Цуутай зодоонуудын өмнөх нэгдүгээр бүлэг маань саяхан цахим ертөнцөд үнэхээр том бужигнаан үүсгэв. “Монголын түүх” бүлгэмд нийтлэгдсэн уг нийтлэлд хоёрхон хоногийн дотор 300-гаад хүн Like дарж, 600-гаад хүн Share хийв.

Зарим хүн Лайк хийхээ мартаад бушуухан шейрлэж аваад л өөрийнхөө нүүр хуудсан дээр тавингуутаа “За нэг лут юм чирээд ирлээ. Тухтайхан уншина аа” гэж байгаа нь ажиглагдав. Өмнөх бүлэгтээ 1904 оны Да хүрээний зодоон, 1907 оны лам нарын зодоон, 1912 оны Маймаа хотын зодоон, 1961 оны хятад, монголчуудын зодооны талаар өгүүлсэн билээ. Энэхүү хоёрдугаар бүлэгт 1966 оны хятад, монголчуудын зодоон болон “Есөн гудамжны зодоон”, 1976 оны Хандгайтын зодоон болон Үйлдвэр комбинатын зодоон, 1986 оны Хүнсний хорийн зодооны талаар тус тус өгүүлж байна. 20-р зууны эхэн үеийн том том зодоонууд хүмүүсийн тархи толгойноос аль хэдийн арчигдсан ч түүх бичлэг, ном зохиолд дурдагдахын сацуу ахмад настануудын дунд домог яриа мэт тэнүүчилж явдаг юм байна. Харин жараад оноос хойш өрнөсөн том том зодоонуудын амьд гэрч нар, тэдгээр зодоонуудад гар бие оролцож явсан хүмүүс эдүгээ амьд сэрүүн байгаа болохоор нэхэн сурвалжлахад нэн таатай байлаа. Ингээд 20-р зууны хоёрдугаар хагаст өрнөсөн том том зодоонуудын он дарааллын хуудсыг сөхсү.

 

1966 ОНЫ ХЯТАД, МОНГОЛЧУУДЫН ЗОДООНЗарим ховор чухал гэрэл зураг тухайн үеийнхээ түүхийг өгүүлдэг бөгөөд урьд өмнө нь сонин хэвлэлд тэр бүр нийтлэгдэж байгаагүй тун ховор зурагнууд саяхан бидний гарт орж ирсэн юм. Тэдгээр зурагнууд бол 1966 онд Монголын нутгаас хөөгдөж байгаа Хятад иргэдийн зураг бөгөөд тухайн үед Тагнуулын төв газрынхан уг зургуудыг авч архивтаа оруулсан байх аж. Ингээд тоос, шороо үзүүлэлгүй, хүний нүдний хор гаргалгүй дөч гаруй жил хадгалжээ. 1966 онд нам төрийн тэргүүн Юмжаагийн Цэдэнбал Монголын нутгаас хятадуудыг албадан гаргах үед мөн л бяцхан хэмжээний зодоон болсон байдаг. Гэхдээ 1961 оны нүсэр зодооны хажууд бол юу ч биш. Тэд мөн л цагдаа нарыг зодож нүдсэн байх бөгөөд тэнд байсан монголчууд ч гараа эвхээд зогссонгүй. Харин энэхүү зодооныг нэг их даамжруулалгүйгээр дарж авсан байдаг. Зодоон дуусаад, хятад, монголчууд хэрхэн зөрчилдөх болсон талаар учир зүйгээ ололцож байх агшинд Тагнуулын төв газрынхан Вокзал дээр явж хүрээд хэдэн зураг дарсан байх жишээтэй. Тэр үед вокзал дээр зодоон болж байгаа сургаар “Нударга” Сэнгээ гэгч тэргүүтэй Улаанбаатарын нөлөө бүхий хэдэн хулигаан тийшээ тавьж хүрсэн ч зодоон аль хэдийнэ дуусчихсан, цагдаа, тагнуулынхан зохицуулалт хийгээд байж байжээ. Энэхүү “Нударга” Сэнгээ гэгч нь өмнө нь том жижиг хэд хэдэн зодоон цохионд оролцож явсан жаатай эр юмсанж. 1966 оны энэхүү зодоон маш богино хугацаанд болоод өнгөрсөн тул 1961 оны зодоон шиг олон хүнийг хамарсангүй. Тиймээс яг улаан гараараа зодолдож байгаа дүрс нь гэрэл зургийн хальсанд буусангүй. Тэгсэн ингэсэн, тэгж зодолдсон, ингэж зодолдсон гэх тоймтой дурсамж яриа ч хүмүүсийн сэтгэлд үлдсэнгүй. Үлдсэн байлаа ч үүнийг 1966 оны бас нэг томоохон дуулиан нам дарж орхижээ. 1966 он бол Монгол улсын түүхэнд хоёр том үйл явдлыг үлдээсэн гайхалтай, бас аймшигтай он байлаа. Гайхалтай нь гэвэл 1966 оны хавар их удирдагч Ю.Цэдэнбал Монгол улсад олноор орогнож байсан хятадуудыг галт тэргэнд суулгаад Бээжин рүү албадан гаргасан явдал юм. Гэвч тэрхүү албадлага ердөө ганцхан сарын дараа Улаанбаатар хотод “хар энерги” илгээж байна уу гэлтэй Монголын түүхэнд "1966 оны үер” хэмээх аймшигт дүр зургийг үлдээсэн билээ. Олон зуун хятадыг хөөж явуулаад удаагүй байтал нийслэл хотод улаан хоормогоор эргэлдсэн аймшигтай үер бууж олон зуун хүн амь насаа алдахаас гадна өч төчнөөн байшин барилга, айл өрх үерийн усанд сүйдэж байсан түүхтэй. 1966 оны 7-р сарын 11-нд тэнгэрээс нэлхийтэл буусан их усны харгайгаар Туул гол савандаа багтахгүйгээр үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр ус бялхаж, Үйлдвэр комбинат, 120 мянгат нэлэнхүйдээ усанд автжээ. Комбинат хавийн алба, амины хашаа, гэр орон, хөрөнгө хогшил нүдний өмнө урсан өнгөрч, хүүхдээ тэвэрсэн хүмүүс газрын өндөр бараадан, живж буй хүмүүсийн “Авраарай, туслаарай!” гэх гаслант дуу тасралтгүй цуурайтах нь үнэхээр зүрх зүсэм, аймшигтай байсан гэдэг. Энэхүү аймшигт үер 1966 оны хятад, монголчуудын зодооны элдэв сонин хачныг нам дарчихсан хэрэг шүү дээ. Хэрвээ тэр үед аймшигт үер тэнгэрээс буугаагүйсэн бол нийслэлчүүд байрныхаа гадаа налайж суугаад л вокзалын зодооны талаар хүүрнэлдэх байв. Цэдэнбал дарга хятадуудыг хөөж гаргасныхаа дараа “Бид маш том цэвэрлэгээ хийлээ. Хэрвээ энэ цэвэрлэгээ жаахан л оройтвол монголчууд монгол хүн биш болох тал руугаа хандах байсан юм” гэж ярьж байсан гэдэг. Үнэндээ ч тэр үед тухайн цагийн улс төрийн нөхцөл байдлаас болоод Хятад, Монгол хоёр улс таарамжгүй харьцаатай болохын сацуу Улаанбаатарт суугаа хятад, монголчууд сав л хийвэл хоорондоо нүдэлдэж зодолдох хэмжээнд хүрсэн байв. Жишээ нь тэр үеийн зодоонуудаас “Есөн гудамжны зодоон” гэгч нь жараад оны хүмүүсийн тархи, зүрхэнд үлджээ. Тухайн үед “Туул” рестораны ард хойшоо харсан модон гүүр байсан бөгөөд энэ хавьд хятад, монголчуудын хооронд нэгэн мундаг зодоон болж байсан байна. Наймаан дээрээс болж зодоон үүсчээ. Эхлээд нүцгэн гараараа зодолдож байснаа сүүлдээ чулуу, мод болоод явчихаж. Олон ч хүн тархи толгойгоо хагалуулж цус нөжтэйгөө холилджээ.

