Онх ёнх болчихсон үүд хаалгатай монгол төрийн их өргөө
2015/05/08
Саяхандаа саяхан. Монголын цахим сэтгүүлчид Төрийн ордноо сүртэйхэн чууллаа шүү дээ. Тэрхүү чуулганд оролцохоор ордны хойд хаалган дээр цүнхнээсээ үнэмлэхээ олох санаатай мунгинаж зогстол гадны нэгэн зочин хаалга онгойлгож өгөхөөр гараа сунгаснаа ордны хаалгыг ихэд няхуур ажиглан доогтой нь аргагүй мушийж байсан нь одоо ч миний нүдэнд харагдсаар. Түүний харц юун дээр тусч, юуны учир доогтойгоор мушийсан бэ гэвэл Монгол төрийн их өргөөний хойд талын дааман хаалга цагийн уртад элэгдэж хуучраад эр нь эзгүй айлын хашааны үүд шиг болсныг олж харчихаад “Ээ дээ, энэ монголчуудын байж байгаа царайг.
Төрийнх нь ордны хаалга ийм байгаа юм чинь яаж ч өнгөтэй өөдтэй явах билээ дээ” хэмээн дооглож буй нь илт байсан. Энэ бол тэр эрхмийн буруу биш. Их өргөөний хаалгыг өдрийн хэдэнтээ онголзуулах гадна дотны зочид бидний арчаагүйг хэлдэггүй л болохоос биш анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Уг нь төрийн ордон маань эзгүй хээр ээрэм талд хаягдаж орхисон сүм дугана биш шүү дээ. Хайхрах, авч явах, өөд татах эзэнтэй байгууллага. Хаягдаж орхигдсон нь ч эдүгээ эзэнтэй болж, өнгө зүс орчихоод байхад. Миний санахын Монгол Улсын Төрийн ордны нийтлэг бүх үйлчилгээг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар хариуцдаг гэж сонссон юм байна.
Тэнд хэн нэгэн эрхэм даргын сэнтийд заларч, төсвийн мөнгөнөөс “төрийн үйлчилгээний ажилтан” гэх зэрэглэлээр цалин авч л байгаа. Тэднээс сүүлийн 20 жил юу хийсэн юм бэ гэж асуумаар санагдаад байна. Үнэндээ та бүхнээс өмнөх дарга нарын өргөтгөж, шинэчилсэн ажил нь түүхэнд ийн тэмдэглэгдэж үлдсэн байх юм.
БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатар хот байгуулалтын нэгэн хэсэг болгон 1930 оны сүүлчээс сэдэн 1947 онд барилгын ажлыг эхлүүлэн 1951 онд бүрэн ашиглалтад хүлээлгэж өгсөн. Төрийн ордон ашиглалтад орсноос хойш 10-аад жилд төр, засгийн олон талт үйл ажиллагаа, түүний төв аппаратын бүтцэд өөрчлөлт удаа дараа гарсантай уялдан орчин үеийн шаардлагад тохируулан ордны барилгыг томсгон шинэчлэх тухайн СнЗ-ийн тогтоолоор анхны өргөтгөлийг хийсэн бол 20 жилийн дараа буюу 1981 онд хоёрдахь өргөтгөл хийгджээ.
Ордонд хоёрдугаар өргөтгөл хийх тухай МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 29/60 дугаар тогтоол 1979 онд гарч барилгын ажлыг 1979 оны тавдугаар сард эхэлж 1981 оны арваннэгдүгээр сард дуусгажээ. Хамгийн сүүлд 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой, Их Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг орон даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэх тухай зарлиг гарган уг зарлигийн дагуу Ерөнхий сайд Н.Энхбаяраар ахлуулсан зохион байгуулах үндэсний хорооны төлөвлөгөөний хүрээнд “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” цогцолбор шинээр байгуулах, “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-г Монгол төрийн ордны нэгэн цогцолбор болгон төрийн ордны урд талд залгаж байрлуулахаар төлөвлөжээ.
Үүгээр 1991 онд гаргасан зураг төслийг бүхэлд нь өөрчилж, эдүгээ та бидний өдөр бүр харж буй цогцолбор ашиглалтад орсон түүхтэй. Эл цаг мөч хэдийнэ шил даван одсоор 24 жил өнгөрч. Хэт дэгсдүүлж, сүржигнээд байгаа бол уншигч та өөрийн биеэр очоод нэг харчихаарай. Хаалганы нууц цоожны бариул санжигнаж, байн байн цоожийг нь солих гэж оролдсоны ором тодоос тод нүдэнд тань тусах вий.
Арван жилийн сурагч байхад ангийнхаа түлхүүрийн хаячихаад хөвгүүд таарсан үзүүртэй төмрөөр ухаж төнхсөөр байгаад ирмэг мод нь хонх ёнх болчихдог шүү дээ, яг түүн шиг. Цагийн сайханд түүн шиг үнэ цэнэтэй, хийц загвар сайтай царс модон хаалга байгаагүй л байх. Өнөө ч хийц загвар нь гологдох юм алга. Даанч эзэд нь дэндүү гамгүй эдэлчихэж. Нөгөөтэйгүүр, Төрийн ордны хойд хаалга бол баруун, зүүн жигүүрийнх шиг минут тутамд нээгдэж хаагдаж байдаггүй ч төрийн гурван өндөрлөг хийгээд УИХ-ын эрхэм гишүүдэд бараалхах гадна дотны зочид зөвхөн үүгээр нэвтэрдэг. Бас Монгол Улсын зүгээс санаачилсан олон улсын хурал, зөвлөгөөн төрийн ордонд зохион байгуулагдах болбол улсын минь босго тотго нь энэ хаалга болдог.
Тиймээс нэгийг бодох цаг болсон юм биш үү. Монголын төр их өргөөнийхөө хаалгыг засч янзлах бүр цаашлаад шинэчлэх мөнгөгүй болсон юм бол хойморт нь ханхалзах мөнгөтэй, хөрөнгөтэй бизнесменүүдээ ашиглаач. Монголдоо бус дэлхийн баячуудтай мөр зэрэгцэн даналзах баячууд О.Содбилэг, Н.Номтойбаяр, Г.Батхүү, М.Энхболд, Б.Наранхүү, ажнай Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн гээд шинэ цагийн тэрбумтнууд наана чинь хэд хэдээрээ “аж төрж” буй. Тэдний нэгэнд хүсэлт тавихад л Цагаан ордны хаалгатай дүйцэх биш юм аа гэхэд энэ Монголдоо таарах хаалга олоод ирж мэднэ шүү. Сэтгэлд оч байвал тулганд гал бадарна гэдэг дээ.
Ч.Чулуунцэцэг
Зочин · 2015/05/16
дампуурсан засаг төр яаж өөдлөх айл үүднээсээ гэж мэдэх сөхөөгүй өөрсөдөө л идэж баяжихаа бодож байгаа
Зочин · 2015/05/08
odoo naadhiig chin solih gehed 1 ter bum zartsuulna daa harjl baigaarai
Зочин · 2015/05/08
uneheer tiim bainalee tomoohon kompaniin uudnes doloon dor baidag turiin uilchilgeeniihen gej
***r gurvan zuun hun ajilladag gesen barag arvan hund neg darga baidag gesen ajilchinaas iluu dargatai gazar gesen