З.Батбаяр: Санал тоолох хар машиныг эсэргүүцэж 30 орчим мянган иргэн гарын үсэг зуржээ
2013/06/16
Өнгөрөгч долоо хоногт намуудын төлөөллийг байлцуулан СЕХ-ноос санамсаргүй тохиолдлоор сонгох зарчмаар автомат машиныг тестэлсэн. Санамсаргүй сонголтоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Дорноговь аймгийн Замын –Үүдийн 28 дугаар хэсгийн хороо таарсан. Тус хороонд байрлуулах автомат машинд саналын хуудсыг хүчингүйгээр тоолох бүхий л нөхцлийг тооцож урах, нугалах, буруу бөглөх зэргээр саналын хуудастай ажиллаж автомат машинд хийхэд ямар нэг алдаа илрээгүй. Гэвч цаг хугацааны хувьд эрт хийсэн туршилт учраас улс төрийн намууд энэхүү тестлэх үйл ажиллагаанд төдийлөн итгэхгүй байгаа аж. Хэрэв сонгуулийн үр дүнд нөлөөлье гэвэл санал хураах тухайн цаг үед ч автомат машинд нөлөөлөх боломжтой юм гэж үзжээ. Тиймээс МАХН-аас СЕХ-нд тодорхой саналуудыг хүргүүлсэн тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Ер нь өмнөх хоёр сонгуулиар автомат машиныг тойрсон үл итгэх байдал нилээд байсан. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх З.Батбаяраас тодрууллаа.
-Та бүхэн санал тоолох автомат машинтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Эхний асуудал нь хяналтын тооллоготой холбоотой байсан. Тодруулахгүй юу?
-Сонгуулийн тухай хуулинд зааснаар автомат машинаар тоолж гаргасан дүнг баталгаажуулах хяналтын тооллогыг сум бүрт нэг, дүүрэг болгонд хоёр хэсгийн хороонд санамсаргүй сонголтын аргаар хийнэ гэж заасан байгаа. Гэхдээ СЕХ-ноос хяналтын тооллогыг хийгээд дүнг нь гаргах тухай зааврыг баталсан байгаа атлаа яг хяналтын тооллогын эцсийн үр дагавар яаж гарахыг хийж өгөөгүй байгаа. Тодруулбал, автомат төхөөрөмжийн дүн, хяналтын гараар тоолсон тооллогын дүн хоорондоо зөрвөл яах вэ гэдийг зааж өгөөгүй. Тиймээс СЕХ яаралтай хуралдаж энэ асуудлыг шийдэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй юм бол 125 хэсгийн хороонд хийгдэж байгаа гар тооллогын ач холбогдол гарахгүй төдийгүй иргэдийн хар машинд итгэх итгэл үгүй болох үр дүн харагдаад байна. Цаашлаад иргэд төрдөө итгэхгүй, сонгуулийн үр дүнд эргэлзэх явдал зайлшгүй гарах болчихоод байгаа. Ер нь өмнөх сонгуулиудаар энэ байдал гарч байсныг өнөөдөр бүгдээрээ санаж байгаа байх.
-Танайхаас автомат машинтай холбоотойгоор хөдөлгөөн өрнөсөн гэж сонссон. Хөдөлгөөний үр дүн, түүний агуулгын талаар тодруулаач?
