УИХ-ын  гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА)-ийн дарга ноён Аднан З.Амин, Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ)-ын Байгаль орчин болон Усны сайд Доктор Рашид Ахмад Бин Фахад нарын урилгаар нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд ОУСЭХА-ийн гуравдугаар чуулган, “Дэлхийн эрчим хүчний ирээдүйн” VI дугаар чуулга уулзалт, Усны анхдугаар чуулга уулзалтанд оролцлоо. Сайд М.Сономпил тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид ОУСЭХА-ийн өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэж, гишүүн орныхоо үүднээс улсаа төлөөлөн санал өгснөөс гадна Сайд нарын дугуй ширээний “Хөгжилд хүргэх Нөхөн Сэргээгдэх санхүүгийн загвар” “Сэргээгдэх эрчим хүчний үнэ ба үр ашиг” уулзалтад оролцон сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой туршлагаа хуваалцав.
 
Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар, агентлагтай хамтран Абу Даби хөгжлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр хөгжиж буй орнуудад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх төслийн шалгаруулалтад хамрагдах төслүүдээ танилцуулан “Дэлхийн Ирээдүйн Эрчим хүч” уулзалт-хэлэлцээрт оролцож, тэнд зохиогдох сэргээгдэх эрчим хүчний техник технологитой холбоотой үзэсгэлэнгүүдийг үзэж сонирхох, холбогдох уулзалт хуралд оролцлоо. Энэ үеэр ОУСЭХА-ийн дарга ноён Аднан З.Аминтай уулзаж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар тусгайлан уулзалт хийсэн байна.
 
Түүнчлэн ОУСЭХА-ийн санаачилж буй Дэлхийн Сэргээгдэх Эрчим Хүчний Атлас боловсруулах ажлыг агенлагийн гишүүн 23 улс дэмжиж гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагааг дэмжин Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил гарын үсэг зурлаа. АНЭУ-ын Абу Дабихотод зохиогдож буй дээрх уулзалт, хурлууд нь дэлхийн160 гаруй орны 8000 гаруй зочид төлөөлөгчдийг хамруулсан, сэргээгдэх эрчим хүчний  өргөн хүрээтэй сэдвээр зохиогдож байгаагаараа онцлог юм.