1966 оны үер давтагдах магадлал өндөр гэв
2015/07/16
Одоогоос 50 жилийн өмнө буюу 1966 оны долдугаар сарын 11-нд Туул гол үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр ус бялхаж, Үйлдвэр комбинат, 120 мянгат нэлэнхүйдээ усанд автаж байсан түүхийг сонсч байлаа. Тухайн үед комбинат хавийн алба, амины хашаа, гэр орон, хөрөнгө хогшил нүдний өмнө урсан өнгөрч, хүүхдээ тэвэрсэн хүмүүс газрын өндөр бараадан, живж буй хүмүүсийн “авраарай, туслаарай” гэх гаслант дуу тасралтгүй цуурайтах нь үнэхээр зүрх зүсэм, аймшигтай байсан гэдэг.
Наадамчдыг хүргэж явсан нийтийн тээврийн хоёр автобус живсэн. Үерийн ус 120 мянгатын барилгуудын нэгдүгээр давхрын цонхоор дамжин урсч байжээ.
Үерийн дараа Туул голын хөндий, Дунд голын эрэг дагуу амьдарч байсан айлыг өнөөгийн Яармагийн дэнжид нүүлгэн суурьшуулснаар Яармаг хороолол бий болсон түүхтэй юм байна. Сүүлийн 100 жилд дэлхий 0.74 хэмээр дулаарахад Монголд 2.1 хэм дулаарсан гэх албан ёсны тоон мэдээ байдаг аж. Үүний үр дүнд байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрчим улам нэмэгдэж байгаа юм байна. Тиймээс энэ зун 1966 оны үер шиг их үер болж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Нэг талаараа муу ёрлож байгаа ч юм шиг. Тэртэй тэргүй амьдрал ахуй хэцүү, гал усны гашуун зовлонг гэтэлгэх гэж, эдийн засгийн хөлдүү байдлыг гэсгээх гэж нийтээрээ зовж байхад бас юун үер яриад, муу ёрлоод байгаа юм гэж бухимдмаар.
Гэхдээ цаг уурч хүн хүртэл энэ талаар сануулаад байхаар нээрээ манай Улаанбаатарт их үерийн пян даах барилга байгаа бил үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд байна. Энэ зун олон жилийн дунджаас их бороо хуртай байх бололтой. Хэдийгээр хуурайшилт ихтэй, гол усны төвшин буурсан ч гэсэн их үер болохгүй гэх газар байхгүй аж. Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваа гэдэг хүн энэ талаар сануулж ярьжээ.
Тэрбээр “2012 оноос хойш гол мөрний усны услаг харьцангуй нэмэгдэж, их устай үе эхэлж байна уу даа гэмээр шинж харагдаж байгаа юм. 1966 оны үерээс хойш 49 жил өнгөрсөн байна. Үүнээс 100-гаад жилийн өмнө их үер болж байсан байх магадлалтай болохыг тогтоосон. “1915 онд Туул гол их хэмжээгээр үерлэж, Гандангийн хүрээг бялхаж, Цогт хунтайжийн балгасаар хальж урсчээ” гэсэн мэдээ байдаг. Ингээд үзэхээр 1966 оны үер 100 жилдээ нэг удаа тохиосон үер байсан.
Зочин · 2015/07/16
угаасаа хэзээ вэ? л гэхээс үер болох нь тодорхой ш дэээ... голын ай саваар буугаад барилга баридаг нөхдийг ойлгодоггүй юм.
Зочин · 2015/07/16
Энэ жил сайхан үер бууна, хотын төлөвлөлт гэж байхгүй, дээр нь газрын наймаачин бирднүүдийн хийсэн хэрэг тэнгэрт шалгагдах юм