​Цагдаагийн ерөнхий газ­раас МАН, МАХН-ын сон­гуулийн штабт шаард­лага хүр­гүүлж, энэ талаар өчигдрийн хэвлэлүүдэд ний­тэлсэн байна. Энэхүү шаардлага эр­гэлзээ төрүүлэхийн зэрэгцээ яагаад зөв­хөн дээрх хоёр намыг онилох болов гэдэг нь анхаарал татлаа.

Уг нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сон­гуульд улс төрийн гур­ван нам нэр дэвшигчээ тод­руулан өрсөлдөж байгаа.

Арай “бүхэл бүтэн” Ардчилсан намыг мартчихмааргүй юм. Эс­вэл Засгийн эрхийг барьж, УИХ-д арай олуулаа “орж ирсэн” болохоор Цагдаа­гийн ерөнхий газрын шаард­лагад хамаарахгүй гэсэн тус­гаарлалт байдаг юм болов уу.

Эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой дундаж дав­харгынхан иргэдийнх нь дийлэнх олонхи байж гэмээнэ улс гүрэн хүчирхэг байна гэдэг. Хэвлэлд нийтлэгдсэнээс харахад Цагдаагийн ерөнхий газар намуудын штабт хүр­гүүлсэн бич­гээ шаардлага гэж нэрлэжээ. Гол утга санаа нь “МАН, МАХН-ынх­ны зүгээс санал тоолох автомат машинтай холбогдуулан сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, зөрчихийг уриалсан мэдэгдлийг удаа дараа хийж байгаа нь холбогдох хуулиудыг зөрчиж бай­на” гэсэн байна. Мөн дээрх намуудын гаргасан мэдэгдэл, уриалга нь хууль зөрчсөн үйлдлийг дэмжих хандлагыг нийгэмд бий болгож, сонгуулийн үр дүнтэй холбоотой эмх замбараагүй байдал, гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байгаа тул хууль бус үйлдлээ зогсоож биелэлтийг гурав хоногийн дотор мэдэгдэхийг шаард­жээ. Үүнд “Хэрэв аливаа эт­гээдийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас гэмт хэрэг, зөрчил гарч нийгэмд хор хохирол учруулбал тухайн этгээд хариуцлага хүлээнэ” гэсэн байгаа юм. Тэр этгээд нь МАН, МАХН-ынхан байх нь. Лав АН-ынхан биш.

Дээрх шаардлагыг буруутгах гэсэнгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр “Сүүнд түлэгдсэн хүн тараг үлээдэг” ч гэж үг бий. Тэгэхээр хаширлаж байгаа бололтой юм. Харин шаардлагаа хаяглахдаа сонгуульд оролцож байгаа улс төрийн бүх намд тэгш хандах байж. Бүх нам гэдэг МАН, МАХН, АН юм шүү дээ. Гэтэл АН-ыг бусдаас нь зааглаж, “заазлах”-ын цаана юу нуугдана вэ. “АН буруугүй шүү” гэсэн анхааруулга биш биз. Харин дараа нь юу болох вэ. Хэрэв АН-аас нэр дэвшигч сонгогдохгүй бол 2013 оны долоодугаар сарын 1 болбол хариуцлага хүлээх эзнийг хаанаас хайх болж байна. Цагдаагийнхан лав “шаардлага хүргүүлсэн” гээд бултах бололтой.

Ямартай ч гурван намаас хоёрыг нь онцолсон Цагдаагийн ерөнхий газрын энэ удаагийн шаардлага түгшүүр төрүүлчихлээ. Магадгүй “Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн­гээс шалтгаалан ямар нэг “юм” болох нь” гэсэн хүлээлтийг ч бий болгосон байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр тэрхүү “болох юм”-нд Ардчилсан нам огт хамаагүй бололтой гэж ойлгогдохоор байна.

Угтаа “хар машин” авчирч бөөн төвөг удах болсон шалтгаан нь УИХ-ын 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдал. Дөрвөн хүн амиа алдсан. Дахин нэг хүн шархаа даалгүй нас барсан. Ингээд таван хүний амь насны асуудал бий. Буруутан нь тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн удирдлагууд болж таарсан. Тэд одоогоор эрүүл мэндийн хувьд тун тааруу байгаа гэж дуулддаг. Гэвч “хэлмэгдэж байна” гэж хашгирсаар эдүгээ хоригдож буй.

 Магадгүй энэ бүхэн одоо албан үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн дарга нарт айдас төрүүлсэн байж мэдэх юм. Тэгэхээр ирээдүй рүү бус өнгөрсөн цаг руу харж дээрх шаардлагыг гаргав уу гэсэн сэжиг төрөхөөр байгаа биз. Үүнд буруу байхгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн гурван намд шаардлагаа хаяглах ёстой байжээ. Эс тэгвээс Засгийн газар, УИХ-д АН-ынхан олуулаа байгаа учраас, Хууль зүйн сайд нь АН-ынх болохоор ийнхүү ял­гаварлаж хуулийг сануулсан шаардлагаа улс төрийн намд бус, АН-аас МАН, МАХН-д  хаяг­лажээ гэж харагдаж байна. Ямартай ч Цагдаагийн ерөнхий газар МАН, МАХН-ын сонгуулийн штабт хаяг­ласан шаардлагаа эр­гэн нэг харж, чухам ямар санаа агуулснаа тайлбарлаж өгөхгүй бол өөрсдөө эхлээд нийгэмд тун эвгүй дохио өгчих шиг боллоо.

 

У.Оргилмаа