 

Хятадын есөн гудамжинд өрнөсөн зодооны талаар дөч, тавин мянгатад насаараа амьдарсан “Амбан шар” хочит Батаа хэмээх өвгөн хуучлахдаа “Тэр үед Хятад-Монголын харилцаа илэрхий муудаад байсан үе л дээ. Есөн гудамжны хятадууд тэр үед монголчуудад нууцаар архи зардаг байсан юм. Гэхдээ өөрсдийнхөө таньж мэддэг Дамбий, Ичинхорлоо мэтийн хэдхэн архичинд л архиа зарна. Танихгүй хүн очвол “Архи байхгүй ээ” гээд мухлагынхаа модон цонхыг тас хийтэл хаачихна. Тэгтэл нэг өдөр хэдэн монгол очоод “Та нарт архи байгаа. Гаргаад ир” гэж шаардсанаас болж бөөн зодоон болсон. Хятадууд биднийг бодвол нэгнээ өмгөөлж хамгаалахдаа сүрхий улс шүү дээ. Нэг мухлаг дээр үймээн дэгдэхэд бусад бүх мухлагийн хужаанууд гүйгээд ирж байгаа юм. Тэгэхдээ ерөөсөө анхнаасаа бэлдчихсэн юмуу гэмээр бүгд гартаа хөрөө, сүх, алх, хүрз, жоотуу барьчихсан ирж байгаа юм даа. Гар хоосон монголчууд эхлээд улаан гараараа зодолдож байснаа сүүлдээ гартаа тааралдсан чулуу, модыг аваад л дайрцгаасан. Цаадуул нь бүгд багаж зэвсэгтэй болохоор арга байж уу. Энэ зодоонд маш олон хүн гэмтэж бэртсэн. Миний мэдэхээр хоёр гурван ч монгол сүхээр цохиулаад нам болж байлаа. Сүүлдээ энэ зодоон маш олон хүнийг хамарч хужаагийн есөн гудамжнаас Тасганы овоо хүртэл хүнээр пиг дүүрч байсан юм. Үнэхээр мундаг зодоон болсон. Сүүлдээ цэрэг, цагдаа ирж байж арай гэж салгасан. Гэхдээ энэ зодооныг гадагш нь мэдэгдэлгүй нам дарсан гэдэг юм. Социалист Монголын нэр төрд харшилж таарна шүү дээ” гэж өгүүлсэн юм.1976 ОНЫ ХАНДГАЙТЫН ЗОДООН1976 оны өвөл Хандгайтад болсон зодоонд Дөч, Тавин мянгат, Бага тойргийнхон хоорондоо зодолдсон байдаг юм. Ухаандаа тэд эргүүлийн цагдаа холхилдсон хотын давчуу гудамжнаас гарч эрүүл агаарт, бас цэлгэр том орон зайд эрх дураараа зодолдсоноороо онцлогтой. Тэрхүү зодоонд оролцож байсан амьд гэрч нар гэвэл хотын дарга Э.Бат-Үүлээс эхлээд л маш олон хүн амьд арзайж, мэнд мэлтийж байна. Хотын дарга маань энэхүү зодооны хохирогч гээд бодчих. Зодоон л бол зодоон, түүх л бол түүх. Би бээр “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд” хэмээх ном бичиж байх үедээ Хандгайтын зодооны талаар олон хүнээс асууж лавлаж байлаа. Гэхдээ Хандгайтын зодооны талаар хүмүүс янз янзаар ярьдаг. Ингэхээс ч өөр аргагүй. Тухайн хүн зөвхөн өөрт тохиолдсон зодооныхоо талаар л ярина. Жишээ нь Бат-Үүл дарга өөрт тохиолдсоноо дурслаа гэхэд тэнд байсан хэн нэг нь бас л өөрт тохиолдсоноо ярина. Тиймээс “Өө, тэгээгүй, ингээгүй, минийх зөв, чинийх буруу” гэж хэлэхийн аргагүй. Яагаад гэвэл зодоон зөвхөн нэг хавтгай дээр, хэн хүнд илхэн харагдахаар нэг жижигхэн өрөөнд хэд гуравхан хүний дунд болоогүй. Хад, модтой, жалга довтой Хандгайтын цэлгэр том орон зайд Дөчин мянгатынхан, Тавин мянгатынхан, Бага тойргийнхон хоорондоо нүдэлдсэн. Тиймээс тухайн зодоон янз янзаар яригдах үндэстэй юм. Ингээд уг зодоонд оролцсон зарим хүний яриаг сийрүүлье. “...Тэр үед их, дээд сургуулийнхан өвөл бөөн цөөнөөрөө Хандгайтад очиж цана, чаргаар гулгадаг байсан юм. Бид нарын босс “Бацаан” Зоригоо эхнэр Урнаагаа дагуулаад Хандгайтад очсон юм. Тэр үед Хандгайтад гурван төгрөгөөр морь унуулдаг байлаа. Зодоон болохоос өмнөхөн бид уулын оройгоос чаргаар буугаад, Зоригоогийн эхнэр Урнааг уул өөд чирээд явж байсан юм. Яг амьд гэрч нь Бат-Үүл, талийгаач Жамааз бид гурав. Тэр үед үнэгэн лоовууз ид “мода”-нд орж байлаа. Урнааг уул өөд чирээд явж байтал гурван төгрөгөөр морь унасан Мангарын бүлгийнхэн бидэн дээр давхиж ирээд Урнаагийн малгайг булаагаад авчихсан. Тэгэхээр нь Бат-Үүл нар уурлаад өөдөөс нь шууд зодолдоод унасан. Тэгсэн “Танзуур” Ганхүү том гишүү авчраад Бат-Үүлийг цохиод унагасан. Хандгайтад цастай байсан болохоор чулуу олдохгүй, үүний оронд гишүү бариад л зодолдоцгоож билээ. “Бацаан” Зоригоо уулын орой дээрээс гүйж ирээд “Миний авгайг та нар яаж байгаа юм бэ” гэснээр Ариунболд, “Бацаан” Зоригоо хоёр хоорондоо тулгарсан. Энэ хоёр чинь уг нь найзууд байхгүй юу. Гэвч Зоригоо Ариунболдыг үзье энэ тэр гэж өдөөд, бас залуу насны онгироо зан байсан биз. Ингээд л дөч, тавин мянгатынхан хоорондоо тэмцэлдээд бөөн зодоон болж хувирсан. Энэ үеэр Бат-Үүлийн төмсөг рүү хэн нэг нь цанын таягаар цохьчихсон юм билээ.

