Б.Жаргалсайхан & Л.Гүндалай
2015/05/08
Өнөөх Л.Гүндалай өчигдөр “Тавантолгойн гэрээний төсөл нь Монголын хуулийг зөрчиж, Монголын эсрэг гэмт үйлдэл хийсэн, хэсэг бүлэг олигархын эрх ашгийг хамгаалсан байна. Энэ төслийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг 2016 оны УИХ-д сонгохгүй байх, сонгож болохгүй гишүүдийн жагсаалтад багтаах ёстой” хэмээн олдсон боломжийг ашиглаж, сурсан зангаараа мэдэгдэл хийн баахан пижигнүүлээд авав. Уг нь улирлын хувьд дөрөв, тавдугаар сар бол яг л түүний эх орончийн идэвх гэнэтхэн сэргэдэг, ард түмэндээ житэйхэн хайртай болдог цаг хугацаа нь мөн л дөө. Тийм ч болохоор өнгөрсөн сард ээлжит “Ард түмнээ хайрлая” нам байгуулахаар эргэлт буцалтгүй мунхаглан зориглож, гарын үсэг цуглуулах компанит ажлаа эхлүүлж байгаагаа зарласан билээ.
Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт БНН-ын дарга өнөөх Б.Жаргалсайхан “Ийгл” телевизийн сэтгүүлч Ө.Золбаярыг ажлынх нь байранд шанаадаж, ээлжит дүвчигнэлээ дэглэсэн. Товчхондоо Монголын улстөрийн “Мөрөөдлийн баг”-ийн хоёр гишүүн хэдхэн хоногийн зайтайгаар ээлжилсэн улстөрийн шоу тавьж, унтах нь холгүй байгаа Монголын улстөрийг жаахан ч гэсэн хошин шогийн амьсгаа оруулж байгаа гавьяатай гэж дүгнэж болно. Ер нь ингэхэд мартагдах шахсан ч өөрсдийн муйхар зориг, “Төрд хэрэгтэй Зайран”-гийн дүвчигнэлээр гэгээн дүрсээ эргүүлэн тодруулахаар зүтгэцгээж байгаа Б.Жаргалсайхан, Л.Гүндалай хоёрын намтар түүх рүү хэсэгхэн өнгийлгүй горьгүй. Монголын улстөрийг амин зуулгаа арвижуулах арга хэрэгсэл, ашиглах, шамшигдуулах дундаршгүй хүслээ биелүүлэх хангалтын бааз болгохоор тэнэг зоригоор орж ирж, тэрүүхэндээ бужигнуулсан эрхмүүд олон байдаг. Тэдний зарим нь бараа сураггүй, ор мөргүй арилж одсон бол хаврын хаварт адын хүсэл нь оволзож, байж суухын аргагүй болоод тэсэрч, дэлбэрдэг хэдэн нөхөр байдаг.
Тэдгээрийн тэргүүнд эгнээнд БНН-ын дарга Б.Жаргалсайхан, “Ард түмнээ хайрлагч” Л.Гүндалай нар өрсөлдөгчгүй шахам дүүхэлзтэл тодорно.
Гайхмаар адилхан зан төрх, авир төрхтэй энэ хоёр хүн харин шал өөр зам мөр туулж, аргалж чаргалсаар Монголын улстөрд хөл тавьсан байдаг. “Буян” компаниар овоглогддог Б.Жаргалсайхан бол хаа очиж 1990 оны Цагаан морин жилийн хувьсгал дөнгөж эхэлж байхад өөрийнхөө “Волга-24”-т жагсаалд хэрэглэгдэх өсгөгч, техник хэрэгслүүдийг ачин зөөж, эхэндээ ардчилсан хувьсгалд яах аргагүй гар бие оролцлж явсан партизан. Түүгээр ч зогсохгүй ардчилагчид гуйлгачин шахуу байхад чадлаараа ивээн тэтгэж, мөнгөн тусламж ч үзүүлж явсан түүхтэй. Харин Л.Гүндалай тэр үед Германд оюутан нэртэй ч цахилгаан барааны наймаачин болж, дипломат цүнхээр дүүрэн дойч марк хамт сурдаг оюутныхаа өрөөнд нуудаг, жижигхэн “хөрөнгөтөн” болчихсон байж. Яах аргагүй Германд анагаахын сургууль дүүргэж, диплом өвөртлөсөн нь үнэн л гэлцдэг. Харин Германд хөөрхөн панз үсэргэж, подхийсэн мөнгөтэй болсон тэрээр 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөлөөс бие даан дэвшихдээ бараг л мөнгөөр бороо оруулсаар дүүлээд гараад ирсэн түүхтэй. Түүнээс хойш мань эрийн Монголын улстөрд тарьсан шуугиан, жинхэнэ популизм эхэлсэн түүхтэй. Өнөөдөр популист гэгдээд байгаа С.Ганбаатар, О.Баасанхүү, Г.Уянга, Ц.Даваасүрэн нар тухайн үеийн Л.Гүндалайгийн дэглэн тавьж байсан популизмын хажууд бол ёстой л “ичмээр дамшиг”-ууд. Сонгогчдоос ганцхан суудал салгасан АН тухайн үед Л.Гүндалайн өмнө бүх л үнэт зүйлээ дэвслэн байж хадаг барин мөргөж, эгнээндээ элсүүлснээр мань эрийн толгой самуурч гүйцсэн билээ. Хэн ч танихгүй Германаас ирсэн наймаачин тун ч удахгүй ихэд эвдэрч, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” хэмээн дуулиан дэгдээж, өнөөх нь хариуд нь Сөүл нисэхээр онгоцны буудал дээр явж байхад нь баривчлан хорьж бөөн сенсаци тарьж байв
.
