Шавь нар маань надад мөнхийн залуугаараа харагддаг
2015/04/28
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байна гэдэг юутай сайхан. Тэртээх 30 гаруй жилийн өмнөөс монголын хуульч өмгөөлөгчдийг бэлтгэж ирсэн МУИС-ын хууль зүйн сургуулийн төр захиргааны тэнхмийн багш, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, Ж.Жавзандуламтай ярилцлаа.
Тэрээр оюутан залууст эрдэм түгээхийн хажуугаар шүлэг дуу бичиж онгодоо хөглөж явдаг нэгэн. Түүний АЖ Б.Жавзандуламын дуулдаг “Бурхнаас заяасан диваажин”, АЖ Самбуугийн дуулдаг “Үйлдвэрчний эвлэлийн сүлд дуу”, “Гурван бүдүүн” хамтлагийн дуулдаг “Хүн чанараа дээдэлье” “Эгийн гол”зэрэг дуунууд нь эгшиглэж байдаг билээ.
- Та хүн чанарын талаар их ярьж, “Хүн байхын утга учир” гэсэн лекц ч уншиж явдаг. Ер нь ч өнөөдрийн нийгэмд хүн чанараар өлсч байна гээд байгаа нь оргүй зүйл биш юм л даа?
-Энэ үнэн.Хүнд зөвхөн оюун ухаан, эрдэм мэдлэг эзэмшүүлэхийг эн тэргүүнд тавиад хүнийг өөрийг нь хувь хүн болгож хөгжүүлэх тал дээр төдийлөн ажиллаагүй. Гэтэл бидний өвөг дээдэс эрт дээр үеэсээ эхлээд дандаа л хүний мөн чанартай байх, ядарсан зүдэрсэн нэгэндээ тусал гэсэн шаардлагыг илүүд тавьж ирсэн. Тэгвэл үүнийг өнөөдөр орхиод нэгдүгээрт хотжсон, энэ нь хөдөөнөөс хот руу их нүүдэллэсэн гэсэн үг. Түүнээсээ болоод хүн байхын утга учир, хүнд сайхан хандах дотоод мөн чанар зэрэг сайхан шинжүүдийг орхигдуулсан байна. Бас өнөөдөр улс төрдөө ч тэр дандаа фракц үүсгэсэн хүмүүсийг сонгоснороо хүн зөв төлөвшихөө больсон байна шүү дээ. Тиймээс аль болох эцэг эхчүүд,үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эрүүл энх, гэр бүлдээ хариуцлагатай хандах гээд үндсэн хуулийн үзэл баримтлалд энэ бүгдийг маш нарийн заагаад өгчихсөн байна шүү дээ. Тиймээс энэ уламжлалаа сайтар сэргээж бүр цааш нь зөв зүйтэйгээр авч явах хэрэгтэй байна.Хүнд хандах сэтгэл зүй, хүнийг хайрлах , хүнд байгаагаараа туслах, сэтгэл санааг нь дэмжих зэрэг цогц олон санаанууд бүгд хүн чанар болчихсон. Түүнээс шинжлэх ухааны мэдлэг онол гадаад орны туршлага зэрэгнь хүн чанарт огт хамаагүй зүйл. Аливаа зүйлд хүлээцтэй хандаж, уур уцаар янз бүрийн зүйлүүдийг тэвчих гээд маш олон зүйл нийлж байж хүний дотоод мөн чанарын агуулга илэрч байгаа юм.
-Таны ярианаас хуульч хүнд байх ёстой нандин сайхан чанарууд харагдаж байна л даа?
- Миний өмнөх тухайлбал дээр үеийн шавь нар маань их чадвартай байгаа юм. Харин сүүлийн үед хүмүүс хэт гадны туршлагыг дууриаж байна. Ялангуяа эзэмшиж болох болохгүй зүйлийг шууд тусгаж аваад байгаа нь харийг шүтсэн залуус олшроод байна уу даа гэсэн бодол төрөөд байгаа юм. Үүнийг би хувьдаа маш буруу гэж үздэг. Монгол хүн бүр монголоороо л байх ёстой. Монгол зан төрх, монгол хэв загварыг өөртөө байлгах ёстой.Хуульчийн хувьд мөн чанартай хүн л хууль ч байх хэрэгтэй. Тэгж байж хүний асуудлыг бүрэн дүүрэн шийднэ.
-Та олон сайхан шавьтай. Тэднийг улс нийгэмдээ сайн боловсон хүчин болгоход таны зөвлөгөө даалгавар их байдаг биз?
-Багш хүн шавь нараараа бахархдаг. Монголын 18 аймаг, 21хотод хуулийн мэргэжлээр ажиллаж байгаа мянга мянган шавь нар бий.Хуулийн мэргэжлээ дээдлэн мэргэжилдээ үнэнч ажиллаж буй шавь нараа хараад сэтгэл хөдөлдөг. Тэд маань хэдийгээр олон жил ажилласан туршлагатай хуульчид болсон ч надад мөнхийн залуугаараа харагддаг. Яагаад гэвэл би тэдэнд залуу насанд хичээл зааж байсан шигээ залуугаар төсөөлдөг. Мэргэжлээ гандаахгүйн тулд байнга суралцаж, байнга мэдээлэлтэй байхыг захидаг. Бас хуульч хүний нандин сайхан чанаруудыг сэтгэл зүрхэндээ тээж явахыг өөрийнхөө ажил үйлсээр харуулахыг эрмэлзэж явдаг.
Д.Нэргүй