Бэлгийн замын өвчлөл Өмнөговьд гаарсан гэнэ үү
2015/06/18
Монгол Улсад жендэр гэх ойлголт тун хожуу орж ирсэн. Энэ үгийг ямар ойлголтод хэрэглэх ёстойгоо ч бид мэддэггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын дэргэд Жендэрийн үндэсний хороог байгуулж, эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл бололцоог хангах бодлого батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
Манайхан жендэр гэж ярихаар эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгодог. Нийгмийн харилцаанд эрчүүдтэй адил оролцож чадахгүй байгаа, цаашлаад эрчүүд нь их болж эмэгтэйчүүд нь багассан асуудлыг л энэ байгууллага анхаардаг мэтээр ойлгодог. Гэтэл жендэр олон зүйл дээр гардаг. Олон салбарыг хамардаг гэдгийг энэхүү байгууллага судалж тогтоодог аж.
Тэр дундаа эрчүүдийн жендэрийн асуудал өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудал болчихоод байгааг онцолж байсан юм. 1980-аад оны эхэн үед тухайн үеийн намын Их хурлаар хөдөө мал маллах эрчүүд олдохгүй боллоо. Залуу халаа алга боллоо. Тиймээс залуучуудаа малчин болгохыг дэмжих зорилгоор бүр хүүхдүүдээ бүр багаас нь малч ухаанд сургая гэх сүржин уриа гарч, улмаар намын дарга дэмжсэнээр бараг л хууль болтлоо хэрэгжсэн гэдэг. Энэ уриалгын хар гайгаар олон ч залуус сургуульд орох замаа хаалгаж сургууль завсарджээ. Ингэснээр эмэгтэйчүүд нь илүү боловсрол эзэмшиж, их дээд сургуульд сурч, эрчүүд мал малласнаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа асар олон зүйл дээр гарах болсон гэдэг. Сургууль завсардсан, мэдлэг боловсролгүй дээд боловсролтой бүсгүйчүүдэд гологдсон залуус мэдээж сэтгэлээр унаж архи уух, амьдрах идэвхгүй болох зэрэг сөрөг үр дагавар гарах болсон гэдэг. Үүний хар гайгаар өнөөдөр гэр бүл салалт ихэсч, цаашлаад эрчүүдэд уул уурхай, барилга зэрэг цөөхөн хэдэн салбарт л ажил хийж амьдралаа залгуулах сонголттой тулгараад байгаа юм. Энэ нь олон сөрөг үзэгдлийг дагуулах болжээ. Тухайлбал, Оюутолгойн асар том орд газрын олборлолт хийгдэж байгаа Ханбогд, Цогтцэций суманд бэлгийн замын халдварт өвчин газар авчээ. Энд аль нэг компанийн эрх ашгийг хөндөх гэсэнгүй.
Ердөө л тэнд хэтэрхий олон залуус гэр бүлийн амьдралаасаа хол байгаа асуудал нь бэрхшээл дагуулж байгаа юм. Уул уурхайн олборлолт явуулдаг газарт гэр бүлээрээ амьдрах орчныг бүрдүүлж өгөөгүй ямар ч улс оронд ийм зүйл гардаг. Энхийг сахиулж буй залуус ч ийм хэрэгт холбогдож байсан нь саяхан. Тус уурхайд ажилладаг залуус 45 хоног ажиллаж 15 хоног амардаг. Энэ хугацаанд гэртээ харих нэг нь харьдаг ч ихэнхи нь сумын төв орж буудалд бууж, үзвэр үйлчилгээ үзэх, бүсгүйчүүдтэй уулзах мэтээр цалингаа үрээд л эргээд ажилдаа ирдэг гэнэ. Мэдээж гэр бүл нь тэнд байхгүй учраас бүсгүйчүүдтэй зугаацах замбараагүй асуудлын цаана бэлгийн замын халдварт өвчин ихэсдэг гэдгийг албаны эх сурвалж онцолж байсан юм. Эрүүл мэндийн салбарынхан ч үүнийг үгүйсгээгүй юм. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг шат шатандаа анхаардаг ч өнөө хэр л өвчлөл буураагүй байгаа нь бас л жендэрийн асуудал. Хэрвээ дэлхийн жишигт нийцсэн тэр уурхайд эрэгтэй, эмэгтэй ижил тэгш оролцож, залуус гэр бүлтэйгээ хамт амьдрах орчин нөхцөл байсан бол ийм асуудал үүсэхгүй л байх байлаа. Цаашдаа ч гэр бүлтэйгээ, найз бүсгүйтэйгээ ойрхон амьдрах боломж нь хангагдахгүй бол энэ өвчлөл буурахгүй. Худал хэлсэн хүнд, нийслэлд биеэ үнэлдэг байсан бүсгүйчүүд маань “буйр сэлгэн” Ханбогд, Цогтцэцийд очсон гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байсан юм.
Тиймээс төр энэ талаар анхаарах цаг нь болжээ. Л.И.Бережневийн “Атар” номонд атар газар тариалан эрхлэх ажилд эхлээд дандаа эрчүүдийг дайчилсан ч үр ашиг гараагүй, улмаар эмэгтэйчүүд тэнд очсоноор ажлын бүтээмж эрс нэмэгдсэн жишээг дурьдаж, нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш оролцож байж л бүтээмж өндөр гардаг юм байна хэмээн тодотгож бичсэн байдаг. Тиймээс төр уул уурхай, төмөр зам, барилгад эрчүүд, эрүүл мэнд, боловсрол, худалдааны салбарт эмэгтэйчүүд гэсэн нийгмийн энэ ялгааг арилгах төрийн бодлогыг тууштай явуулж эхлэх цаг нь болсон байна. Эрчүүдийн бие организм үргэлж сексийн харилцааг хүсч байдаг учраас нэг газар ингэж олноор нь эрчүүдийг ажиллуулах, улмаар гэр бүлийн харилцаа хөндийрөх, салах, урвалт, хууралт газар авах асуудлыг төр өөхшүүлж болохгүй юм.
Б.Өнөртогтох