 

Тэгээд Бат-Үүл босч чадахаа байгаад эмнэлэг, түргэн тусламж болоод явчихсан. Бат-Үүлийн байрны атаман талийгаач “Бодон” Чука, Өөдөө, “Шагай” Баяраа гээд маш олон хүн энэ зодоонд оролцсон. Тавин мянгатын Мангарын бүлгийнхэн морь уначихсан байсан болохоор Дөчин мянгатынхан тэднийг олигтой зодож чадаагүй. Ер нь “Бацаан” Зоригоогийн авгайн малгайг булааснаас болж л энэ зодоон гарсан юм. Орой нь Тавин мянгатын “Шар” Энхээ тэргүүтэй хүмүүс эмнэлэг дээр очиж Бат-Үүлээс уучлал гуйсан юм билээ” гэж Дөчин мянгатын Боби өгүүлсэн бол уг зодоонд оройлон оролцсон “Шар” Энхээ өгүүлэхдээ “Би Хандгайтын зодоонд голлож оролцсон нь бол яах аргагүй үнэн. Бат-Үүлийн авгай дурсамжийнхаа номонд энэ тухай бичсэн байна лээ. Дөч, тавин мянгатынхан хоорондоо зодолдсон юм. Дөчин мянгатаас Самбуугийн Хишигбуян, Бат-Үүл, “Бацаан” Зоригоо гээд олон хүн энэ зодоонд оролцсон. Манай Тавин мянгатынхан бол тэр чигээрээ байсан. Энэ зодооны үеэр Бат-Үүлийн эмзэг эрхтэн гэмтэж бариад хэцүү болсон шүү дээ. Түүнийг эмнэлэгт байхад нь бид нар очиж уучлалт гуйж байлаа. Ер нь тухайн үед бид нар хоорондоо зодолдоод хэн нэгнийх нь хамраас цус гарвал больчихдог байсан. Дараа нь бие биедээ юм санаад байдаггүй байлаа” гэсэн юм. Мөн Тавин мянгатын “Ал” Алтанхуяг өгүүлэхдээ “Бат-Үүл буриад цустай, их шазруун хүн л дээ. Хандгайтад болсон зодооны үеэр “Шар” Энхээ Бат-Үүлийг өшиглөөд цанын таягаар цохьчихсон юм. Тэгээд мань эрийн төмсөг нь гэмтчихээд хөдөлж чадахгүй, хүмүүс түүнийг гуч машины тэвшин дээр хэвтүүлчихээд байхад л “Та нартай алалцана аа” гээд л өндийж босч ирээд байгаа юм. Тэр үеийн атаманууд дөч, тавин мянгат гээд хуваагдчихсан, хоорондоо жаахан таарамж муутай, ер нь л нэг зодоон болох гээд байсан юм. Тэгээд “Бацаан” Зоригоогийн явуулагаар тэр зодоон нь Хандгайтад болсон юм. Манай Тавин мянгатаас Ариунболд, Зандраа, би, талийгаач Ганхүү гээд ихэвчлэн манай байрныхан байсан. Дөчин мянгатынхнаас “Бацаан” Зоригоо, Бат-Үүл, “Шумуул” Чука, бага тойргийн “Бух” Ганбаа, Маяка, Доёдын Мэндээ, “Таки” Болд гэх мэтийн хүмүүс байсан. Тэгээд Хандгайт чинь тэр чигээрээ зодоон болж хувирч байлаа” гэсэн юм. Энэхүү зодооны улмаас ганцхан хүн ял авсан гэх бөгөөд тэр нь Тавин мянгатын Ариунболд. Мань эрийг нэг ч нөхрөө хэрэгт холбогдуулалгүй ганцаараа даагаад таван жилийн ял авч байсан гэж зарим хүн ярьдаг.