-Ер нь сонгуулийн хар машин өөрөө сонгуулийн үр дүнг өөрчилж, сонгуулийг будлиантуулж байна гэсэн эргэлзээ, үл итгэх байдал иргэдийн дунд маш их байна. Саяхан МАХН-аас “Хар машиныг эсэргүүцсэн эхчүүдийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж, тэд 15 аймгаар явж, хар машиныг эсэргүүцэж байгаа эсэхийг тандахад 30 орчим мянган иргэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Энэ нь өөрөө санал тоолох машинд итгэх итгэл иргэдийн дунд байхгүй байгааг харуулсан явдал. Тийм учраас энэ үл итгэсэн байдлыг арилгах үүднээс санал хураалтын өдрийн 23 цаг гэхэд бүх хэсгийн хороо санал хураалтын дүнгээ төв рүүгээ явуулсан байя. Техникийн болоод цаг хугацааны хувьд энэ нь бүрэн боломжтой юм билээ. Санал хураалт 22 цагт дуусна. Дуусангуут хүчинтэй, хүчингүй саналын хуудсуудыг танилцуулаад автомат төхөөрөмжийг ажиллуулахад ганц хоёр минутын хугацаа орно. Дараа нь бол хэвлэх ажил үлдэх учраас бүх дүнгээ 23 цаг гэхэд хэсгийн хорооны тогтоолыг гаргалгүйгээр автоматаар явуулах боломж бий. Харин 23 цагаас хойш ирж байгаа санал хураалтын дүн ямар нэг байдлаар “но”-той байж болох учраас энэ тал дээр СЕХ шийдвэр гаргахыг хүсч байгаа юм. Өмнө нь УИХ болон Орон нутгийн сонгуулийн үеэр санал хураалтын дүн 22 цагийн үед тоолж байхад нэг өөр, 02 цагийн үед бас нэг өөр, үүрээр 05 цагийн үед бүр өөр болчихлоо гэх мэтээр ард иргэдийн дунд сонгуулийн хэсгийн хорооны дүнгээс хамаарч өөрчлөгдөөд байна гэсэн хар, таавар явж байсан учраас хэсгийн хороод 23 цаг гэхэд бүх дүнгээ явуулсах байх зохицуулалт хийх нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Явуулсаныхаа дараа бол нарийвчлан хэсгийн хорооны тогтоолоо гаргаж болно гэсэн саналыг тавиад байгаа.
-Ажиглагчид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр дах санал хураалт болох магадлалтай гэж үзээд байгаа. Та бүхэн бас ийм үр дүн таавалаж байгаа бололтой. Энэ нөхцөлд хоёр дах санал хураалтыг хэвийн явуулах боломж хэр байгаа гэж харж байна?
-Энэ жил анх удаагаа хоёр дах шатны буюу хоёр дах санал хураалт болж магадгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал аваагүй нөхцөлд өндөр хувьтай санал авсан хоёр нь хоёр дах шатны санал хураалтад оролцохоор байгаа. Хуулиар бол энэхүү хоёр дах шатны санал хураалтыг 14 хоногийн дотор зохион байгуулахаар тусгасан. Тэгэхээр хэрэв хоёр дах санал хураалт болно гэж үзвэл одоогийн орон даяар тараачихсан 3000 гаруй автомат машиныг эргүүлж цуглуулаад хоёр нэр дэвшигчээ сануулаад буцааж тараах цаг хугацааны болоод техникийн боломж байна уу гэдэгт бид эргэлзэж байгаа. Тийм учраас энэ тал дээр СЕХ шийдвэрээ гаргах саналтай байгаа. Бид саналаа өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ. СЕХ энэ тал дээр тодорхой шийдвэр гаргаад цаашаа явах боломж бүрэн бий.
-Гэтэл СЕХ та бүхний тавьсан асуудлыг хэлэлцэж нааштайгаар хүлээж авлаа гэхэд журам гаргах хэмжээний бүрэн чадамж хэр байна вэ?
-Тиймээ. СЕХ-ны 9 гишүүний хоёр нь одоогийн байдлаар ажлаа өгчихсөн байгаа. Тэр хоёр ажлаа өгсөн хүн СЕХ хуралдаа сууж байна уу, СЕХ-ны бүрэн эрхт гишүүн мөн гэж үзэх үү гэдэг асуулт байна. Мөн гадагшаа дотогшоо хоёр нь явсан тохиолдолд ирц нь хүрэх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Ер нь сонгуулийн бүх шатны хороодод ажиглагч ажиллах боломжтой. Тиймээс СЕХ-ны хуралдаанд нь МАХН-аас ажиглагчаар хүн суулгая гэдэг саналыг тавьж байгаа.
Э.Майцэцэг