МАН-ын залуучууд оюуны өмч хулгайлсан уу?
2013/06/18
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурван намын нэр дэвшигчээс хэн нь хилийн чанад дахь монголчуудаас олонхийн дэмжлэг хүлээв гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуульд хилийн чанад дахь монголчуудаас 4248 сонгогч саналаа өгсөн нь бүртгэлд хамрагдсан сонгогчдын 68.2 хувийг эзэлж байгаа юм. Хуульд зааснаар тус хороо нь сонгуульд оролцсон сонгогчдын хэдэн хувь нь аль намаас нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн бэ гэдгийг одоо мэдээлэх боломжгүй, зургадугаар сарын 26-нд товлогдсон нэгдсэн сонгуулийн дүнг гаргасны дараа цуг мэдээлнэ.
Гэхдээ “Бид сонгох эрхтэй” клубээс хилийн чанадад саналаа өгсөн монголчуудын дунд EXIT POLL судалгааг хийснээ уржигдраас олон нийтэд танилцуулаад байна. Судалгааг монголчууд хамгийн олноор оршин суудаг Вашингтон, Сан Франциско, Лондон, Сөүл хотуудад тус хотуудад зургадугаар сарын 14-16-ний хооронд явуулжээ. Ингэхдээ саналаа өгсөн 711 сонгогчоос 273 сонгогч нь түүвэр судалгаанд хамрагдсан юм байна.
Хачирхалтай нь, дээрх судалгааг олон нийтэд цацсаны маргааш өдөр буюу өчигдөр МАН-ын зүгээс “Сонгуулийн ажиглагч” гэсэн зохиомол нэрийн доор ELECTION EXIT POLLS судалгааг мөн олон нийтэд мэдээлсэн нь эргэлзээнд оруулаад байна. Судалгааг Вашингтон, Сөүл, Лондон, Токио, Женев, Эрхүү зэрэг 6 хотод нийт саналаа өгсөн 1835 сонгогчоос 305 хүн түүвэрлэн судалгааг авахад ийм дүн гарсан гэж тодорхойлсон боловч ийм судалгаанд оролцсон нэг ч хүн олдоогүй байна.
Тэгвэл Бид Сонгох Эрхтэй клубын EXIT POLL судалгааг Вашингтон хотод төлөөлж хийсэн АНУ-ын Монгол соёлын төвийн тэргүүн Др. М.Саруул-Эрдэнэ “Вашингтонд саналаа өгсөн монголчуудаас түүвэр судалгааг авч байхад биднээс өөр хүмүүс судалгаа давхар хийгээгүй. Гэтэл Вашингтонд судалгаа хийсэн гэж ELECTION EXIT POLLS судалгаанд мэдээлсэн нь огт худал, сонгогчдыг хуурч мэхэлсэн үйлдэл” гэлээ. Мөн ижил төстэй зүйлсийг Сан Франциско хотын Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ. Лондон, Сөүл хотод саналаа өгсөн иргэд “Бид сонгох эрхтэй” клубын судалгаанд оролцсон, харин өөр тийм судалгаа хийсэн байгууллагатай огт таараагүй тухайгаа интернэтийн жиргээ, фэйсбүүк хуудсанд мэдээлжээ.
Энэ төрлийн судалгааг хийдэг мэргэжлийн хүмүүсийн тайлбараар бол урд нь огт дуулдаж байгаагүй "Сонгуулийн ажиглагч" байгууллагын судалгаанд эргэлзэж байна. МАН-ын судалгааны дүнг танилцуулахдаа хувиа буруу нэмж, хэд хэдэн тоогоо алдаж гаргасан нь илэрчээ. Мөн судалгааны тайлбар нийтлэл болон судалгааны хүснэгт зэрэг бүх мэдээллээ “Бид Сонгох Эрхтэй” клубын судалгааны тайлангаас шууд хуулж, зөвхөн нэр дэвшигчдийн авсан хувийг өөрчилж тавьсан нь олон хүний гайхашралыг төрүүлжээ. Энэ нь судалгаа бодитой бус, шулуухан хэлэхэд МАН-ынхан Бид сонгох эрхтэй клубын гаргасан судалгааг ашиглан өөрийн намаас нэр дэвшигчийн сонгогчдоос авсан саналын дүнг өндөр гарсан мэтээр өөрчилж засварласан байх магадлалыг улам тодруулж баталж өгч буй юм байна. Тиймээс энэ үйлдэл нь бусдын олон өдрийн хөдөлмөр болж хийсэн судалгааны ажлыг эрээ цээргүйгээр хулгайлж, засварласан Оюуны өмчийн хулгай болж хувираад байна.
“Бид сонгох эрхтэй” клубын хувьд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр мөн хилийн чанадад саналаа өгсөн монголчуудын дунд санал асуулга явуулж түүвэрлэсэн судалгааг гаргахад Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан дүнтэй 2.5%- зөрүүтэй гарч байсан тул иргэд энэ байгууллагын судалгааг тун ханатай гардаг хэмээн сайшааж байна. Харин энэ удаагийн судалгаа нь хилийн чанадад сонгуультай холбоотойгоор хоёр дахь удаагаа хийсэн судалгаа нь болох юм байна.
Гэхдээ эцсийн дүндээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэх дүн албан ёсных болох учраас тэр үед АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хилийн чанад дахь монголчуудаас олонхийн санал авсан уу, аль эсвэл МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн аварга Б.Бат-Эрдэнэ дэмжлэг хүлээсэн үү гэдэг баталгаажина. Тэр цагт “Бид сонгох эрхтэй” клубын EXIT POLL судалгаа, Сонгуулийн ажиглагч хэмээх сайн дурын байгууллагаас гаргасан судалгаа хоёрын хэнийх нь жинхэнэ, хуурамч судалгаа байсан нь бас тодорхой болно.
Г.ДАРЬ