 

Зарим нь болохоор Хандгайтын зодооноос ямар ч хүн ял аваагүй гэдэг. Өнгөрсөн хугацаанд улс төрийн сонгууль болгоноор Дөчин мянгатын түүхийг гадарладаг хэд гурван хүн Бат-Үүлийг доош нь хийх маягаар “Хандгайтын зодооноор Бат-Үүл адилхан зодолдчихоод цагдаад гомдол гаргаж нөхдөө барьж өгсөн” гэх зэргээр ярьж, бичиж ирсэн. Гэвч энэ нь худлаа болохыг уг зодоонд оролцсон олон хүн гэрчилдэг юм. Цагдаагийнхан тэр үед Бат-Үүлийн гомдолоор биш дуулиант зодооны сураг ажигаар л зарим хүнийг мөрдөж мөшгисөн байдаг. Тэрнээс биш Бат-Үүл нөхдөө барьж өгөөгүй бөгөөд хаа очиж мань эр элдэв шалдав юм яриад байдаггүй, үзэлцвэл эр хүн шиг үзэлчихдэг, үерхвэл эр хүн шиг үерхчихдэг “Мужик” байсан юм байна шүү. Ганц нэг хүн л түүний зарим үйлдлийг мушгиж гоочлоод байдаг бололтой. Энэ бол нөгөө л улс төрийн сонгуулийн балаг шүү дээ. Хэрвээ Бат-Үүл улс төрд ороогүй байсан бол энэ мэтээр гүтгүүлэхгүй, харин ч Хандгайтын зодооны гол баатар гэдгээр зарим хүнд ихэд таашаагдах байлаа. Хандгайтын зодооныг зөвхөн дөч, тавин мянгатынхны хүрээнд яриад байдаг. Гэтэл Бага тойргийнхон, тэр дундаа Чехийн 36-гийнхан голлож оролцсон байдаг. Энэ тухай Бага тойргийн Доёдын Мэндээ өгүүлэхдээ “Тэр үед бид нар Хандгайтаар их зугаалдаг байсан. Хөгжим бүжгийн охидтой бөөнөөрөө салхинд гардаг байлаа. Манай Чехийн 36-ынхан бүлгээрээ явдаг байсан. Зодоон болдог өдөр манайхан бөөнөөрөө, командаараа явж байсан. Биднийг хиам шарж идээд сууж байтал одоогийн Гутлын үйлдвэрийн босс Цэрэндоржийн Төмөр Тавин мянгатын Мангарын бүлгийнхэнд зодуулчихлаа гэж ирсэн. Төмөр бид нарын ээжүүд ах дүү нар шиг найзууд байлаа. Тиймээс би хуурай дүүгээ өмөөрөөд л дэвчихсэн. Манайхан ч намайг дагаад пижигнээд явчихсан. Надтай хамт манай Маяка, “Бух” Ганбаа, “Таки” Болд, “Давс” Даваадорж, Баяраа, Жооний гээд бөөнөөрөө явж байсан. Хар багаасаа зовлон жаргалаа хуваалцсан найзууд. Ингээд яваад очсон чинь “Бацаан” Зоригоо, Бат-Үүл, Самбуугийн Хишигбуян гурвыг Тавин мянгатынхан хэвтүүлчихсэн нүдэж өгч байна. Нөгөө хэд маань цус нөж болчихож. Бид тэднийг өмөөрөөд захаас нь цохиж зодоод бөөн зодоон болж хувирсан. Тэр үед би “Хутга шөвөг гаргаж болохгүй шүү, нүцгэн гараараа сайхан зодолдъё” гэж уриалж байлаа. Яагаад гэвэл манай бүлгийнхэн аягүйтвэл хутга шөвөг хэрэглээд явчихаар тун эвгүй улс байсан юм. Ингээд бид Мангарынхантай зодолдож, тэднээс Бат-Үүл, “Бацаан” Зоригоо, Хишигбуян нарыг салгаж авсан. Бат-Үүл маань сүрхий зодуулчихсан, “Бацаан” Зоригоогийн хамар мурийчихсан, тархи хагарчихсан, Хишигбуян хацар нүүрээ яз цохиулаад тархиа хагалуулчихсан байлаа. Эд нарыг дөнгөж салгаж аваад байж байтал “Туул”-ын хажуу талын 96-гийн Лхагва-Эрдэнэ, Гуулиа нар бөөнөөрөө давхиж ирээд бидэнтэй зодолдсон. Энэ зодоонд манай “Шумуул” Чук хацар луугаа нэвт жадлуулаад, бас уруулаа архины шилээр сэт цохиулчихсан байлаа.

 

Тамхи татахад жадлуулсан хацраар нь утаа гарч байсан. Тиймээс бид 96-гийнханд зөрүүлээд шанг нь хүртээгээд, үүний улмаас тэд “ПАЗ” автобусанд суугаад зугтаад алга болсон. Бид хойноос нь морьтой хөөгөөд, чулуу нүүлгээд л хоцорсон. Дараа нь бид зодуулсан нөхдөө Гэмтэлийн эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед Бат-Үүлийн төмсөгийг гэмтээсэн байсан. Үүнээс болж Хандгайтын зодооны нөхдүүдийг олохоор цагдаагийнхан эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. “Бацаан” Зоригоо, Хишигбуян бид гурав цагдаа нараас бултаад Дархан руу гараад арилж өгч байлаа. Тухайн үед Дарханы атаман “Тавцан” Лхагваа, “Гөөхий” Батцэрэн, “Морин толгой” Төмөрөө, “Сагсны” Хүүеэ нар биднийг угтаж аваад буудалд байрлуулж байсан юм. Миний аав цагдаагийн хүн байсан. Тиймээс аав маань долоо хоногийн дараа Дархан руу хүн явуулж биднийг бариулж авчирч байлаа. Хандгайтын зодооны улмаас ганц хүн ял авсан нь манай Ариунболд. Одоо ч бид нар холбоотой, бие биенээ хүндэтгэж явдаг сайхан найзууд л даа. Далаад оны үед бид цусаа гартал зодолдчихоод эцэг эхээсээ тас нуудаг, нэгнээ цагдаад матах нь тун ховор байсан. Ухаандаа хүн чанартай, хоншоортой байсан юм” хэмээв. Хандгайтын зодооны талаар нэг иймэрхүү. Уг зодоонд оролцсон өч төчнөөн хүн өдгөө амар мэнд байгаа болохоор энэ талаар бас өөр бусад яриа өрнөх нь ойлгомжтой. Ямартай ч “Хандгайтын зодоон” хэмээх тээр жилийн тэр нэгэн зодоон далаад оны залуусын тархи, зүрхэнд хоногшиж, өдгөө түүх болон үлдэж байна.1976 ОНЫ ҮЙЛДВЭР КОМБИНАТ, ДӨЧИН МЯНГАТЫНХНЫ ЗОДООНДалаад оны үед Төв цэнгэлдэхийн хажуу талд бага цэнгэлдэх хүрээлэн гэж байсан бөгөөд энд үе үе хөлбөмбөгийн тэмцээн болдог байж. Тиймээс дош дошныхон өөрсдийнхөө хөлбөмбөгчидөө дагаад л “намирчихдаг” байж. Энэхүү зодоонд оролцож явсан маш олон хүн эдүгээ амьд сэрүүн байна. Дөчин мянгатын “Хар” Итгэл өгүүлэхдээ “Энхтайваны гүүрнээс урагш давмагц Комбинатынхны дош болчихно. Манай дөчин мянгатын “Ногоон царцаанууд” гээд ногоон футболкатай лут хөлбөмбөгийн баг байлаа. Энэ багт Германд элчин сайдаар суугаа Даваадорж, Цогтсайхан, Боби, Германд элчин сайдаар сууж байсан Даваадорж нар тоглодог байсан юм. Тэгж байтал манай баг Үйлдвэр комбинатын багтай тэнцээд 11-ээс цохихоор боллоо. Яг энэ үед Комбинатын баахан дэггүй залуус чулуу, модоор зэвсэглэчихсэн талбай дээр ороод ирсэн. Аймаар зодоон болох шинжтэй болоод явчихлаа. Тэгсэн хамгийн сүүлчийн гоолийг Боби оруулчихаад тэр чигтээ Энхтайваны гүүр лүү зугтчихсан. Хойноос нь чулуун мөндөр буугаад аймаар л юм болсон. Боби зугтах нь аргагүй л дээ. Яагаад гэвэл хожлын гоол хийчихсэн болохоор Комбинатынханд хамгийн түрүүнд зодуулна.

