Гэр хорооллын иргэдээс гомдол тасрахгүй байна
2015/06/18
Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 20024 өргөдөл ирсэн байна. Эдгээрээс дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан 19885 өргөдөл ирсэн гэнэ. Гомдлын хэмжээ нь нийт өргөдлийн 0.5 хувийг эзэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний асуудал дээр асуудал гардаг. Газраа чөлөөлөх иргэдийн хүсэл эрмэлзэл, худалдан авах компаниудын хүсэл хоёр өөр талтай байдгаас асуудал гардаг байна. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд олонх буюу 75 хувь, цөөнх 25 хувийн дэмжлэг байдаг. Харин цөөнх болсон 25 хувьд хамрагдах хэсгээс гомдол гардаг гэнэ. Эдгээр гомдол гаргасан хүмүүс үнэлгээ дээр зөрчилдсөн байдаг аж. Мөн тухайн газрыг эзэмших ямар нэг гэрчилгээгүй мөртлөө тухайн газар амьдарч байдаг. Гомдлын ихэнх хувь нь тохиролцооны асуудал. Нийслэлийн хувьд дахин төлөвлөлтийн төсөлд бүх байгууллага холбогдоод явж байгаа.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэв. Иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг дээрх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэж дүгнэлтдээ тусгажээ. Гэр хорооллыг дахин төлөвлөж, оронсууцжуулна гэдэг мэдээж хэрэг хүнд ажил.
Өнөөдөр иргэд газраа өмчлөөд авсан байгаа энэ үед бүүр ч асуудалтай. Хотыг дахин төлөвлөх тухай хуультай гэр хорооллын дахин төлөвлөлт хэрхэн уялдаж байна вэ? Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол яагаад иргэдийн үгээс тасрахгүй байна гэсэн асуулт өргөдлийн байнгын хорооны гишүүдээс гарч байлаа. Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариулахдаа "Гэр хорооллын төслийг дахин зохион байгуулах, төлөвлөн барих тусгай заалт Хотыг дахин төлөвлөх хуулийн төсөлд туссан. Одоогийн эрхзүйн орчин журмаар зохицуулагдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн үндсэн эрх хуулиар зохицуулагдана гэж заасан. Тиймээс журмаар зохицуулж байгаа асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байгаа. Засгийн газарт чиглэл өгөх шаардлага зайлшгүй тулгарч байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гацаад байгаа шалтгааны нэг нь газар чөлөөлөх үнэлгээний асуудал. Газрыг үнэлэх системээ бүрдүүлэхгүй бол цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хүндрэл учруулсаар байх юм байна. Нийслэлээс явуулж байгаа дахин төлөвлөлтийн бодлого, гэр хорооллыг оронсууцжуулах, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хоорондоо уялдаж өгөхгүй байгаа. Үүнийг уялдуулахтай холбоотой зарим нэг арга хэмжээг авах хэрэгтэй. Засгийн газарт инженерийн шугам сүлжээ байгуулахад ямар асуудлыг харгалзах үзэх талаар чиглэл өгсөн" хэмээв.
Г.Мягмарсүх