Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Фэйсбуук, твиттер жиргээчдийн төлөөллийн хүсэлтээр тэдэнтэй уулзаж, сонирхсон асуултуудад нь хариулсан юм. Түүнийг сийрүүлэн уншигчдадаа хүргэж байна. 

МУИС-ын эдийн засгийн сургуулийн багш С.Санасэр: Бид жиргээчид. Тантай нүүр учирч жиргээчдийн бичээд байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй зарим зүйлийг тодруулж  ярилцъя гэж тохироод таныг урьсан юм. Урилгыг маань хүлээн авсанд их баярлалаа. Ингээд шууд асуултаа асууя. Таныг Харвард төгсөөгүй, зүгээр нэг курст сураад ирсэн гэх юм. Энэ ямар учиртай юм бол?

Ц.Элбэгдорж: Харвард чинь асар нэр хүндтэй сургууль шүү дээ. Төгсөөгүй хүнийг төгссөн болгодог хулхи сургууль биш. Харвард төгссөн төрийн тэргүүнүүдийн клуб гэж бий. Тэрүүнд би байдаг. Харвардын Жонн Кеннедийн төрийн удирдлагын сургууль гэж байдаг. Түүнийг төрийн удирдлагын мастер зэргээр төгссөн. Үүнд эргэлзэх хэрэггүй. 

МҮХАҮТ-ын ажилтан Г.Мөнхдэлгэр: Таны гарал үүслийн талаар 2009 онд ч ярьж байсан. Одоо ч ярьж байна. Хятадын эрлийз юм биш үү гээд л. Би бол таныг монгол хүн гэдэгт итгэж байна. 

Ц.Элбэгдорж: Наадах чинь моодноос гарсан сэдэв шүү дээ. Миний хөгшин аавыг Монгол гэдэг. Манай нутгийнхан өвөөгөө хөгшин аав гэдэг юм. Аавын минь нэр Цахиа. Алтайн өндөр уулсын дунд Мөстөд төрсөн. Ээж  Зэрэгт төрсөн, одоо 93 настай надтай хамт амьдарч байгаа. Ийм яриа сонгууль бүрээр гардаг шүү дээ. Итгэх хэрэггүй. 

“ЮЭ” консалтинг байгууллагын захирал А.Урангоо: Гадны ажилчдыг, ялангуяа хятадуудыг Монголд их оруулж ирэх бодлогын цаана таныг байна гээд байх юм. Энэ таны  сонгуулийн эсрэг том пиар юм болов уу? 

Ц.Элбэгдорж: Гадны ажилчин оруулах бодлогын цаан хэн нэгэн байна гэсэн асуудал байхгүй. Манайхан орж ирж байгааг нь хараад байдаг. Албадан гаргаж байгааг нь хардаггүй. Гэхдээ манай ард иргэд энэ асуудалд анхаарлаа  хандуулж ярьж байгаа нь зөв. Орж ирж буй хүмүүс хугацаандаа ажиллаад хэтрүүлэлгүй гарах ёстой. Хугацаа хэтэрсэн байвал албадан гаргадаг. Гадны хэн ч бай хугацаа хэтэрсэн бол Монгол Улсаас албадан гаргана. Миний мөрийн хөтөлбөрт ч бий. 2011 онд 530, 2012 онд 1916, он гараад 512 хүн албадан гаргасан байна лээ. Ер нь гадны ажилчид биш өөрсдийн хүмүүсийг сургаж ажиллуулах бодлого барих ёстой. Энэ бол Монгол Улсын бодлого. 

С.Сансар: Таныг өөр шашин шүтдэг гээд байх юм. Энэ талаар юу гэж хэлмээр байна?