 

Тэнд үлдсэн манай Дөчин мянгатын Геркес, Махаа, Дашпүрэв, Агар нар Комбинатынхантай зодолдоод бөөн цус нөж болсон. Сүүлдээ чулуугаар байлдаад, тэр хавийн байрнуудын нэг давхарын цонх тэр чигээрээ яйран болж байлаа. Энхтайваны гүүрний урд, хойд тал тэр чигээрээ чулуун байлдаан болж, сүүлдээ цагдаа нар ирж тал тал тийш нь хөөж байж нэг юм сарниулж байлаа” гэсэн юм. Тухайн үед хөлбөмбөгийн тэмцээнд ялсан баг шагналаа ч авч чадахгүй Комбинатын дэггүйчүүдийн хараанд орсоноор дараа нь сургууль дээрээ шагналаа гардан авч байсан гэдэг. 1976 оны энэхүү зодоон нь Хандгайтын зодооноос аймаар болжээ. Бусад зодоонуудаас аюултай нь гэвэл хүн амины хэрэг гарсан байдаг. Уг зодооны үеэр нэг залуу бусдад алуулж, өч төчнөөн хүн гэмтэж бэртжээ. Энэхүү зодооны оролцогч, хохирогч, бас гэрч болох Дөчин мянгатын Боби хүүрнэхдээ “1976 оны Үйлдвэр комбинат, Дөчин мянгатынхны зодоонд би өөрийгөө хохирсон гэж үздэггүй. Гэхдээ шагналаа авч чадахгүй зугтааж байсныг бодохоор хохирогч гэж хэлэх бас үндэстэй. Уран зураг, зодоон хоёрыг холоос харсан нь дээр гэдэг хошин үг байдаг байх аа. Ямар ч зодооныг холоос харах бол сайхан л даа. Гэвч би гурван ч том зодооны дунд нь ороод явчихсан хүн. Миний хувьд гэвэл Хандгайтын зодоон, Үйлдвэр комбинатын зодоон, 1982 оны Хүнсний хорийн зодоон гээд дал, наяад оны гурван том зодооны амьд гэрч, бас оролцогч. Эднээс хамгийн дуулиантай нь Хүнсний хорийн зодоон. Дараа нь Үйлдвэр комбинатын зодоон. Хүн амины хэрэг гарч, баахан айлын цонхыг чулуугаар яйруулснаараа Үйлдвэр комбинатын зодоон нь Хандгайтын зодооноос илүү аюултай байсан. Хандгайтад бол яахав ээ, сайхан эрүүл агаарт л үзэлцсэн. Ингэж би гурван том зодооны амьд гэрч болсон. Бас болоогүй ээ. 1966 оны оны хятад, монголчуудын зодооныг би жаахан хүүхэд байхдаа уран зураг шиг холоос харж байлаа...” гэж өгүүлсэн юм. Мөн ерээд оны үед “Гүнтийн буудалцаан”-д оролцож явсан “Танк” Ганчимэг өгүүлэхдээ “Монголын спортын түүхэнд гарсан хамгийн том зодоон гэвэл 1976 онд стадионд болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр гарсан зодоон шүү дээ. Стадионд тэмцээн үзэхээр энд тэндхийн атаманууд цугларсан байлаа. Яагаад гэвэл атаманууд спортыг талархан дэмждэг байсан юм. Тэр үед 120 мянгатынхан, дөч, тавин мянгатынхантай зодолдоод бөөн юм болж билээ. Үүнээс өмнө 1973 онд Цаг уурын ард талын 54-р байрны ойролцоо маш том зодоон болж байлаа. Одоо тэр үеийн хүмүүс санах л учиртай даа. Энэ зодоонд манай Бага тойргийн бүх атаманууд оролцсон. Мөн манай Бага тойргийн боксчид оролцсон. Тэр үед манай дошин дээр Вандуйн Батбаяр, Сандагийн Батболд, Бадрууш нарын алдартай боксчид ид хүчээ авч байлаа. Дошны хулигаанууд гэвэл “Ангаахай” Алтангэрэл, “Төмсөг” Түмэнбаяр, Бадрууш, Пушкин нар байна. Манай байранд Баадай, Билэгсайхан, Доржготов нарын уран гоё тоглодог боксчид амьдарч байсан юм. Эд нар хулигаануудтай их үзэлцэнэ. Боксчин хүн болохоор юу боллоо гэж л зүгээр зогсож байгаад атамануудад зодуулах билээ дээ. Эд нарын хооронд жинхэнэ гардан тулаан болдог байлаа. Атаманууд, боксчид хоорондоо тулалдсан 1973 оны тэр зодооныг цагдаа нар зохицуулах гээд дийлээгүй.

