Сүүлийн үед  “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюушийн талаар мэдээлэл гарах болсон. Түүний хэнд ч хэлээгүй анхны нөхөр Сайханхангай гэх залуу байсан хэмээн түүний талаар их л сайн мэддэг гэмээр бичжээ.

Мэдээж олны танил хүмүүсийн амьдралыг олон нийт сонирхож байдаг ч хувь хүний талаар бичиж байгаа шүү дээ. Урьдных нь амьдрал ямар байсан, хэн гэдэг хүнтэй үерхэж байсан зэрэг нь тухайн хүний л асуудал. Тиймээс олны анхаарлыг татах гэж хүний хувийн амьдралд хэт хутгалдах нь бүдүүлэг хэрэг шүү дээ. Бид нэгнээ муулдаг биш хүн чанараа эрхэмлэдэг ард түмэн биш гэж үү?

Хэн нэгэн таны талаар бүрэн дүүрэн мэддэг юм шиг дураараа бичвэл танд таалагдана гэж үү? Таны ээжийг, эгчийг хэрвээ ингэж бичвэл танд ямар санагдах вэ? Өөрийгөө оронд тавиад бодоод үзээрэй. Уран бүтээлч хүний бүтээсэн дүр, хийсэн уран бүтээлийнх нь талаар ярихаас урьтаж гэр бүл, хувийн амьдралын талаар нь бичих нь мода болсон хэрэг үү?

Зөвхөн ганц энэ жишээ ч биш дуучид, жүжигчидийн талаар дайрч давшилсан, худал гүжирдсэн мэдээллүүд өдөр бүр л бичигдэх юм. Гэхдээ тэд бүгд л гомддог, гунигладаг, дотроо уйлдаг зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ.

Бид ч гэсэн ёс зүйтэй, ёс зүйгээ ухамсарлан ажиллах ёстой сэтгүүлчид шүү дээ.

Б.Хорлоо