлай, Ж.Одсүрэн нар 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр түрээслэгч нарын гомдлын дагуу шалгалт хийж, Мобиком ХХК-ийн удирдлагууд нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиудыг зөрчиж байгааг тогтоож, уг хаалгуудыг нээхийг мөн л үүрэг болгожээ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлын 5,1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас батласан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” 12-р зүйлийн 1-т заасан “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгааг нь дахин сануулжээ.
Үүнээс гадна Өрсөлдөөний тухай хуулийн 12.1-т заасан “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, тус хуулийн 12.1.10.-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга…”-ыг хэрэглэсэн байна гэдэг дүгнэлт гарчээ.
Мобиком ХХК-д улсын байцаагчийн дүгнэлтээ явуулжээ. Гэвч энэ хууль зөрчсөн үйлдлүүд өнөөдөр ч үргэлжилсээр… Үүгээр ч зогсохгүй хэдхэн хоногийн дараа Онцгой байдлын ерөнхий газраас Улсын байцаагчийнхаа 2015 оны хоёрдугаар сард гарсан 10/08 тоот “Зам гарц хаасан зөрчлийг арилгуулах тухай” Улсын байцаагчийн заавал биелүүлэх дүгнэлтийгөөрчилж, “нээхгүй байж болно” гэсэн бичиг гаргуулсан нь улайм цаймдаа гарсан явдал болж, төрийн энэ байгууллага араараа хувийн бизнесийг дэмжин сүлбэлддэг юм биш биз гэсэн хардлага эрхгүй төрүүлж банaа. Мобикомоос өөрийнх нь талын хаалгаар орж гарах хэрэглэгчийн урсгалыг нөгөө тал руу нэвтрүүлэхгүй гэсэндээ хааж орхисон энэ хаалгыг олон мянган хэрэглэгч, түрээслэгчид гайхаж харсаар нэлээд удлаа.
Тэр ч бүү хэл уг обьектийг эзэмшигч Тахь-Ко ХК-ийн зүгээс Онцгой байдлын газраас өгсөн үүргийн дагуу хаалгыг нээсэн ч Мобиком компани эхлээд хамгаалагч залуусаар өнөөх хаалгаа хаалгаж, дараа нь улаан уяа татаж орхижээ. Улмаар өөрийн түрээслэгчдээ буулгаж ирэн бяцхан эсэргүүцлийн хөдөлгөөн маягийн зүйл үүсгэв.
Хэрэглэгч нэмэгдэх нь хэдий ашигтай ч түрээслүүлэгчдийнхээ дарамтад орон бууж ирсэн тэр хүмүүсийн өмнөөс сэтгэл зовом байдал үүссэн нь гэрэл зургийн дуранд буужээ. Улсын хууль дүрмийг зөрчиж, хаалга үүдээ хаасан Мобиком хэрэглэгчдийн хөлийг хорьж, хамгаалагч залуусаа бөөн бөөнөөр нь дайчлан өнөөх улаан уяагаа мануулж байна. Энэ байшин Мобикомын өмч биш. Тахь-Ко компанийн өмч. Тахь-Ко компанийн түрээслэгч нар бүгд л адил тэгш эрхтэй байх учиртай. Гэтэл Мобиком үйлчилгээний соёл гэгч зүйлийг умартаж, хэтэрхий давуу эрх эдлэж үйлчлүүлэгч нарын хөлийг хүртэл хорьж, бүдүүлэг авир гарган Өрсөлдөөний тухай хуулийг уландаа гишгэж сууна.
Г.Онон
Зочин · 2015/04/06
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/06
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/06
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!