 

Тэгэхэд би боксоор яаж уран гоё зодолддог, яаж цохиж унагаадгийг тэнд л анх харж байлаа” гэж дурсав.1982 ОНЫ ХҮНСНИЙ ХОРИЙН ЗОДООН1982 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр Дөчин мянгатын Хүнсний хорьдугаар дэлгүүр хавьцаа мундаг том зодоон болж байсныг тэр үеийн хүмүүс эдүгээ санаж байгаа болов уу. Энэхүү нүсэр зодооныг цагдаа нар зогсоох гээд хүчрээгүй бөгөөд эцэст нь гал команд ирж ус шүршээд ч бараагүй юм. Зодоон болдог өдрийн 13 цагийн орчим Хүнсний 20-р дэлгүүрийн өмнө явж байсан нэг байлдагчийг комендантын цэргүүд шалгаж, улмаар зодож эхэлсэн байна. Тэнд байсан хүмүүс зодуулж байсан цэргийг өмөөрч эргүүлийн цэргүүдийг зодохоор дайрч эхэлсэнээр энэ явдал үймээний хэмжээнд хүрчээ. Тухайн үедээ 30-40 хүнтэй байсан үймээн 16-17 цагийн хооронд 1000 гаруй хүний үймээн болж өргөжсөн байна. Ер нь дал, наяад оны үед хотоор яваа цэргүүдийг комендантынхан хаана ч тэр улаан цайм хөөж эсэргүүцсэнийг нь зодож нүдэх энүүхэнд байлаа. Тиймээс хотын иргэд үүнийг хараад дотроо битүүхэн дургүйцдэг байсан нь Хүнсний хорийн зодооны эх үндсийг тавьж орхижээ. Үймээнд оролцсон иргэд комендантын цэргүүдийг эсэргүүцэхийн зэрэгцээ Оросын элчингийн байшин руу чулуу нүүлгэж байсан гэдэг. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол тухайн үедээ оройн 20-21 цагийн үед үймээнд оролцогсод 40-50 мянгад хүрч байсан гэдэг. 20-р зууны Монголын түүхэнд гарсан цуутай зодоонуудаас хамгийн олон хүнийг хамарсан нь Хүнсний хорийн зодоон байлаа. Ерээд оны үед “Ил товчоо” сонинд тухайн үед УЦСЕГ-ын дарга байсан А.Думбурай генералын өгсөн ярилцлагаас харахад Хүнсний хорийн үймээнийг цэрэг, цагдаагийн хүчээр дарах гээд чадаагүй тул гал командын усан буу хэрэглэсэн, энэ бүхний улмаас тухайн үеийн ханшаар улсад 30 мянган төгрөгийн хохирол учирч байжээ.

 

Өөр нэгэн баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол дээрээс өгсөн үүргийн дагуу Хилийн цэргийн 05-р анги дээр Сангишарав генерал цэргүүдийг бэлэн байдалд оруулчихсан байсан гэж ярьдаг. Хүнсний хорийн зодоон гэж нэрлэгдсэн энэ үймээний дараа 400 орчим хүнийг “Ганц худаг”-т хорьж саатуулж, зарим нэг хүнд ял өгч байлаа. Уг үймээнийг нийгмийн хэв журам зөрчсөн жирийн нэг үзэгдэл гэж үзэх нь тун эргэлзээтэй бөгөөд нам, ард түмний бат нягтрал хэзээ нэгэн цагт бутарч болохыг харуулсан жишээ болж түүхэнд оржээ. Өөрөөр хэлбэл оргодол цэрэг өмөөрсөн нийгмийн сэтгэл зүй нь цаашдаа үймээний оргил үедээ утга учиргүй ах дүүгийн барилдлагаат Найрамдал-Дружба, оршин буй бэлэнчлэх сэтгэлгээтэй нийгмийн хуурамч дүр төрхийг эс тэвчих, нэг намын хатуу дэглэмийг эсэргүүцсэн нийгмийн сэтгэл зүй болж хувирсан байдаг. Мөнхүү үзэл санаа нь яван явсаар 1990 оны Ардчилсан хувьсгалд бас нөлөөгөө үзүүлсэн байх талтай. Хүнсний хорийн зодооныг комендантын цэргүүд чөлөөгүй явсан ганц цэргийг барьж авч зодсоноор эхэлсэн гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэтэл анхандаа бол Ардын армийн 229-р ангийн арав гаруй цэрэг Хотын комендантынхантай зодолдсон байдаг. Би бээр уг зодооны хамгийн гол гэрч төдийгүй дуулиант зодооныг анх эхлүүлсэн гэж хэлж болохоор Ж.Аюур хэмээх эрийг сурагласаар яваад саяхан олж уулзлаа. Мань эр манай нэгэн олны танил атаман бөгөөд боссын жолоочоор олон жил ажиллаж байгаа юм байна. Тэр өгүүлэхдээ “Хүнсний хорийн зодооныг чөлөөгүй явсан ганцхан цэргээс үүдэлтэй гэж хүмүүс ярьдаг. Гэвч анхандаа бол бид олуулаа явсан юм. 1982 оны хавар цэрэг халагдах тун дөхөж байлаа. Манай анги бол Улиастайн дивизийн 229-р анги. Би тэр үед ахлах түрүүч цолтой байсан. Тэгээд нэг өдөр арав гаруй цэргээ удирдаад хотын төвөөр тэнэх юм боллоо. Ингээд бид Улсын их дэлгүүрээр орчихоод Хүнсний хорийн урдуур явж байтал хотын комендантынхан давхиж ирээд бидний өмнө ёсолдог юм. Баривчлах гэж яваа нь тэр л дээ. Тэгтэл манай нэг цэрэг комендантын нэг цэргийг үгийн солиогүй цохиод унагачихсан. Үүнээс болж бид нар комендантынхантай зодолдсон. Сүүлдээ бид эвгүйтэх тийшээ хандаад ирмэгц бушуухан холдохоор шийдсэн.

