Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, дэлхий дээр нүүдлийн гэгддэг соёл иргэншлийг сонгодог утгаар нь тээж яваа бараг цорын ганц ард түмэн билээ. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл өдөр ирэх тусам бүдгэрэн гээгдэж байна.

Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжил, техник технологийн дэвшил зэргээс шалтгаалан уламжлалт соёлын өвөө судлан шинжлэх, хадгалан хамгаалах, уламжлуулан өвлүүлэх хүсэл эрмэлзлэл нэн өндөрсчээ. Тийм ч учраас ЮНЕСКО-д хүн төрөлхтний соёлын өвийг бүртгэн хамгаалдаг болсон. Үүний нэг нь Монгол гэр юм.

Монгол улс 20-р зуунд эрчимтэй хотжиж, өнөөдөр суурьшмал болон нүүдлийн иргэншил зэрэгцэн оршиж байна. Гэвч алс хэтдээ нүүдлийн соёл маань бүдгэрэн гээгдэж, суурьшин амьдрах төлөв ихсэх хандлагатай болжээ. Монгол гэр бол баттай эх сурвалжийн мэдээгээр монголчуудын эртний өвөг Хүннүгийн үеэс хэрэглэж ирсэн эдийн соёлын гайхамшигт дурсгал бөгөөд өнөө цагт монгол гэрийн хэрэглээ багасгаж, гэрийн олон төрөл зүйл, гэр урлах уламжлалт арга ухаан үгүй болж, дан ганц үйлдвэрийн нэг хэв загварт шилжиж, гэртэй холбоотой ёс заншил, зан үйл мартагдахад хүрчээ.

13-р зууны үед европын жуулчид гэр тэрэгний нүүдлийг хараад "яг л хот нүүж яваа юм шиг гайхалтай" хэмээн шагширч байсан тэр монгол гэрийн сонгодог хэв загвар нэгэнтээ үгүй болж, гэр гэдгийг бид гэр хороолол гэдэгтэй холбон ойлгож, ад шоо үзэх болжээ. Тиймээс өнөө цагт монгол хүн таныг монгол гэрээ дээдлэхийн тулд гэрт амьдар хэмээн шахаж шаардах нь зохимжгүй бөгөөд харин бид монгол гэрээ хэрхэн яаж хадгалан өвлүүлэх вэ? гэдэг нь чухал асуудал юм.

Тийм ч учраас монгол гэрийнхээ түүх, холбогдох соёлыг судлан шинжилж, эхний ээлжинд тайлбар толь байдлаар хялбаршуулан уншигчиддаа өргөн барьжээ. 

Түүхийн ухааны доктор Бат-Өлзийн Баатархүү, Дагмидын Одсүрэн нар энэхүү бүтээлээ цагаан толгойн үсгийн дарааллаар 800 гаруй толгой үгэнд багтаан бичсэн бөгөөд үг бүрийн тайлбарыг бичсэн нь уншигчдад ихэд таалагдаж байгаа гэнэ.