Ц.Элбэгдорж: Надад шүтэх шашин бол нэг л бий. Тэр нь  Монгол Улс. Дээр нь миний аав, ээж, ард түмний шүтдэг бурхны шашин байна. Энэ бол надад хамгийн ойрхон шашин. Ээж маань надад бүр багаас минь мэгзэм зааж өгч байсан. Би мэдээж уул усаа шүтдэг. Тэнгэр хангайгаа шүтдэг. Ард түмнийхээ буян заяанд шүтдэг. Ийм хүн. Дахиад л наадах чинь худлаа зүйл. 

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутан Б.Баттөр: Таныг каз идэх дургүй, казах хүнд итгэдэггүй гэх юм. Адилхан л Монгол Улсын иргэн шүү дээ, яагаад тэгдэг юм бол? 

Ц.Элбэгдорж: Бидний бодлого Монгол Улсынхаа иргэдийг олон болгох, ер нь цуглуулах шүү дээ. Монголчуудаа Монголдоо ирээрэй л гэж байгаа. Тэгж тараах юм ярьж болохгүй. Энэ бол зүгээр улс төрийн зорилгоор л хүмүүсийн гаргасан яриа. Каз чанаад ирээд  үз л дээ. Би казанд нугасгүй шүү дээ. Би Монголынхоо ард иргэдийн соёл уламжлалыг дээдэлдэг хүн. Наурызын баяр байна. Үнэхээр монгол түмний эрдэнэ болсон сайхан баяр. Манай казах иргэдийн зүгээс гардаг нэг асуудал бий. Тэр бол иргэншил нь. Эндээ амьдарч байхад зарим хүн паспортыг нь ашиглаад гадагш гарсан болгож дундаас нь мөнгө завшдаг тал байна. Энэ асуудлаар 915 хүн хандсан. 912-ынх нь шийдэгдсэн байгаа. Иргэддээ хэлэхэд бид хохирсон эрхийг нь сэргээж өгнө. Ерөнхийлөгч хүнд энэ иргэндээ итгэдэггүй, тэр иргэндээ дургүй гэсэн хандлага хэзээ ч байх учиргүй. Бид ингэж элдвийн цуу яриа гаргаж бие биенийгээ тараах биш харин бие биетэйгээ эвсэж нэгдэж цуглах хэрэгтэй. Яг үнэндээ Монгол Улс гэж надад нэг л нам бий. Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө л би явах ёстой. 

С.Сансар: Таны мөрийн хөтөлбөрт малчин гэж үг байхгүй гэх юм. Үнэхээр энэ үг байхгүй юм уу?

Ц.Элбэгдорж: Малчин, тариаланч, ногоочин гээд байж байгаа шүү дээ. Тэр бүү хэл малчныг мэргэжил болгож байгаа. Малчин бол мянган мэргэжлийн эзэн гэж би боддог. Нэг ажлыг 40 жил хийгээд явж буй хүн мэргэшихгүй байна гэж үгүй биз дээ. Малчин айлын эзэгтэй гэхэд л сүүгээрээ хэчнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Бүрээд тараг, эсгээд айраг, буцалгаад аарц, байлгаад өрөм, холиод тос, ээдүүлээд бяслаг гээд явна шүү дээ. Гадаа гараад од сар шинжиж байгаа нь хэр баргийн одон орончоос илүү. За энэ долоо хоног эсвэл энэ өвөл хүйтэн болох нь дээ гээд зогсож байдаг. Морь малаа шинжиж байгаа нь мал зүйчээс илүү. Тийм учраас  малчдад мэргэжлийн үнэмлэх олгож байгаа. Дээрээс нь энгэрийн тэмдэг өгч байгаа. Бас данс нээж, тамга өгөх гэж байна. Малчин бүхэн алийн болгон хүний аманд орж ноос, ноолуураа зүгээр өгөх вэ. Гэрээ хийдэг, миний дансанд тэдэн төгрөг шилжүүлчихээрэй гээд гарын үсгээ зураад тамгаа дардаг болж байгаа. Бид ингэж л хүнийхээ үнэ цэнийг дээшлүүлэх ёстой. Бид бүгд л малчинтай холбоотой. Би малчин гэр бүлд төрсөн. Заримынх нь ах дүү хөдөө малчин байгаа, заримынх нь холын  хамаатан ч гэсэн  малчин гаралтай улсууд байгаа.  

