Улс төрд зургаан сар гэсэн шинэ нэр томъёо тогтож байгаа бололтой. Санаж байгаа бол 2012 оны нэгдүгээр сарын 20-нд дөрвөн жилийн турш хамтарч эрх барьсан АН-ынхан МАН-ыг хаяад гарч байлаа.

Сонгууль болохоос зургаан сарын өмнө гэсэн үг. Тухайн сарынхаа 11 -нд ҮЗХ-гоо хуралдуулж, шийдвэрт хүрсэн АН-ын хүсэлтээр УИХ-аас Тэргүүн Шадар сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлал, Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Сангийн сайдыг албан тушаалаас нь нэг л өдрийн дотор чөлөөлж орхив.

Гэхдээ АН-тай нэг хөнжилд орсон МАН-ынханд гэнэтийн гэмээр энэ шийдвэр тийм ч сөрөг нөлөө үзүүлээгүй. Үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Б.Ариунсан шатахуун импортлогчдод бензиний үнийг нэмэх лүндэн буулгаад албан тушаалаа өгснийг эс тооцвол УИХ-д олон суудалтай МАН, Сү.Батболдын Засгийн газарт орны хүмүүсийг нь төд удалгүй томилж элэг бүтэн болгосон юмдаг.

ХАрин өнөөдөр Сү. Батболдын Засгийн газрын үед тохиож байсан улс төрийн шийдлийг сануулах мэт үйл явдал дахин өрнөж эхэллээ. Товчоор хэлбэл, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нарын хийсэн мэдээллээс урган гарсан мессеж улс төрийн хүрээнийхнийг ярих яриатай, хэвлэл мэдээллийг бичих сэдэвтэй болгож байна. Засгийн газарт хамтраад зургаан сарын нүүр үзэж буй МАН-ыг ч хөдөлгөөнд оруулж эхэллээ.

УИХ дахь АН бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын тодотгосноор хэд хэдэн асуудлаар зөвшилцлийн гэрээ байгуулж засагт хамтарсан МАН өнгөрсөн хугацаанд зөвхөн албан тушаалын хуваарилалт хийжээ. Мөн гэрээнд тусгасан асуудлын эсрэг зүйл яриад яваа нь зүйд нийцэхгүй учир Засгийн газраас гаргах ёстой гэх үгийг Бүлгийн гишүүд нь дайсныг тэрбээр уламжилсан. Бүр албан тушаалын томилгоо хийж бусад асуудлыг орхигдуулж байгаа намтай хамтарч байхаар хөөж гарга хэмээн ширүүхэн хэлсэн гишүүн ч байсан юм билээ.

Үүний дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, танилцуулахыг УИХ дахь АН бүлэгт даалгав. Б.Гарамгайбаатар даргыг мэдээлэл хийснээс нэг хоногийн дараа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, МАН-ыг хамтарсан Засгийн газраас хөөх эвсэл гэрээгээ үргэлжлүүлэх эсэх нь АН-ын бүлгийн дүгнэлт, Гүйцэтгэх зөвлөлөөс гаргах шийдвэрээр эцэслэн дэслэгдэхээр болсон нь энэ юм. 

Ийнхүү Бүлгийн хуралдаанаасаа Гүйцэтгэх зөвлөл хүртлээ дэгдсэн асуудалд Засгийн газарт хамтарсан МАН-ынхан ч чимээгүй суусангүй. Бүлгийн дарга С.Бямбацогт “АН-ыг гар гэхээр Засгийн газраас гарчихдаг юм гэж байхгүй” гэх үгийг сөргүүлэв. Мөн “Зөвшилцлийн гэрээнд зааснаар манай нам сайд нараа аль болох туршлагатай хүнээр тавья гэсэн. Санасан хэмжээнд хүртэл зарим нь ажиллахгүй байгаа тал бий ч туршлагатай, мэдлэгтэй хүмүүс намд маш олон. Хариуцлагатай хүнээ тавих ёстой." гэж тайлбарлав. 

Эх сурвалжийн хэлжэ буйгаар АН, МАН-ын ажлын хэсгийн төлөөлөл уржигдар уулзаж Засгийн газрын үйл ажиллагаа болон гэрээний биелэлтийн талаар ярилцсан байна. Улмаар харилцан мэдээлэл солилцож намын дарга нартаа уламжилжээ. Ийнхүү зургаан сарын турш чимээгүй хамтарсан АН, МАН-ынхан дахин хөлөө жийлцэн, хөнжлөө сэвж эхэллээ. "МАН Засгийн газраас гарлаа гээд танхимын бүрэлдэхүүнд нөлөө үзүүлэхгүй. Бүтцээ хадгалаад цааш явах бүрэн боломж бололцоо бий" хэмээн АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж хэлсэн нь МАН-ынханд өгсөн сануулга байв. Магадгүй Засгийн газарт хамтарсан МАН-ыгаа хөөсөн ч, өөрсдөө хаяад гарсан ч Шударга ёс” гэсэн эвслийн бүлэгтэй өргөн хүрээнд хамтраад ажиллахаа ийн хэлсэн ч байж болох юм. Энэ удаа хамтарч ажилласан болохоор хуваарлилтаа өөрчлөөд хоёр дахиа ажиллахад болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ яг өнөөдрийн улс төрд өрнөж байгаа дүр зургаас харахад С.Баяраас Сү.Батболд руу засгийн эрх шилжсэн 2009 онтой илүү дөхөж байна.

Тэгэхэд Тэргүүн Шадар сайд, АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг “Биднийг засгаас хөөсөн ч гарахгүй” хэмээж байв. Гэвч сонгууль болохоос зургаан сарын өмнө “Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах цаг нь болжээ” хэмээгээд гарч байсан удаатай. Үүн шиг Засгийн газарт хамтраад зургаан сарын нүүр үзэж буй МАН гарах тухай яриа ийн өндрөө авч эхэллээ. Мэдээж засгаас гарч, дахин сөрөг хүчний байрлалаас бойкот хийх замаар урьдын хорслоо тайлах, сонгуультай золгох нь МАН-д ашигтай хувилбар. Гэхдээ өөрсдөдөө “хэрэгтэй” Сонгуулийн, Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг батлаагүй байгаа энэ үед засгаас гарч өөрт ногдуулсан эрх мэдлийг хүчгүйдүүлэх нь МАН-ынханд ямар ч ашиггүй.

Нөгөө талаас МАН-ынхан Засгийн газарт хамтарчихаад улс орны эрх ашгийг хоёрдугаарт тавьж, албан тушаалын хуваарилалтаа чухалчилаад байгаа бол АН-ынхны шүүмжилж байгаа нь мэдээж зөв. Ямартай ч, хөөх хийгээд хаях тухай яриа өнөөгийн Засгийн газрын амьсгалах” агаараас булаацалдаж эхэллээ. Хэдийгээр Бүлгийн дарга нар нь нэг нь хөөж, нөгөө нь хөөгдөөд байгаа зүйл байхгүй хэмээн асуудлыг холдуулж буй ч хэзээ нэгэн Цагт тийм зүйл болох нь тодорхой. Угаас улс төрд ой санамж байдаггүйгээс хойш тэр шүү дээ. Гагцхүү өнөөдөр үү, маргааш уу гэдэг нь асуултын тэмдэг хэвээр үлдэж байна.

 

 

С.ГАНДӨЛ