 

Тэгтэл манай Бат-Эрдэнэ гэдэг цэргийг комендантынхан барьж аваад үлдчихсэн. Түүнийг бид салгаж авах гэтэл Бат-Эрдэнэ “Та нар эндээс яв. Бүгдээрээ баригдаад хэрэггүй. Би баригдсандаа баригдаад энд үлдэе” гэхгүй юу. Ингээд бид цэргийн анги руугаа явцгаасан. Тэгтэл юу вэ? Нөгөө Бат-Эрдэнээс чинь болж Хүнсний хорь хавиар бөөн зодоон болсон тухай орой нь сонсогдлоо. Комендантынхан Бат-Эрдэнийг зодож байхыг тэр хавийн ард иргэд харчихаад л түүнийг өмөөрөөд зодолдсон юм билээ. Одоо Бат-Эрдэнэ маань Батсүмбэрт амьдарч байна. Мөн тэр үед бидэнтэй хамт комендантынхантай зодолдсон Ганхуяг маань одоо Говьсүмбэр аймагт байна. Би тэр үед ахлах түрүүч цолтой, тэгээд бусдыгаа толгойлж явсан болохоор Хүнсний хорийн зодооны буруутан болж хувирсан. Тэгээд “Ганц худаг”-т 20 хоног хоригдож байлаа. Хүнсний хорийн зодоон чинь ийм учиртай юмаа” гэж дурсав. Дөч гаруй мянган хүнийг хамарсан Хүнсний хорийн алдарт зодооныг нүдээрээ харж зогссон, бас дунд нь ороод нүдэлдэж явсан олон арван хүн эдүгээ амьд сэрүүн байна. Амьд сэрүүн байхаас ч өөр яах билээ. Энүүхэн чөлөөний 1982 он бол эсэргүү бослого дэгдсэн 1932 он биш. Тэр үед 14 настай байхдаа Хүнсний хорийн зодоонд оролцож явсан “Квантуны” Бандиа гэхэд л эдүгээ 47 настай гялалзаж явна. 1982 оны хүнсний хорийн алдарт зодоонд цөөн тооны хүүхэд оролцсон байдаг. Тэдний нэг нь Бандиа. Хүүхэд мөртлөө өсгөлүүн том биетэй Бандиа хөл толгойгоо алдсан томчуудын зодоонд шууд л давхиад орчихож. Тэр үед энгийн хувцас өмссөн НАХЯ-ны төлөөлөгчид мөнхүү нүсэр зодоонд идэвхитэй оролцсон хүмүүсийг дараа нь баривчлахын тулд ар нуруун дээр нь шохойгоор тэмдэг тавиад яваад байж. Тиймээс ар нуруун дээрээ шохойгоор тэмдэг даруулсан 14 настай Бандиа нүсэр зодооны дараа НАХЯ-ныханд шууд баривчлагджээ. Тэгээд мөрдөнд сууж байгаад насанд хүрээгүйчүүдийн комиссын хурлаар ороод 400 төгрөгөөр торгуулаад ялгүй өнгөрч байсан тухайгаа тэр эдүгээ хуучилж сууна. Хүнсний хорийн цуутай зодоонд оролцож явсан өөр нэг амьд гэрч гэвэл Дөчин мянгатын Боби юм.

 

Тэр өгүүлэхдээ: “...1982 оны Хүнсний хорийн зодооны талаар одоогоос хэдэн жилийн өмнө телевизийн нэвтрүүлэг гарсан шүү дээ. Энэхүү нэвтрүүлэгт Дөчин мянгатын “Маангаа” Баттөмөр бид хоёр оролцсон юм. Зодоон болдог өдөр би үерхдэг охинтойгоо “Ленин” клубт дөрвөн цагаас кино үзчихээд гэртээ орох гээд явж байсан чинь манай байрны гадаа хотын комендантын хэдэн цэрэг нэг цэргийг балбаж гардаг байгаа. Тэгтэл байрны гадаа нарлаж суусан хүмүүс “Болиоч ээ” гэж орилолдоод бөөн юм болсон. Тэр үед яг ажил тарж байсан болохоор хүмүүс Хүнсний хорийн автобусны буудал дээр цугларчихсан, мөн “Ард” кино театрт кино үзсэн хүмүүс тараад явж байсан болохоор хүмүүсийн бөөгнөрөл бий болчихгүй юу. Яг энэ үед зодоон болсон юм. “Маангаа” бидэн дээр гүйж ирээд “Комендантын хэдэн цэрэг тэр муу цэргийг ёстой алах гэж байна. Хэдүүлээ үзэлцэе” гэхээр нь бид ч “Алалцъя” гээд л дайраад орчихсон. Ингээд цэрэг, ардын хооронд бөөн зодоон болсон. Сүүлдээ цагдаа нар ирж биднийг болиулах гэсэн биш өөрсдөө зодуулаад, нөгөө цэрэг, ардын хоорондын зодоон чинь цагдаа, ардын хоорондын зодоон болж хувирсан. Яг л 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун шиг юм болсон. Тэр үед Дөчин мянгат хавиар яасан ч их чулуу байдаг байсан юм. Цагдаа нарыг барьж авч зодохын хажуугаар чулуу нүүлгээд ёстой алж өгсөн. Цагдаагийнхан нэмэгдэл хүч авчраад ч хүчрээгүй. Сүүлдээ тэд биднийг дийлэхээ байгаад гал командынханыг дуудсан. Төдөлгүй гал командынхан ирж биднийг усаар шүршсэн ч нэмэр болоогүй. Усны даралт нь аймаар өндөр, ямар сайндаа л нэг давхарын айлуудын цонхыг хагалж байлаа.

 