С.Сансар: Та моринд дуртай юм шиг байна лээ. Гэтэл нэлээн эртнээс нэг зураг интернет, твиттерт яваад байна. Нэг хайрцаг тавьж байгаад мориндоо мордож байгаа юм шиг. Энэ ямар учиртай юм бэ?. 

Ц.Элбэгдорж: Би ер нь төрөөд л гурав хоноод морины нуруун дээр гарсан гэж нэг ярьж байсан даа. Миний аав төрөхөөс намайг аваад ээжтэй цуг мориор буцсан юм. Надад моринд хайрцагтай, хайрцаггүй мордчих чадал байгаа. Морь гэснээс, нэг хөтөлгөө морьтой зураг гадуур тавиад байгаа даа. Монгол хүн очих газраа бодож морио барьдаг. Бидний явах газар хол. Илүү эрчтэй явах ёстой. Тэр шарга азарга бол улсад 6 түрүүлсэн, өөрөө тэнгэрийн хүлэг шиг адуу. Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч л унана, өөр хүн унахгүй гээд сэтэрлэсэн юм. Цагаан сарын дараа очиж тэр хүлгийг унаж, өөрийн нь төл хээр үрээг хөтлөн явсан юм. Тэр зураг л даа. Тэр нь “Бидэнд хийх ажил их байна, бид илүү хурд, эрчтэй байж, илүү хол явах хэрэгтэй” гэсэн бэлгэдэл байх. 

Б.Баттөр: -Таныг цахим зарим жиргээчид намхан гээд голох юм.  Гадаадад Монгол Улсаа төлөөлөхөд таны нуруу нь намдаад байгаа юм уу хайшаа юм. Үүнтэй холбож юу хэлмээр байна? 

Ц.Элбэгдорж: Өөлөх гэсэн хүн юу ч хэлж болно шүү дээ. Сонгуулийн үеэр хүн бүр л янз бүрийн зүйл ярих эрхтэй. Энэ бол хүний эрх. Хэрвээ би намхан бусад нь өндөр юмбол тэд надтай бөхийж харьцах нь байна л даа. Сэтгэл, зүрхээрээ би өөрийгөө хүмүүстэй хамгийн ойрхон хүн гэж боддог.

Г.Мөнхдэлгэр: Таны хамгийн их хэлсэн, хүнд хамгийн их хүрсэн  үг бол “шударга байцгаая”. Тэгсэн хэрнээ “Ардын намынхныг агнаад байна.  Авлигачидтай  алагчилж тэмцээд байна” гээд хүмүүс яриад байна. 

Ц.Элбэгдорж: -Авлигачидтай намын харьяаллаар тэмцэнэ гэж байхгүй шүү дээ. Намын харьяаллыг нь хардаггүй,  хууль зөрчсөн үү, үгүй гэдгийг л хардаг. Хууль зөрчсөн бол хэн ч байсан түүнтэй тэмцэх ёстой. Авлигал гэдэг бол өөрийн албан тушаалыг ашиглаад ард түмэнд очих тэр боломжоос л хумсалж буй хүнийг хэлдэг. Ард түмэнд очих ёстой бялуунд хил гэж бий. Тэр хилийг зөрчсөн хэнтэй ч хариуцлага тооцох учиртай. Монгол Улсын хилийг зөрчсөн гадны ямар ч иргэнтэй хариуцлага тооцно. Монгол Улсын хуулийг аль ч намын гишүүн иргэн  зөрчсөн хариуцлага тооцно. Нэг статистик тоо байдаг юм. Мөнгөний зөвшөөрөл дээр гарын үсэг зурдаг албан тушаалын 10 хүн байлаа гэхэд 9 нь тэр намынхан өмнө нь байсан гэж. Тэр хүмүүс хил зөрчих магадлал өндөр байсан байж магадгүй. Энэ бол эрх мэдэлтэй холбоотой асуудал. Эрх мэдэл Ардчилсан намынханд ирсэн үед тэднээс хил зөрчвөл адилхан л хариуцлага тооцно шүү дээ. Ялгах тухай асуудал ерөөсөө байхгүй. Даргын хэлснээр бус хуульд бичсэнээр бид ажиллаж байна. Ажиллахыг эрмэлзэж байна. 

