Ц.Элбэгдорж: Багануур хот болох ёстой
2013/06/12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн иргэд, сонгогчидтой хийж байгаа уулзалт амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнө Хэнтий аймгийн Өндөрхаан суманд ажилласан бол яг одоо нийслэлийн Багануур дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар ажиллаж байна.
Уулзалтыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга орон нутгийг хөгжүүлэх сангийн хүрээнд энэ жил улсын хэмжээнд 270 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс хоёр тэрбум төгрөг Багануур дүүрэгт хуваарилагдсаныг тэмдэглэлээ. Эл хөрөнгийг тус дүүргийн иргэд Багануурын дахин төлөвлөлтөд зарцуулах санал гаргасан юм байна. Дахин төлөвлөлт хийсний дараа гэр хорооллыг барилгажуулна. Энэ ажлыг гүйцэтгэхэд цахилгаан, дулаан, цэвэр, бохирын шугам татах ёстой болно. Тиймээс ирэх жил энэхүү хөрөнгө оруулалтыг 4-5 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьсан бөгөөд боломж ч бий гэж харж байгаагаа НИТХ-ын дарга Д.Баттулга онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Багануур дүүргийг хот болгох зорилго тавьсныг дуулгасан юм.
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жил төрийн тэргүүнээр ажиллахдаа дэлхий дахинд улсынхаа нэрийг өндөрт өргөж ажилласан болохыг дуулгаад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хуралд 100 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч оролцож, Монголын ардчиллаар бахархсан нь үүний том баталгаа гэлээ. Тэрээр “Ардчиллыг энэ хэмжээнд хүргэж төлөвшүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодит оролцоо хамгийн их байсан. Монгол Улс гадаадад алдсан соёлын үнэт өвөө буцааж авч чаддаг юм байна гэдгийг мөн харуулж чадсан. Тарбазовр батаар эх орондоо ирсэн, Т.Батаар маань бас байртай болж байна. Лениний музейн хувьчлалтай холбоотой гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны талд шийдвэр гаргаж... МАН-ынхан маргаан гаргахгүй болов уу гэж найдаж байна. Монгол Улс өнөөдөр түүхэн хөгжлийнхөө гараан дээр ирсэн, та бүхний сонголт чухал. Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь дуусгуулах, өөр олон ажлыг хийлгүүлэх тийм чухал сонголтыг багануурчууд маань хийнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гадаадын төрийн тэргүүнүүд бүгд хүндэтгэдэг. Тэр том хүндэтгэл нь АНУ-ын Харвардын их сургууль төгссөнтэй нь холбоотой юм. Төрийн тэргүүн нь дэлхий дахинд улс орноо төлөөлж, нэр хүндийг нь өндөрт өргөнө гэдэг маш том шалгуур, маш их туршлагын илэрхийлэл. Та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж сонголтоо хийнэ гэдэгт найдаж байна” гэлээ. Мөн тэрээр цаатан иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндэд анхаарлаа хандуулж зарлиг гаргасан нь цаг үеэ олсон чухал шийдвэр болохыг онцлоод их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүр сарын 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг болсон нь эцэг, эхчүүдийн нуруун дээр буудаг байсан ачааг хөнгөлсөн төдийгүй сурлагын чанараас хамаарч тэтгэлгийн хэмжээ өсдөг нь чанартай дээд мэргэжлийн хүн төгсгөхийн төлөөх зорилго цаана нь агуулагдаж байгааг энэ үеэр санууллаа.
Уулзалтад оролцсон иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллахдаа амласнаа хэрэгжүүлж авлигачдын нурууг бөхийлгөж, хариуцлага тооцож эхэлснийг зөв алхам гэж үзэж байна. Гол нь энэ эрч суларч болохгүй, дээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх лицензит талбайн хэмжээ өмнөхөөсөө хоёр дахин буурсанд сэтгэл маш өндөр байгаагаа багануурчууд илэрхийлж, уул уурхайн салбарын бодлогыг зөвхөн олборлоход бус газар ус, байгалиа хамгаалах үзэл баримтлалтай уяж өгөхийг хүслээ. Түүнчлэн оюутан залуучуудын хувьд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд сурлагаараа тэргүүлсэн оюутныг улсын зардлаар сургах бодлогыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлсэн бол олимп, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа дэмжиж сар бүр тэтгэмж олгож байгаа нь зөв зүйтэй ажлын эхлэл. Спортыг төрөөс дэмжих ёстой. Тэр цагт олимпийн аваргууд олноор төрнө гэж багануурын иргэд хэлж байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Багануурыг хот болгохыг хүсч байна. Хуучин хот байсан газар. Аливаа улсын нийслэл дүүрэг дээр бус нийслэл дээр тогтож хөгждөг. Хотоос иргэдэд хүрэх үйлчилгээ ойрхон байдаг. Нэг үеэ бодвол Монгол Улс мөнгөтэй болсон. Хөгжлийнхээ шинэ эринд ирээд байна, Баянхонгор аймагт хоёр сумыг жишиг сум болгон хөгжүүлэхээр ажил эхэлсэн бол Сүхбаатар аймгийн бүх сумдыг орчин үеийн шинэ сум болгох хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Багануур бүрэн шинэчлэгдэж хот болох боломжтой. Говийн цөөхөн хүн амтай аймагт 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн байхад Багануур 40 мянган хүн амтай хэрнээ хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгдөж байгаа нь бага. Хөрөнгө оруулалтыг Багануурт өсгөх ёстой, боломж бий. Төрийн тэргүүнээр дахин сонгогдвол Багануурт тавих хөрөнгө оруулалтад анхаарна “ гэлээ. Түүнчлэн хүнийхээ хөгжилд анхаарч бага сургууль, бичил цэцэрлэг байгуулах. Хүүхдээ асарч байгаа эх, хүүхэд асарсан хүмүүст тэтгэмж олгох бодлого мөрийн хөтөлбөрт багтсанаа дуулгалаа. Багануурчууд энэ бүхэнд талархалтай хандаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээ амлалаа.
Эл уулзалтыг өндөрлүүлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар Налайх дүүрэгт ажиллах юм.
Г.ДАРЬ
Зочин · 2013/06/13
Эрчүүд үлгэр ярьсаар 23 жил болов Эмэгтэйчүүд амьдрал ярисаар 23 жил болов