ДҮГ СҮГ...бол засаглалын булхайтай тоглоом
2015/06/13
ДҮГ, СҮГ, ЗҮГ, ТҮГ...тѳвдѳѳс монгол хэлэнд орж ирсэн гэмээр эдгээр үгнүүд бол монголын тѳр, захиргааны байгууллагад түгээмэл байдаг албан тушаалын товчилмол хэлбэр юм.
ДҮГ гэхээр даргын үүрэг гүйцэтгэгч, АН-ын ДҮГ, эсвэл яамдын агентлагуудын ДҮГ г.м. Нилээн удаан хугацаагаар 6 аймгийн Засаг ДҮГ-тэй байсан түүх манайд бий.
СҮГ гэхээр Сайдын үүрэг гүйцэтгэгч, жишээ нь Батлан хамгаалахын дэд СҮГ ч гэдиймүү.
ТҮГ гэхээр тэргүүний үүрэг гүйцэтгэгч болох жишээтэй. ЧХБ-ийн ТҮГ, эсвэл ЧБХ-ы ТҮГ гэвэл ойлгох хүн байна уу, юу л бол. Чѳлѳѳт Хѳгжлийн Бүсийн Тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Чѳлѳѳт Бѳхийн Холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч гэж байгаа юм. ЗҮГ гэхээр бас арай ѳѳр, Захирагчын эсвэл Захирлын үүрэг гүйцэтгэгчийг ийн товчилно.
Яамдын, эсвэл ШЕЗийн БҮГ гэж бас бий. Байцаагчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн үг.
Монголын тѳрчид их мундаг хүмүүс, гадаад орны чухал албан тушаалтанг хүртэл СҮГ болгочихож чадна. АНУ-ын Батлан Хамгаалахын дэд СҮГ манай оронд айлчлаад нутаг буцaв гэцгээлээ. Acting ...буюу албыг түр хамаарагч ямар хувирлаар СҮГ болчихдог байна аа!
Албан тушаал түр хамаарагч, эсвэл түр орлогч гэж хичнээн сайхан монгол илэрхийлэл байхад ямар учрын цаанаас ДҮГ, СҮГ, ТҮГ, БҮГ...гэсэн албан тушаал зохиогоод байна аа, энийг зориуд сонирхож үзлээ.
Монгол улсын Хѳдѳлмѳрийн хуулийн албан тушаалын номенклатур дотор тийм нэртэй албан тушаал огт байдаггүй юм байна.
Аль 1997 онд ҮХЦ-ээр хэлэлцээд ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ гэдэг албан тушаал байхгүй гээд энэ асуудалд эцсийн цэгийг тавьсан байдаг ажээ.
Яагаад тэгвэл энэ албан тушаалыг байлгаад байдаг юм бэ?
Судлаад үзэхээр удирдлагын хоцрогдол, эсвэл цалинг бүтнээр нь олгох мэх гэж ѳнгѳн дээрээ харагдах авч ард нь тѳр, захиргааны байгууллагад ДАРГА-ын алба хашигчдын том луйвар нуугдаж байдаг юм байна. Танил тал, ах дүүсээ ажилд томилж туслах хэрэг гардаг, гай шиг тэр нь тѳрийн албан тушаалтны шалгалт ѳгѳѳгүй байдаг, эндээс л энэ луйвар эхэлдэг ажээ. Энэ луйврын үр дүн гэвэл нэгээхэн юу ч мэдэхгүй бацаан ажилтай болоод авна, уршиг нь гэвэл шалгалты нь ѳгчихсѳн нѳѳцийн гэх сайхан залуучууд танил талгүйгээсээ болоод ажилгүй хоцорно. Их дээд сургууль дүүргэчихсэн мянга мянган залуус нам түшээгүй, танил талгүй л бол хичнээн сайн ирээдүйтэй нэгэн байлаа ч БҮГ ч олдохгүй, карьер хѳѳх боломжгүй болж хоцорно гэсэн үг. Тѳрийн алба, тѳрлийн алба боллоо гэдэг ч үүнтэй холбоотой аж. Албан тушаалын ѳмчлѳл хэмээх явцуу нэр томъёо ч эндээс л гаралтай болтой.
Ялангуяа нутаг захиргааны нэгжийн даргын албан тушаалыг маш яаралтай сонгуулийн болгохгүй бол улс орон даяар хэдэн мянган ДҮГ тѳрѳх нѳхцѳл үүссэн байна.
Дарга нар ДҮГ, СҮГийг томилохдоо заавал ѳѳрийн итгэлтэй хүнээ сонгож давхар ашиг олдог юм байна. Ийнхүү сонирхлын зѳрчлийн ард ДҮГ, СҮГ-нүүд байгаа ажээ. Жирийн ард олон энийг мэддэг, тэдний нүдэн дээр улаан цагаан явагддаг луйвар юм байна. ДҮГ, СҮГ болгон дээрээ хамгаалалттай байдаг болхоор зарчмын үүднээс биш ихэмсэг байр сууринаас ажилдаа ханддаг гэж хүмүүс ярьж байна.
Тѳрийн эрхэмсэг чанарыг энэ ДҮГ, СҮГ-нүүд л унагаж байна, дарга ахдаа л үйлчилж байвал ажил унасан ч хамаагүй гэсэн хандлагатай. ДҮГ, СҮГ-нүүд хариуцлага хүлээхгүй, гагхүү үүрэг л гүйцэтгэнэ. Гүйцэтгэх засаглалын шеф байсан Н.Алтанхуяг нэг удаа албан тушаалд хүн томилох эрхгүй ДҮГ томилж байжээ, ХАГ ( хагас үүрэг гүйцэтгэгч) гэсэн үг. Даргын хэлсэн захисан тодорхой үүргийг л гүйцэтгэх даалгавартай томилогддог болохоор нь энэ албан тушаалыг үүрэг гүйцэтгэгч гэж нэрлэсэн байх ѳндѳр магадлалтай юм.
Ард түмний дургүй хүргэсэн булхайтай тоглоомоо одоо больчихсон нь дээр дээ, ухаалаг, ухамсартай тѳр лүү хандаж хѳгжинѳ гээд байгаа биш билүү!
И. Цэрэнхүү