Ийм аймаар даралттай усаар шүршээд байхад л улаан галзуу юм зодолдоод байж билээ. Цусаа үзсэн монгол хүн дийлддэггүй гэсэн яриа байдаг шүү дээ. Чингисийн үед улаан залаат монголчууд ялалт байгуулж байсан нь аргагүй л үнэн юм шиг санагдсан. Одоо энэ Оросын элчингийн өндөр байшингийн тагтан дээр оросууд битүү гараад зогсчихсон зураг мураг татаж аваад бидний зодооныг баримтжуулж байлаа. Улс төрийн товчооны гишүүн Рагчаа гуай, Жалан-Аажив гуай нар манай байрных. Эд нар тэр зодооныг харчихаад “Яасан муухай юм бэ. 70 жил болоход ийм аймаар зодоон үзсэнгүй” гэж толгой сэгсэрч байсан гэдэг. Сүүлдээ Хотын цагдаагийн газрын дарга хошууч генерал Думбурай гуай генерал хувцастайгаа ирчихсэн чанга яригчаар “Одоо цөмөөрөө зохицъё” гэж гуйж байлаа. Гэвч түүнийг нохой хуцсан чинээ тоолгүй чулуугаар нүүлгэснээр Думбурай генерал бушуухан машиндаа гүйгээд орчихож билээ. Цагдаа нар сүүлдээ дийлэхгүй нь гэдгээ мэдээд бүгд бултацгаасан. Тэгээд бүрэнхий болоод ирмэгц зодоонд оролцсон хүмүүсийг нэг нэгээр нь түүж баривчилсан. 7-р сарын нэгэнд яг л иймэрхүү юм болсон шүү дээ. Гэхдээ 7-р сарын нэгний шөнө цагдаа нар ард иргэдийг түүж баривчлахын хажуугаар түүж буудсанаараа аюултай. 1982 оны тэр зодооноор маш олон хүнийг баривчилсан боловч ганцхан “Маангаа” Баттөмөр л таван жилийн ял авсан. Яагаад гэвэл цаадах чинь Хүнсний хорийн наад талын цагдаагийн путкан дээр гараад мордчихсон “Цагдаа нарыг алаад өгье. Тэмцэцгээе” гэж хашгираад, тэр нь гай болж камерт өртчихгүй юу. Сүүлдээ нөгөө путкийг нь буулгаж нураагаад зодоончид золтой л шатаачихаагүй. Гэхдээ социализмын үеийн агуу чанар бас ажиглагдсан. Нөгөө буулгаж нураасан путкийг тэр шөнөдөө шинэчилж босгоод маргааш өглөө нь гэхэд үймээн самуун болсон гэх ямар ч ул мөргүй болгосон байж билээ. Өнөө цагт хэрвээ иймэрхүү юм болсон бол дарга нар нурсан путкийг харж гашуудаад л, телевизийнхэн зургийг нь авч нийтэд харуулж дуулиан дэгдээгээд л бөөн юм болох байлаа.

 

1982 оны тэр зодоон бол Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гоц үйл явдлуудын нэг мөнөөсөө мөн” гэж онцоллоо. Монголчуудын нударгалцаан 1980-аад оны үед зөвхөн Хүнсний хорийн зодоон төдийхнөөр дуусчихаагүй юм. Энд тэнд том жижиг зодоон цохион зөндөөн л болж байлаа. Гэвч коммунистууд ард түмэнд мэдээлэлгүйгээр тэрүүхэн тэнд нь нам дараад өнгөрнө. Харин Хүнсний хорийн зодоон яалт ч үгүй гэгээн цагаан өдөр түмний нүдэн дээр, бүр хотын төвийн гудамжинд дуулиан шуугиантайгаар өрнөсөн болохоор коммунистууд яаж ч чадаагүй юм. Мөн тэр үед Тавин мянгатын “Сохор онио” Цэрэнчимэд хэмээх танхай эр улс орон даяар нэгэн том дуулиан дэгдээж билээ. Тэрбээр “Ард” кино театрын өмнө өөрийг нь бүслээд ирсэн долоон цагдаагийн дунд хутга гялалзуулан эргэлдүүлээд бүгдийг нь мэсээр сийчээд амгалан тайван коммунист нийгмийг цочирдуулж байсан түүхтэй. Түүнчлэн 1980-аад оны үед Халхын шоронд өрнөсөн хамгийн том зодоон Мөнгөнморьтын шоронгийн хуучин зоонд болсон гэж олон хүн ярьдаг юм.

 

Энэ нь мөнөөх цуут атаман Алдаржав, 120 мянгатын Итгэл нарын өдүүлсэн зодоон. Энэ тухай Дөчин мянгатын унаган хүүхэд “Мадам” Батсүх өгүүлэхдээ “Наяад оны дунд үед Мөнгөнморьтын хуучин зоонд хотын атаманууд бараг бөөнөөрөө очсон юм. Алдаржав, Итгэл, “Буу” Дамдинсүрэн, Түвдэндорж аваргын хүү Дагвачимэд, “Гүүс” Болд, Намсрайн Энхтайван, “Ардын багш” Лхагвасүрэн гээд дандаа Улаанбаатарын зовхи өөдөө эрчүүд цугларсан. Би бас эдний дунд хутгалдаад явж байлаа. Гэтэл эд нартай зэрэгцээд Дорнодын 77-гийн бүлэг, Налайхын Олдошгүйн бүлэг хүчээ авч эхэлсэн юм. Дорнодын 77-гийн бүлэг бол аймаар. “Хар” Энхжаргал, Жамъянсэнгээгийн Жаргалсайхан, “Чоно” Туяа нарын атаманууд байсан. Сүүлдээ эд нар Мөнгөнморьтын шоронг атгачихсан. Тэгэнгүүт Алдаржав тэргүүтэй хотынхон өөрсдийнхөө эзэмшлийг тогтоохын тулд Дорнодынхон, Налайхынхантай ана мана тэмцэлдээд нухчин дарж байлаа. Нэг орой бүр аймаар зодоон болсон. Эгээ л хүн амьтан үхэж үрэгдээгүй. Хутгалуулах, цохиж нүдүүлэх, нүдээ бүлт цохиулах, эрүүгээ хуга шаалгах зэрэг бол энүүхэнд байлаа. Энэхүү нүсэр зодооноос болж Алдаржав, Итгэл хоёр жирийн дэглэмээс чанга, онцгой дэглэмийг алгасаад шууд гяндлуулж байсан юм. “Буу” Дамдинсүрэн бид хэд тусгай ачлагаар Бэрлэгийн шоронд хүргэгдсэн. Энэхүү зодоон бол наяад оны үед Халхын шоронд өрнөсөн хамгийн том зодоон” гэж дурсав.Энэ мэтээр 20-р зууны Монголын түүхэнд өрнөсөн цуутай зодоонууд цааш үргэлжлэх бөгөөд дараачийн бүлэгт 1990-ээд оны үед өрнөсөн “Квантуны арми” гэгчийн нэгэн шөнийн зураглал, Монголд өрнөсөн дуулиант гэмт хэрэг, адал явдал”-ын жагсаалтанд бичигдсэн Гүнтийн буудалцаан, 21-р зууны босгон дээр өрнөсөн Центрпойнтын зодоон зэргийг өгүүлэх болно.

 

Түүхэн тулаануудыг нэхэн сурвалжилсан Б.Ойдов