Голд живж, дөрвөн хүн амиа алджээ
2015/07/12
Өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт усанд живж, амиа алдсан дуудлагууд иржээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант багийн Орхон-Сэлэнгийн бэлчир гэдэг газар Орхон голын усанд 23 настай эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Ерөөгийн даваа гэдэг газар Ерөө голын усанд 22 настай эрэгтэй живж, амиа алдсаныг харьяа Онцгой байдлын газрынхан ажиллаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл экспо худалдааны төвийн урд талд Туул голын усанд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн Бүдүүн гэдэг газар голын усанд иргэн 17 настай, 11 настай хүүхдүүд живсэн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллан, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Цаг агаар халуун, хуурайшилт ихтэй байгаагаас иргэд гол руу явж, анхаарал болгоомжгүйгээс голын усанд амиа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.