INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг цагдан хорьсон.  Түүнийг  цагдан  хорьж байгаа нь хууль зөрчиж байгааг  бид удаа дараа мэдээлсэн. Үүнийг  УИХ-ын дэд хороо баталгаажуулсан байна. Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар  хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн  дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагаагүй үндэслэлээр  цагдан хорьсон.  Энэ нь  Үндсэн хууль болон Эрүүгийн хууль,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  холбогдох заалтыг  зөрчиж, хүний эрхэнд халдсан шинжтэй үйлдэл хийгдсэн  байж болзошгүй тул  холбогдох хяналт  шалгалтыг хийж, хариу мэдэгдэхийг  хүссэн байна.  

Хохирогч талын өмгөөлөгчийн хүсэлтээр  таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь шүүгч өөрөө  

  • Үндсэн хуулийн   16.13 буюу  халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
  • Үндсэн хуулийн  16.16 буюу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7 буюу  Хуулиар тогтоосон үндэслэл, журмаас гадуур сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэж болохгүй зэрэг хуулийг зөрчсөн.
  • Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   17-д шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах гэж заасан байдаг ч шүүх хуралд талуудыг  эрх тэгш оролцуулаагүй.  Зөвхөн  хохирогчийн өмгөөлөгчид л ярьж, хариуцагчийн өмгөөлөгчид  тайлбар хийх боломж олгоогүй.  Энэ бүхэн нь  шүүх хурлын дараах бичлэгээс  тодорхой харж болно.  

Хохирогч талын хүсэлтээр буюу  Монгол улсын хуулинд байхгүй зүйлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь  өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 10.4-д заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.”  Гэдгийг шууд зөрчиж байгаа юм.  

Тиймээс хууль зөрчиж байгаа  шүүгч өөрөө Эрүүгийн хуулийн 109.1-д зааснаар “Хүнийг хууль бусаар хорьсон нь энэ хуульд заасан албан тушаалын болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, түүнчлэн хүн хулгайлах, барьцаалах гэмт хэргийн шинжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах” ялд “унахаар” үйлдэл хийсэн байна.  

Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад  хууль бусаар  хүнийг хорьж болдог юм бол шүүгчийн энэ хууль зөрчсөн үйлдэлд хэзээ  хариуцлага тооцох вэ?  

 

А.Баярмаа