АН-ыхны амбиц, дарга нарынх нь “Би” гэх хувийн тоглолт, дотроо толхилцож, дороо шөргөөцөлдөх нь мөддөө намжихгүй бололтой. Засгийн бүх эрхийг бараг л  өөртөө төвлөрүүлж чадсан тэд Тавантолгойн ордыг хөгжүүлэх гэрээг хэлэлцэх үеэр жинхэнэ мөн чанараа таниулсаар байна.

Яг одоогоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сөрөг гэхээс илүү өөрийн намынхны элдэв тоглолтыг эв зүйгээр зохицуулж, Тавантолгойн ажлыг урагшлуулах гэж хэрдээ л зүдэрч байгаа ажээ. Ерөнхий сайд нь ерөнхийлөн дуугарч бусад нь санаа нэгтэй явж чадахгүй байгаа нь түүний рейтингийг нэлээд эртнээс унагаж эхэлсэн юм.  

Н.Алтанхуяг огцорч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд  болоход иргэд “Өндөр л  болохоос биш Н.Алтанхуягаас удирдлагатай Ерөнхий сайдтай боллоо. Нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” хэмээн шүүмжилж байсан. Зарим нь залуу  хүн зоригтой шийдвэрүүд гаргах байх хэмээн итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлсэн нь бий. Харин тодорхой цаг хугацаа өнгөрч, эргэн харахад нөгөө Н.Алтанхуяг биш өөр хүн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бараг л толгой болчихсон нь ил болж эхэллээ.

Энэ хүн нь Ч.Сайханбилэгийн хамгийн сайн найз, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болж таарав. Оюутолгойн гэрээг олон хувьсагчтай тоогоор илэрхийлэн иргэдийг мунхруулж, олон мянган ам.доллартай  дансаа мартаж орхидог тэрээр улстөрийн замналаа нэг хэсэгтээ завсарлахад хүрээд байсан билээ. Ийнхүү тодорхой хугацаанд асуудлаас зугтан нам жим байсан найзыгаа  Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ынхаа даргаар томилов. Яг цааш нь ухаж үзвэл Ерөнхий сайд найзын хувиар С.Баярцогтод хамаг нарийн ширийн юмаа даатгаагүй юм билээ. Түүнийг “нэг дугаарын хүн” энэ ажилд оруулахаар түлхээ хийсэн байдаг  ажээ. Чухам иймээс дээрх хүний санааг  багтаасан Тавантолгойн гэрээг С.Баярцогтын найруулагатайгаар хэлэлцүүлж, батлуулах төсөл явж байгаа юм байна. Мэдээж үүнд нь УИХ-ын дарга бас бус хүмүүс нийлээд саад, дэгээ тавьж өөрөө  өөрсдийнхөөрөө болгох гэж элдэв асуудал дэгдээж яваа билээ. 

Гэхдээ С.Баярцогт маневр сайтай улстөрч. Улстөрч хүнд бол байх чанар.Тэрээр АН-аа МАН болоод бусад намтай учир начраа  ололцоход гүүр болж  чаддаг, үүнийхээ хэрээр элдэв хор найруулж, өөрт ашигтай  тоглолт гаргаж дөнгөдөг гүйлгээ ухаантай. Тийм ч учраас өдгөөгийн Шийдлийн Засгийн газар гэгчид Ч.Сайханбилэгийн гэхээс илүүтэй С.Баярцогтын бодлогын санаа, шийдвэрүүд гол шугам болчих гээд байдаг ажээ. Энэ бүхнээс харахад өнөөгийн улстөрийн гол  баг болох АН-ын лидер  тоглогчдыг ялгаж, салгахад амар болж ирнэ. Иргэдийн найдвар гэгдээд байгаа Тавантолгойн асуудлаас харахад л Ерөнхийлөгч ямар хүмүүстэй  нэг баг болсон, УИХ-ын даргын талынхан хэн бэ гэдгийг ард түмэн ерөнхийдөө мэддэг болчихлоо. Намын төвшнөөс давсан энэ талцлын эцсийн дүнд иргэд хожих эсэхийг цаг хугацаа харуулна. Харин Ч.Сайханбилэг гэдэг хүний цаашдын улстөрийн карьер Тавантолгойн гэрээ хэр байхаас шалтгаалан үргэлжилж таарах юм. Бүр тодорхой хэлбэл Тавантолгойн гэрээг сайн, муу болсны хараал, ерөөлийг энэ хүн биеэрээ  үүрч гарна. Байдал нэгэнт ийм байхад Хэрэг эрхлэхийн даргаараа толгой хийж яваа түүнийг нам доторх улстөрчид нь шүүмжилж, зарим хүн нь гэнэн, цайлганаар хэлэх болжээ. Нэг хэсэг нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрын улстөрийн холбоосыг салгавал хэн хэндээ ашигтай гэдэг зөвлөгөө гаргаж, Ерөнхий сайдад энэ тухай дуулгаж амжсан байна.

Дахин хэлэхэд АН-ынхны хэн нь хэнтэйгээ хөтлөлцөж, ямар эрх ашгийн төлөө нэгддэг нь Тавантолгойн асуудал дуусахад бүр илүү тодорхой болох бололтой. Чухам ийм л шалтгаануудын улмаас энэ гэрээ ард түмний хүслээр  бус АН-ынхны тааллаар ирэх зуны сонгууль дуусч, шинэ Засаг эмхэртэл хүлээгдэж мэдэхээр байна. Үүссэн нөхцөл  байдал МАН-д ашигтайгаар эргэж буйг мангар хүн ч ойлгож байгаа. 2012 он солигдонгууд АН-ын дарга Н.Алтанхуяг “ Бид хамтарсан Засагт үүргээ гүйцэтгэлээ. Одоо мөр мөрөө хөөж сонгуульдаа орьё” хэмээсэн шиг МАН-ынхан Засгийг орхиход хэлэх үг нь бэлэн байна. Тэртээ тэргүй улс мөнгөгүй байхад  МАН-д ч нэг их гарзтай биш байх. Эртхэн замаа хөөвөл жилийн дараахь ашиг нь их байгааг тооцоолж буй болов уу. АН-ынхан “Би”-гээр өвчилж, дороо эргэлдэж  байхад МАН-д маш олон хувилбар гарч ирлээ.Ерөнхий сайд нь ч ерөнхийдөө өөр толгойтой гээд байна шүү дээ.

Ө.СОНОР

 "Зууны мэдээ" сонин