Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойд
 
Сонгууль гэж бүтэн өдөр их сайхан юм болдог шиг багын дурсамж байна. Яагаад гэвэл хөдөөд аав, ээж унах морь, өмсөх дээл хувцасаа оройдоо бэлтгээд хонодог байв. Өглөө эртлэн босч сүү саалийн ажлаа амжуулчихаад алхаа сайтай морь, гоё хувцасаа өмсөөд л гараад өгдөгсөн.
 
Тэр үед наадам, гэр бүлийн баяр, хурим найртай дүйхээр чухал үйл явдал сонгууль байжээ. Тэгэхээс ч аргагүй юм. Дөрвөн жил өөрийг нь төлөөлж төр барих хүнээ сонгох үйл явдал тохиолдсон нь энэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд төр барих хүнийг тэр өдөр та л мэдэх учир өнгөтэй, өөдтэй бүхнээ өмсч, очин санал өгдөг, төр түмнээ хүндэтгэдэг монгол ёс юм.
 
Энэ өдрүүдэд Монгол Улсад анхны чөлөөт ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ түүхэн үйл явдлын ач холбогдол, үнэт зүйлийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулж буй. Мөн энэ сонгуульд нэр дэвшсэн, тэр үед ажиллаж байсан улстөрч, УИХ-ын гишүүд, мэргэжилтнүүд түүхэн үйл явдлын талаарх дурсамжаа сөхөж байгаа билээ.
 
Одоогийн Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгийн сийрүүлснээр БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын 12 дахь, аймаг, хот, сум, хороо, район, орон нутгийн хотын Ардын Хурлын депутатуудын 16 дахь удаагийн сонгуулийг 1990 оны долдугаар сарын 29-ний ням гаригт явуулсан байна. Тодруулбал, энэ өдөр монголчууд АИХ-ын 430 депутат болон Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох анхны чөлөөт, ардчилсан сонгуульд оролцжээ.
 
Энэхүү сонгуулиар Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр танхим бүхий парламентыг сонгосны зэрэгцээ АИХ-ын депутатаа нэг мандат бүхий  430 тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын төлөө санал өгч буюу пропорционалиар сонгожээ. Энэ нь өнгөрсөн 2012 оны сонгуулийг явуулсан нэр дэвшигч болон намыг сонгосон сонгуулийн холимог тогтолцоо юм.
 
 
1990 оны долдугаар сарын 22-нд гурав, түүнээс дээш хүний нэр дэвшсэн тойрогт шалгаруулан сонгох санал авч хоёр хүний нэрийг үлдээжээ. Улмаар 1990 оны долдугаар сарын 29-нд 426 тойрогт санал хураалт явагдаж депутатуудыг сонгожээ.
 
Сонгуулийн шинэ хуулийн дагуу явагдсан олон намын оролцоотой ардчилсан шинэ сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/, Монголын Үндэсний Дэвшил Нам /МҮДН/, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам /МЧХН/, Монголын Ардчилсан Нам /МоАН/, Монголын Социал Демократ Нам /МСДН/, Монголын Ногоон Нам /МНН/ оролцжээ. Энэ сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалтыг нэгэн зэрэг явуулахад сонгогчдын 61.74 хувь нь МАХН-д, 5.95 хувь нь МҮДН-д, 1.22 хувь нь МЧХН-д, 24.3 хувь нь МоАН-д, 5.52 хувь нь МСДН-д, 1.24 хувь нь МНН-д саналаа өгчээ.
 
Нийт сонгогчдоос 1027.1 мянган хүн санал өгөх эрхтэйгээр бүртгэгдсэний 98 хувь нь саналаа өгч ирц сайтай оролцсон байна. Үүний үр дүнд АИХ-ын 422, аймаг, хотын хурлын 1765, сумын хурлын 8977, хорооны хурлын 936, районы хурлын 352, орон нутгийн хотын хурлын 1049 депутатыг сонгосон байна. Харин БНМАУ-ын АИХ-ын 36, 147, 259, 351, 353, 358 дугаар тойрогт дахин сонгууль явуулжээ.
 
Энэ сонгуулийг анхны ардчилсан сонгууль гэж албан ёсоор нэрлэдэг ч чухамдаа ард түмэн төр барих сонголтыг гартаа авсан хувьсгалын үе байсан юм. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан түүхэн эрхээ эдлэхийн тулд хүн бүр ач холбогдол өгч төрийн наадмын дайтай юм болдог байв.
 
Социализмийн үед Зөвлөлт Холбоот Улсад Монголын удирдлагыг шийдэж, тэндээс заавар зөвлөгөө өгдөг байсан тухай одоо ярьдаг ч тэр үед ард түмэн энэ тухай төдийлөн мэддэггүй байв. Энэ үйл явдлыг түүх гэрчилдэг ч гэдэг. Тодруулбал, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар Монголын төрийг олон жил тасралтгүй удирдсан нь ЗХУ-д манай улсын удирдлага байсныг гэрчилдэг хэмээдэг. Үнэн­дээ 25 жилийн өмнөх сонгууль бол хойд хөр­шийн удирдлагаас салсан түүхэн сонголт байлаа.
 
Монголчууд төр барих төлөөллөө өөрийн итгэл үнэмшлээрээ чөлөөтэй сонгосон ардчилсан анхны сонгуулийн товчхон түүх энэ. Мөн монголчууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, олон улсад гарах боломж нээгдсэн ардчилсан хувьсгалын ач тус гэдгийг хүн бүр мэддэг.
 
