Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мастер алхам хийн ирэх долоо хоногт Монголд албан ёсны айлчлал хийхээр шийдлээ.

Монгол Улс нь Жавахарлал Неругээс /анхны ерөнхий сайд/ эхлээд Энэтхэгийн аль ч ерөнхий сайдын радарын дэлгэцэнд өртөж байгаагүй юм. Гэхдээ Н.Моди тавдугаар сарын 17-нд Монголын нийслэл Улаанбаатар хотод нэг шөнийг өнгөрүүлэн энэ хандлагыг өөрчилнө.
 
Энэтхэгийн нэг ч ерөнхий сайд Монголд айлчилж байгаагүй бөгөөд Н.Моди анхных нь болно. Тэрбээр энэ удаад гурван улсад айлчлах гэж байгаа юм. Н.Моди эхлээд тавдугаар сарын 14-16-нд БНХАУ-д айлчилсныхаа дараа Монголд айлчилна. Цааш тэрбээр Өмнөд Солонгост айлчилснаар /тавдугаар сарын 18-19-нд/ айлчлалаа өндөрлөнө.
 
Ерөнхий сайд асан Манмохан Сингх 2006-2007 онд Монголд айлчлахыг хүсч байсан боловч яагаад ч юм айлчилж чадаагүй. Гэхдээ Ерөнхийлөгч асан Пратибха Патил 2011 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан юм.
 
Н.Моди болон Монголын албаны хүмүүс хоорондын яриа хэлцээний гол сэдвүүдийн нэг уран байх нь илэрхий. Энэтхэгтэй ураны хэлэлцээрт гарын үсэг зурсан анхны цөөхөн хэдэн улсын нэг нь Монгол юм.
 
Франц Энэтхэгтэй цөмийн хэлэлцээр байгуулсан анхны улс болсон. Тус хоёр улс 2008 оны есдүгээр сарын 30-нд гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүний дараа Орос, Монгол, Намиби, Аргентин, Их Британи, Канад, Казахтан, Өмнөд Солонгос болон АНУ гэсэн есөн улс Энэтхэгтэй цөмийн хэлэлцээр байгуулсан.
 
2009 оны есдүгээр сард Энэтхэг болон Монгол уран нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч харамсалтай нь Монголоос анхны уранаа нийлүүлэхийг Энэтхэг улс хүлээсээр өнөөг хүрсэн байна.
 
Өргөн уудам буюу 1.5 сая км2  газар нутагтай ч Делигийн хүн амын бараг дөрөвний нэг хувьтай тэнцэхүйц, тодруулбал ердөө гуравхан сая хүн амтай Монгол Улсад Ерөнхий сайд яагаад айлчлахаар шийдсэн юм бол?
 
Ураны талаарх төөрөгдлийг март! Энэтхэгт одоохондоо энэ үнэт металлыг авах хангалттай гадаад эх үүсвэр бий. Н.Модигийн Монголд айлчлахаар шийдсэний цаадах жинхэнэ шалтгаан бол Хятад.
 
Модигийн Монгол дахь айлчлал нь хоёр талын харилцаагаа харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинд хүргэхэд Азийн парламентын засаглалтай ардчилсан энэ хоёр улсын аль алинд маш чухал. Монгол асар өргөн уудам газар нутагтай улс ч ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог.
 
Монгол дэлхийн бусад улстай нягт харилцаатай байж, эдийн засаг болоод улс төрийн хувьд Хятадын нөлөөг багасгахыг эрмэлзэж байгаа юм.
 
Эдгээр шалтгааны улмаас БНХАУ Монголын зах зээлүүдийг нүд салгалгүй ажигласаар ирсэн. Гэхдээ Хятадын компаниудын явуулж буй үйл ажиллагааны улмаас Монголын ард түмэн болон улс төрийн элитүүд сэтгэл түгшсээр байна. “Синофоби” буюу харийнхнаас болгоомжлох хандлагад илт өртсөн улс төрчид болон улс төрийн намуудын тоо Монголд нэмэгдсээр байна. Худалдаа болон арилжааны хувьд БНХАУ-аас хэт хамааралтай байх нь Монгол Улсад тийм ч сайн биш гэж тэд үзэж байгаа юм.
 
Ийм учраас Монгол Улс Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлж, гадаад бодлогоо өргөжүүлэх зорилгоор “гуравдагч хөрш” бодлогоо ашиглахыг хүсч байна.
 
Стратегийн болон дипломат бодлогын хувьд Энэтхэг болон Монгол яриа хэлцээний ширээнд олонтаа суудаг. Монгол бол дэлхийн далайд гарцгүй хоёр дахь том улс. Нэгдүгээрт Казахстан ордог юм. Монгол нь зэс, нүүрс, уран, төмөр зэрэг ашигт малтмалаар баялаг орон. БНХАУ 1999 оноос хойш Монголын худалдааны хамгийн түнш хэвээр байгаа бөгөөд Монголын экспортын 70 гаруй хувийг эзэлж байна. Цаашлаад, Монголын гадаадын хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь дан ганц Хятадаас орж ирж байна. Монгол 1921 онд Хятадаас тусгаар тогтносон бөгөөд Хятадын олон хэсэгт Монголыг өнөө хэр нь “Ар Монгол” гэдэг юм. Тайвань мөн Монголыг өөрийнхөө газар нутгийн хэсэг гэдэг билээ.
 
Энэ бүхнээс харвал, Монголын улс төрчдийн дунд “Хятадын эсрэг хандлага” нэмэгдэж, Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр Хятадыг шүүмжилсэн мэдээлэл ихээхэн гарч байгааг буруутгах  аргагүй. Батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа нь Энэтхэг-Монголын хоёр талын харилцааны шинэ чиглэл болж байна. Н.Модигийн Монголд хийх айлчлал энэ салбаруудад хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх биз ээ.
 
Өөр хоёр улс харилцаагаа бэхжүүлж байхад хүрэхгүй газар, хоцрохгүй юм гэж байдаггүй БНХАУ үл анзаарсан мэт царайлж буй энэ цаг үед бид амьдарч байна. Тавдугаар сарын 17-нд Н.Моди Улаанбаатарт Монголын албаны хүмүүстэй хэлэлцээ хийхдээ өөрчлөлт хийхийн тулд арай өөр арга  ашиглах төлөвтэй байна.
 
Энэ удаад БНХАУ Н.Модиг Монголд айлчлах үеэр ямар нэг таатай зүйл болохыг найдан хүлээж сууна гэж “FirstPost” цахим хуудасны  зөвлөх редактор, стратегийн шинжээч Ражив Шарма бичжээ.
 
орчуулсан Г.Доржханд