Манай Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласан байдаг. Энэ заалтыг манай популистууд мушгин тайлбарлаж, байнга иш татдаг уриагаа болгосоор уджээ.
 
Үндсэн хуулийн 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Тэглээ гээд бүх мал сүргээ нэгдэлд хамруулж, мал маллах ажлыг төр нь өөрөө гардан хийдэггүй биз дээ? Харин ч эдийн засгийн эрх чөлөөний ачаар малчин ард маань малын буянаа эдэлсэн шиг эдэлж, “ажил хийвэл ам тосддог”-ийг бодитоор харуулж байгаа. Социализмын үед хорин сая хүргэх гэж зүдэрдэг байсан малын тоо өнөөдөр Халхын хавтгайд багтахгүй их хэмжээнд хүрсэн нь тод жишээ мөн бус уу?     
         
Уул шугамандаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж маш тодорхой хуульчлан заасан байдаг. Мөн энэ хуулийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан нь төр ашигт малтмал “эрэх, хайх, ашиглах” эрхээ тусгай зөвшөөрөл олгох хэлбэрээр Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэнд шилжүүлж болно, харин үүнийхээ төлбөрт олон янзын татвар, хураамж, шимтгэл авна гэдгийг тодорхойлсон маш ойлгомжтой  зохицуулалт.
 
Эднээс хамгийн чухал нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу “роялти” юм. Өөрөөр хэлвэл ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж ашигтай, ашиггүй ажиллахаас үл хамааран нийт борлуулалтын орлогоос нь шууд хувь тооцож авдаг татвар л даа. Дээрээс нь мэдээж хуульд заасан бусад татвар, хураамж, шимтгэлээ авна, бас тухайн аж ахуйн нэгж нь ашигтай ажиллаад байвал Татварын хуулийн дагуу нийт ашгийнх нь 25 хувийг төр авна.     
 
Аливаа уул уурхайн төсөл хэрэгжих явцад зайлшгүй хийгддэг дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, шинээр бий болох ажлын байр, экспортоос олох валютын орлого, дотоодын худалдан авалт гэх мэт манай популистуудын ойлгох дургүй эдийн засгийн үр өгөөжийг хэлэлцэхээ хойш тавиад, “Оюу толгой гэдэг уул уурхайн төсөлд Монгол Улс 34 хувийг эзэмших болсноор бид юу алдав аа” гэдэг тооцоог хамтдаа харья.             
 
Оюу толгой компанийн 34 хувийг эзэмших гол сэдэл нь татварын дараахи ашгаас ноогдол ашиг олох гэсэн санаархал байсан байх л даа, уг нь ч санадаг л санаа. Үүнийг олж авахын тулд манай популистууд “стратегийн орд” гэх сонсголонтой сайхан нэр томьёог санаачилж Ашигт малтмалын хуулиндаа оруулаад, үхэн хатан тэмцэлдэн байж өнөөх 34 хувийг нь авахаар боллоо. Хувь эзэмшсэн л бол ноогдол ашиг хүртэхээсээ өмнө эхлээд төслийг хөдөлгөх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тул өөрөө хөрөнгөгүйн эрхэнд нөгөө талаар “даалгаж” хүүтэй зээл авахаар тохирлоо. Нэг ёсондоо нөгөө талынхаа ирээдүйн ашгаас нь “хумслах” шаардлагатай болсон учир наана нь  авах татвар хураамжаа тогтворжуулан найр тавьлаа. Ингээд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд роялти татварыг борлуулалтын орлогын 5 хувиар буюу зөвхөн суурь роялти түвшинд авахаар тогтлоо. Гэтэл уг нь Ашигт малтмалын хуулийн дагуу нэг тонн зэсээс авах роялтийн хэмжээ олон улсын зах зээлийн зээлийн үнийн өсөлт/бууралтаас хамаараад 5-20% хүртэл өсөх ёстой байж:
 
Лондонгийн металын биржийн                   Зэсийн баяжмалд                       
      1 тонн зэсийн үнэ                                      ноогдох роялти  
5,000 ам доллароос доош                                     5 хувь
5,000-6,000 ам доллар                                        16 хувь
6,000-7,000 ам доллар                                        17 хувь
7,000-8,000 ам доллар                                        18 хувь
8,000-9,000 ам доллар                                        19 хувь
9,000 ам доллароос дээш                                    20 хувь
 
Харамсалтай нь байдал бодсоноос арай “өөрөөр” эргэж байгааг бид дэндүү хожуу ухаарсан. Дээрээс нь төслийн санхүүжилтийг Монголын тал зээлээр авч хийсэн учир төсөл хөрөнгө оруулалтаа нөхөх, зээлийн санхүүжилтээ хүүгийн хамт эргэн төлтөл 15-20 жилийн хугацаанд ноогдол ашиг гэдэг зүйл олж долоохгүй гэдгээ ойлгоод одоо улс даяараа гайхшрах байдалтай сууж байна.
 
Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй 34%-ийн төлөө роялти татварыг 5% дээр тогтворжуулж өгснөөр бид юу алдав аа гэдэг тооцоог хийж үзье. Лондонгийн металын бирж дээр 1 тонн цэвэр зэсийн үнэ сүүлийн таван жилд хамгийн багадаа 5,000-5,500 ам.долларт хэлбэлзсэн байна.
Эх сурвалж: Bloomberg
 
 
 
Мөн манай Засгийн газартай маргаанаа шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй Оюу толгой жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал гаргаад явах бүрэн боломжтой байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нэгэнт байгуулагдчихсан учир одоо яах ч аргагүй, “бандан тас”. Гэхдээ манай популистуудын “уухайлан” байж зуруулсан гэрээний ачаар төсөл хэрэгжих эхний 15 жилийн хугацаанд л гэхэд зөвхөн роялти татварын зөрүүнд юу алдсанаа нэг тооцож хархад их л том тоо гарч ирлээ, хөөрхий.
 
Уг нь бид чинь хуулийнхаа дагуу “газрын хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал”-аа 100% эзэмшээд, гадныхнаар эрсдэл  үүрүүлж ашиглуулаад, борлуулалтын орлогоос нь шууд роялти татвараа аваад жарган суух хүмүүс байж л дээ. Гэтэл популизмын “буянаар”  Оюу толгойн төслийн компанийн 34 хувийг авах гэж улайрснаас эхний 15 жилийн хугацаанд бараг 2.7 их наяд төгрөгийн орлогоо авахаас зүгээр л татгалзчихсан!! Монгол банкны бодлогын хүү буюу 13 хувиар өнөөгийн үнэ цэнийг нь тооцоход ойролцоогоор 1.1 их наяд төгрөгөө бид Хөрөнгө оруулалтын гэрээ зурсан тэр өдөр зүгээр л алдчихаж. Энд би ойлголтыг хялбаршуулаах үүднээс баяжмал дахь алт, мөнгөний агууламжийг түр мартаад, зөвхөн 30 хувийн зэсийн агууламжаар тооцоо хийснийг анхаарна биз ээ. Алдсан 1.1 их наяд төгрөгөө 15 жилийн дараа нөхөж авах боломж байгаа л даа. Гэхдээ 15 жилийн дараа Монголын талын 34 хувьд хуваарилагдах ноогдол ашиг дор хаяж 7.2 их наяд төгрөгтэй тэнцэж байж л өнөөгийн үнэ цэнэд дүйцэх  хэмжээнд ирэх юм. Оюу толгой төслийн компанийн  нийт ашиг тухайн жилдээ 21 их наяд төгрөг буюу 11 гаруй тэрбум ам.долларт хүрч байж дээрхи хэмжээний ногдол ашиг хуваарилж чадна гэсэн үг. Энэ нь жилдээ 1-2 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг компанид арай л ахадсан шаардлага гэдгийг Дорж өвөө, Дулмаа эмээ хоёр ч ойлгох биз дээ.  
 
Хөрөнгө оруулагч тал Оюу толгойн гэрээг зурж байхдаа “хөх инээд” нь хүрээд байж ядан байсан гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн шүү. Мөн үүнийг “Зууны тэнэглэл” нэртэй тусгай кейс болгож ирээдүйд эдийн засгийн оюутнууд судалснаар Монголын жишээнээс дэлхий даяараа  суралцах болно гэдэгт ч итгэлтэй байна.   
 
Өнөөдрийн өөхөө маргаашийн уушгиар солин байж бидний төлөө тэмцсэн популистууд, эдийн засгийн алуурчиддаа хэдүүлээ нэг “баярлалаа” гэж хэлэх үү? Ийм гэрээ зуруулах түвшинд популизм хийнэ гэдэг гайхамшиг биш гэж үү?
 
Хитмэн
2015/05/11