МАН-ыг Засгийн газраас гаргана, гаргахгүй гэж маргалдаж байх хооронд дараагийн ЗГ-ын шинэ бүтэц гарч эхэлсэн байна. Гэхдээ Засгийн газар тарах үгүй нь  Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрын хэн нь дийлэхээс шалтгаална.

Харин үр дүнгээс нь шалтгаалж Н.Энхбаяртай нэгдсэн З.Энхболд, Ц.Элбэгдоржтой нэгдсэн Ч.Сайханбилэг нарын улс төр дэхь ирээдүй тодорхой болох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын шинэ бүтэц энэ долоо хоногийн эхээр  тодорхой болсон гэнэ. Тодруулбал, Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва нар өнгөрсөн долоо хоногт Буриад улсад очиж Н.Энхбаяртай уулзсанаар энэ Засгийн газрын хувь заяаг тодорхойлж дараагийн Засгийн газрын сайд нарын нэрсийг тодорхой болгож орхижээ.  Хэрвээ МАН Засгийн газраас гарвал тэдний оронд хэн очих вэ  гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. Тэгвэл шинээр сонгох зургаан сайдыг бүгдийг нь дан дээлтэй байлгахаар ярилцаж байгаа аж. Тодруулбал, бүгдийг нь гаднаас сонгоно гэсэн үг.

 

Ямартай ч зургаан яамны хоёрыг АН авах гэнэ.

 

Тодруулбал,

Сангийн яам:- Тус яамны одоогийн дэд сайд Пүрэвийг сайдаар нь томилно.

Зам тээврийн яам:-Женко Х.Баттулгын ойрын хүн гэгдэх А.Гансүхэд буцаан тус яамны сайдын суудлыг нь өгөхөөр тохиролцож байгаа аж.

 

Мөн хоёр яамыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт өгөхөөр тохирсон байна. Тус эвслээс МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг сайд болгож магадгүй гэнэ.

 

Харин ИЗНН-д Д.Оюунхоролын тэргүүлж буй БОНХАЖ-ын яамыг өгч магадгүй аж. Тус намын нарийн бичгийн дарга Ганхуяг дээрх яамны сайд болох гэнэ.

 

Ингээд үлдсэн нэг яамыг нь бие даагчдад өгөх тохиролцоог хийжээ. Хамгийн ноцтой нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Шадар сайд болж магадгүй гэнэ. Үүнд нь эгдүүцсэн Д.Тэрбишдагва “Би буцаад Шадар сайд” болъё хэмээн Н.Энхбаяраас гуйж, гувшиж байгаа сурагтай. Тэрбээр өөрийгөө Шадар сайд болгож өгөхийг Н.Энхбаяраас гуйж хаа яваа газарт нь дагаж яваа гэж эх сурвалж хэллээ. Харин Н.Энхбаяр түүнийг дэмжих тун дургүй байгаа гэнэ. Мөн тус намаас сайд болох маш их хүсэлтэй нэг хүн байгаа нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэнэ. Тэрбээр сайд болохоор эрчимтэй хөөцөлдөж ээлсэн бөгөөд өдөр, шөнөгүй З.Энхболдын урд, хойно гарч гүйж байгаа аж.

 

Харин АН-аас Г.Баярсайхан гишүүн сайд болохоор горилж байгаа аж. Тэрбээр БОНХАЖ-ын яамны сайдаар томилогдох хүсэлтэй байгаа бөгөөд “Би эко” гишүүн гэх сурталчилгаагаа сүүлийн үед гишүүдийн дунд эрчимтэй явуулж байгаа аж. Ийнхүү МАН-ын зургаан сайдын оронд очих хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч эхэлжээ.

Т.Хулан