Мань эр баахан бужигнуулсныхаа хүчинд 2004 онд нэг их зовлонгүй дахин сонгогдож , Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар томилогдож, баахаан тендер будилуулж, хэдэн эмнэлгийн дарга нарыг баруун зүүнгүй цавчсан гэж байгаа.
Зүгээр ч үгүй нэг танхимд мөр зэрэгцэн ажиллаж байсан Үйлдвэр, худалдааны сайд өнөөх Б.Жаргалсайханыгаа “Энэ ясан толгойтыг, шоронд хатаах ёстой. Марубенид төлөх өрөө Засгийн газарт үүрүүлж байна” хэмээн хамгийн үл бүтэх этгээдээр тодруулж мөн ч түйвээсэн билээ. Хариуд нь өнөөх “Ясан толгойт” нь ч мөчөөгөө өгөлгүй “Эрүүл мэндийн яамыг түйвээж, тендерийн мөнгөнөөс хулгайлан цусалж байгаа энэ махан толгойтыг шоронд хий” гэж төрийн ордноор нэг хашхичсан удаатай.
Хаа очиж өнөөх хоёрын танхимд нь багтахгүй шахам түйвээсэн Үндсэний эв нэгдлийн Засгийн газар урт насгүй байсан нь бараг л багахан дажин гарахаас урьдчилан сэргийлж, мөн ч их буян болсон билээ. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн тэр Засгийн газар 2006 оны нэгдүгээр сарын 25-наас 2007 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оршин тогтноод онхолдож унаснаар өнөөх хоёрын сайдын намтарт цэг хатгасан түүхтэй.
Мань хоёр гялтайх ганц ч гавьяагүй, дүвчингүүд үү гэвэл бас ч тиймгүй. Ямар ч гэсэн Л.Гүндалайн хувьд төрийн ордонд “Ганц дээлт барилдаанч” гэдэг үгийг амь оруулж, саарал даавуун дээлээ элэгдтэл, гандаж онготол хөдөрч, Монголын улстөрчдөд “дээл өмсөх соёл” суулгаж өгсөн гавьяатай гэж байгаа. Тэгвэл өнөөх Б.Жаргалсайхан нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Төрд хяналт хариуцлага, түмэнд ажил орлого” хэмээн сайхан хошхируулсан удаатай. Түүгээр ч зогсохгүй “баяжигтун” хэмээн уриалсан. Албөн хаагчдын цалинг 100 ам доллорт хүргэхийн тулд 30 тэрбум төгрөгийн зээл тавина гэж дайраад баахан эдийн засагчдыг цус харвуулчих шахсан. Олон тэрбумын өр зээл авч улс орноо аврах тухайгаа ч нуулгүй тунхаглаж байсан дүүрчихсэн зоригтон билээ. Ганц гэм нь дээрх амлалт нь “Ард түмнийг өр зээлд бариулах нь,шулуудчихсан гар байна” гэх сөрөг мессеж тарааж, өөрөө ч сонгуульд хамраараа газар хатгасан удаатай. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр цугласан хүмүүсийн загнаад явсан тул “Ууртай хүн төрөө зовооно, өртэй хүн түмнээ зовооно” гэсэн ишлэл хүртэл гарсан.
Харин өнөөх Л.Гүндалай нь УИХ-д тасралтгүй гурван удаа сонгогдохдоо цаастай жагсаалын автор, Хөвсгөл нуурт төөрч, тэнэж алга бологч, “Саарал дээлтэй хүн” зэрэг дуулианы эзэн болсноос өөрөөр үзчихээд эргүүлээд өгье гэсэн ч ганц хуудас барьцгүй үлдсэн нөхөр гэж байгаа юм. Хамгийн сүүлд Боомтын нэгдсэн захиргааны даргаар очиж “Энд чинь нэг жаахан бужигнуулаатхъя” гэсэн ч Н.Алтанхуягийн засаг унаж мань эр дахиад л аз дутсан, ажилгүй аав болсон. Ийм л намтартай өнөөх Б.Жаргалсайхан, Л.Гүндалай хоёр “Мөрөөдөл биелдэг юм” хэмээн бужигнуулсаар л явна. Харин хаа хүртэл явдаг юм бол доо.
Эх сурвалж:
Зочин · 2015/05/08
Төрд хамгийн хэрэггүй зайрангууд гэдгийг нь сонгогчид аль хэдийн ойлгосон шүү дээ. Яах юм бэ энэ хоёроор.Бүр сүүлдээ ажлаа хийж багаа сэтгүүлчийг ажлын байранд нь ирж зодоод байгаа хүн улс төр ёөн үү аль эсвэл гудамжны хулгайн дээрэмчин үү. Ичихгүй тэгээд улс төр яриад больж үз та хоёр Та хоёроор монголын төр дутаа юуу. Та нарын дараачийн тэнэгүүдээс с******** юмсан гэж олон түмэн бухимдаж сууна.
Зочин · 2015/05/08
http://myjobearning.com/?invite=27688 ene haygaar burtguuleed orlogoo nemegduuleerei