А.Урангоо: Өчигдөрхөн би фэйсбуукаас”Намбарын Энхбаярыг суллах гэж байна” гэж уншлаа л даа. Үүнийг нууцаар хийж байгаа гээд л. Нууцлах шаардлага байсан юм уу?.

Ц.Элбэгдорж: Тийм зүйл байхгүй. Ерөнхийлөгчид ганцхан эрх бий. Тэр нь уучлал үзүүлэх. Ял эдэлж буй хүн уучлал үзүүлэхийг хүсч өөрөө хүсэлтээ гаргадаг. Бичиг үсэг мэддэггүй бол өмнөөс нь өмгөөлөгч нь юм уу ээж, аав, төлөөлж буй хүн нь хүсэлт гаргадаг. Тийм хүсэлт надад ерөөсөө ирээгүй. 

Г.Мөнхдэлгэр: Дэнзэн, Баярцогтын асуудлаар таныг ерөөсөө үг дугарахгүй байна гээд байна. Өчигдөр Дэнзэн ажлаа өглөө. Одоо шалгуулах ёстой гэж жиргээчид маш хүчтэй шаардаж байна. Үүнд жиргээч бид нэлээн идэвхтэй оролцсон. Төрийн тэргүүний хувьд  Баярцогтыг хэзээ шалгуулах юм бэ?

Ц.Элбэгдорж: Хүн шаардсанаар хүнийг шалгана гэж байхгүй. Шалгах шаардлагатай бол шаардсан ч, шаардаагүй ч шалгана. Миний сонссоноор төрийн албан дээр ийм яриа гараад байгаа. Ийм ярианд өртсөн хүн ажлаа өгчих нь зүйтэй. Дэнзэн гэдэг хүн ч ажлаа өгөх нь зүйтэй, шалгуулах юм байвал шалгуулна биз. Баярцогтын хувьд мөн тийм байр суурьтай байсан. УИХ-ын гишүүнээс түдгэлз, шалгуул гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүнээс түдгэлзэнэ гэж ойлголт байдаггүй, чөлөөлөгдөх хүсэлт тавьдаг. Түдгэлзүүлнэ гэвэл прокурор, хуулийн байгууллагаас санал тавьдаг юм байна. 

Өөрт нь хэлсэн үгээ хэлье. Би ч гэсэн ард иргэдийн адил мэдээлэлтэй, нэг адил байр суурьтай байгаа. Тэр нь юу вэ гэвэл “Баярцогтоо, чи УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өг” гэсэн. Ерөнхийлөгчийн хувьд авах арга хэмжээ гэж байхгүй шүү дээ.

Би 1994 онд мөн адил шалгах шаардлагатай байна гээд бичиг ирэхэд нь өөрөө чөлөөлөгдөөд,  шалгуулаад, цагаатгагдаад гарч ирж байсан. 

Г.Мөнхдэлгэр: Баярцогтын ухамсрын асуудал гэж үзэж байна уу?

Ц.Элбэгдорж: Ухамсраас гадна соёлын, ёс зүйн асуудал. 

Г.Мөнхдэлгэр: Та ашигт малтмалын лиценз дээр хориг тавьсан. Гэтэл таныг өөрөө ашигт малтмалын 17 лицензтэй гээд жиргээд байна. Энэ үнэн үү?