 
Одоогоос 25 жилийн өнөөх долдугаар сарын 22-нд Монгол Улсад олон намын төлөөлөлтэй Ардын Их Хурлын анхны чөлөөт сонгуулийн эхний шатны санал хураалт болж байжээ. Энэ түүхэн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр дурсамжаа сөхсөнийг товчлон хүргэе.
 
Н.Батбаяр:
 
-Энэ өдрүүдэд 1990 онд болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын анхны чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож байна. Яг энэ өдөр Ардын Их Хурлын сонгуулийн гурав ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн тойрогт шалгаруулан сонгох санал хураалт явуулж сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан хоёр хүний нэрийг үлдээж байсан юм.
 
Тэр үед нутаг дэвсгэрийн нэгж болон хөдөлмөрийн хамт олон, нам, олон нийтийн байгууллагын хурлаас Ардын Их Хурлын депутатад нэр дэвшүүлдэг байв. Би тэр үеийн “Комплексимпорт” хангамжийн нэгдлийн хамт олны хурлаас Ардын Их Хурлын сонгуулийн 43 дугаар тойрогт нэр дэвшин 11 хүнтэй өрсөлдөж, эхний шатанд доктор Ж.Хайрулла бид хоёр хамгийн олон санал авсан.
 
Ингээд тухайн тойрогт хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчээс Ардын Их Хурлын депутатыг тодруулах хоёр дахь шатны санал хураалт 1990 оны долдугаар сарын 29-нд болоход би сонгогчдын 56.4 хувийн санал авч Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон юм.
 
Энэ сонгуулиар манай МҮДН-аас нэр дэвшсэн зургаан хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогдсоноос хоёр нь Улсын Бага Хурлын гишүүн болсон. Энэ сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт нэгэн зэрэг явуулахад МҮДН сонгогчдын 5.52 хувийн санал авч байв.
 
Ингэж анхны чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон бид Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг сонгож байгуулан улмаар шинэ Үндсэн хуулиа батлалцаж улс орондоо ардчилал, зах зээлийн шинэ харилцааны үндэс суурийг тавилцаж байснаа энэ өдөр эргэн дурсахад таатай байна гэв.
 
Мөн Ардын Их Хурлын депутат асан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар тэр үеийн дурсамжаа хуваалцсан юм.
 
Г.Ганболд:
 
-1990 оны анхны олон намын тогтолцоотой чөлөөт сонгуулиар залуу үеийнхнээ төлөөлөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдож шинэ Үндсэн хуулийг батлалцах хувь тохиосонд бахархаж явдаг. Тэр үед төрийн бус байгууллагууд сонгуульд нэр дэвшүүлдэг байсан тул би МХЗЭ-ийн байгууллагаа төлөөлөн Сэтгэл мэдрэлийн эмгэг судлалын төвийн ХЗЭ-ийн хорооны бүх гишүүдийн хурлаас Ардын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн.
 
Манай тойрогт долоон хүн нэр дэвшиж, 1990 оны долдугаар сарын 22-нд болсон сонгуулийн эхний шатны санал хураалтаар Н.Болд бид хоёр хамгийн олон санал авч үлдсэн. Ингээд долдугаар сарын 29-нд болсон хоёр дахь шатны санал хураалтаар би 4164 хүний санал буюу сонгогчдын 65 хувийн саналаар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан юм. Анхны ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт тууштай шилжиж, дэлхийд үлгэр болохуйц орон болж хөгжихөд өөрийн хувь нэмрийг оруулж явсандаа сэтгэл хангалуун байдаг.
 
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Баярцогт энэ түүхийг гэрчилж байна.
 
С.Баярцогт:
 
-Монгол Улсын анхны олон намын оролцоотой чөлөөт сонгуулийн эхний шатны санал хураалт болсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол монголчууд өөрсдийнхөө түүхэн хувь заяаг тодорхойлох боломж олдсон түүхэн өдрүүдийн нэг яахын аргагүй мөн. Тиймээс цаашдаа энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгох нь зүйтэй юм.
 
Энэ сонгуулиар би залуусаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 288 дугаар тойрогт нэр дэвшин сонгуулийн эхний шатны санал хураалтаар М.Цэвээн-Очирын хамт үлдэж, улмаар хоёр дахь шатанд тойргийн нийт сонгогчдын 56 хувийн санал авч Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв.
 
Энэ сонгуульд эвлэлийн байгууллагаас 30 гаруй залуу нэр дэвшин өрсөл­дөж Ардын Их Хурлын депутат болоход хамгийн залуу нь би байсан. Ул­маар Д.Балдан-Очир бид хоёр залуусаа төлөөлөн Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
 
Сонгуулийн хуулийн дагуу Ардын Их Хурлын болон орон нутгийн Ардын Хурлын сонгууль нэгэн зэрэг болсон юм. Мөн энэ сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт нэгэн зэрэг явагдсан нь сонгуулийн тогтолцооны шинэ хэлбэр байв. Үүний үр дүнд улс төрийн намуудын авсан саналд үндэслэн намуудад мандат хуваарилах замаар Улсын Бага Хурлыг сонгож байгуулсан түүхтэй гэв.
 
М.ГАНЦЭЦЭГ