Ц.Элбэгдорж: Юуных нь 17 лиценз байх билээ. Нэг ч лиценз байхгүй. Би хоёр төлийн лиценз дээр хориг тавьсан хүн. Нэг нь ашигт малтмалын, нөгөө нь архины үйлдвэрт шинээр лиценз олгоход хориг тавьсан. Архины үйлдвэрийнх нь 2005 оны 11 дүгээр сарын 23-нд,  ашигт малтмалынх нь 2010 оны 10 дугаар сарын 20-ны 16 цагт шийдсэн байдаг. Хоёулаа л үр дүнгээ өгсөн. Манай газар нутгийн 46 хувь нь ашигт малтмалын лицензтэй байсан бол 12 хувь болсон. Архины 186 үйлдвэр байсан бол 64 болж гурав дахин буурсан байна. 

А.Урангоо: Ерөнхийлөгчийн сонгуулийн буюу таны нэг өрсөлдөгч Бат-Эрдэнэ 80 хууль санаачилсан гээд жиргээчид бичээд байна. Тэдэнд таны санаачилсан хууль цөөдөөд байгаа юм болов уу.

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч хууль санаачилна, бас Засгийн газрын болон УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулиудад санал өгдөг. Хууль буруу зөрүүтэй гарвал хориг тавиад дахиад оролцох боломжтой. Тиймээс Ерөнхийлөгчийг зөвхөн санаачилсан хуулиар нь авч үзэх ёсгүй. Тоо хэлэх юм бол зөвхөн шүүх, хуулийн байгууллагыг өөрчлөх гээд бид  22 хууль санаачилж байгаа. Тэрний 6-г нь баталсан. Зөвхөн нэг салбарт л ийм байна. Юмыг тоогоор биш чанараар нь харах ёстой байх. 

Г.Мөнхдэлгэр: Та их сайхан ярьдаг. Үүнтэй холбогдуулаад Элбэгдорж худалч гэж твиттерээр маш их бичих юм. . 

Ц.Элбэгдорж: Худлаа гэдэг дээр ганц шалгуур тавьчих хэрэгтэй. Та нар тэр авлигын асуудалд орооцолдоод байгаа хүмүүсээс очоод асуу. Авлигалтай тэмцэнэ гэсэн худал байна уу, үнэн байна уу гээд. Тэд хэлэх л байх. Иргэдээс очоод асуу. Орон нутгийн хөгжлийн санд 270 тэрбум төгрөг хуваарилагдаад иргэд асуудлаа шийдээд явж байгаа. Би хэлсэн л бол түүнийхээ үр дүнг үзэхийн төлөө явдаг. Хэлэх гэж байгаа үгээ их бодож хэлдэг. Шууд хэлж байгаа юм шиг харагддаг ч түүний цаана судалсан, тооцсон зүйл их байгаа. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс бүр ч тийм байх ёстой. Хийж чадах зүйлээ л хэлэх ёстой. Өнөөдөр  манайд хийх ажил маш их байгаа учраас асар олон зүйл ярихад хүрч байна. 

А.Урангоо: Та зөвөөр ойлгоорой. Бид бол фэйсбуук, твиттерийн төлөөлөгчид. Тийм учраас хүмүүсийн мэдэх ёстой асуудлуудыг асууж байна. 

Ц.Элбэгдорж: Тэгэлгүй яах вэ. Хүмүүсийн асууя гэж бодож байгаа, ярьж байгаа асуудлуудыг хөндөх боломж гаргасан та бүхний санаачилгад их баярлалаа. 

А.Урангоо: Та твиттер хуудсаа өөрөө хөтөлж байгаа юу?

Ц.Элбэгдорж: Фэйсбуук, твиттерээ өөрөө хөтөлж байгаа. 6 дугаар сарын 26-нд манай залуучууд намайг дэмжээрэй гэж хүсье. 6 дугаар сарын 26-наас хойш 4 жил би та нарыг дэмжье. За асуулт асууж сайхан ярилцсанд их баярлалаа. 
 

Сийрүүлэн буулгасан Н.МӨНХ-ЯЛАЛТ