“Хүннү молл” орж, хүн боллоо гэсэн үг цахим ертөнцөөр тарж, хүн бүрийн амнаас л гардаг болоод байсан. Тэгвэл Мөрөн-Хатгалын зам ашиглалтад орсноор энэ үг “Хөвсгөл явж, хүн боллоо” гэж солигдоод байгаа билээ. Үнэхээр Монголын хамгийн үзэсгэлэнтэй, сайхан байгальтай энэ аймгийг үзээгүй хүн, Монголд маш олон байлаа. Хүсэл байвч зам тээвэр, худалдаа, үйлчилгээ гээд дэд бүтэц хөгжөөгүй тул чаддаггүй байсан юм.

Харин шинэ зам баригдаж, явахад саадгүй болсноор хөлтэй болгон Хөвсгөлийг зорьж эхэллээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээгээр энэ зун 70 мянган жуулчин тус аймагт очсон гэнэ. Үүний ихэнх нь монголчууд аж. Харамсалтай нь Хөвсгөл аймаг гадаад, дотоодын аялагчдын “довтолгоо”-нд бэлэн байсангүй. Бензиний хомсдол үүсэж, банкуудын АТМ ажиллаагүй гээд л олон асуудал гарсныг энд дурдах гэсэнгүй. Харин хөвсгөлчүүдийн ухамсар, цаашилбал хатгалчуудын хүн чанарын тухай хөндөх гэсэн юм.

Мөрөнд орж ирэхэд л мөнгө үнэртдэг гэж хэлж болно. Хөвсгөл нуур орж, амрахыг хүссэн жуулчид энд хүчээ сэлбээд Хатгалыг зорьдог уламжлалтай. Гэвч үнэндээ энд хүч чадлаа сэлбэж, эрч хүч авах нь битгий хэл стресст ороод гарна. Уг нь гадаад, дотоодын жуулчид заавал Мөрөнгөөр дайрдаг, Хөвсгөлийн жуулчлалаас тэнд мөнгө орж ирдэг л газар. Гудамжаар нь ч жуулчид олонтой. Даанч Дархан, Булганаар дамжин, аян замдаа ядарсан тэднийг хүн гэж үзэх газар байхгүй нь харамсалтай.

Аймгийнх нь төвийн хэдэн зочид буудлаас гарч, хэдхэн метр алхахад л гүн харанхуй нөмрөн авах бөгөөд гадаад бүү хэл Улаанбаатарын жуулчид айж, цочирдоод зугаалж ч чадахгүй. Хэдхэн хоногийн өмнө очиход Мөрөн даяараа ус тасарч, усанд орох нь бүү хэл уух ус хайсаар өдрийг барав. Зочид буудлын үйлчилгээ, тохь тух гэж байхгүйн дээр “Та нар Хөвсгөл нуурыг үзэхгүй гээд хаа холдох вэ” гэсэн дээрэлхүү үзэлтэй.

Зочид буудалд хоносон хүмүүс 07.30 цагаас өглөөний цайгаа уугаад Хатгал явж, “Сүхбаатар” хөлөг онгоцонд суух давчуу хуваарьтай улсууд байдаг. 12.00, 15.00 цагаас онгоцны аялал эхэлдэг учраас хоцрохгүйн тулд өглөө эрт цайндаа орж байгаа нь тэр. Даанч Мөрөнгийн нэгэн зочид буудлын өглөөний хоол 08 цаг болоод ч эхэлсэнгүй. Үйлчлэгчээс асуувал “Тогооч ирээгүй” гээд таг.

Учрыг лавлавал “Утсаа авахгүй л байна. Уг нь өчигдөр эрт ирээрэй гэж хэлсэн. Амралтаа авна гээд байсан амарчихсан байж магадгүй” гэсэн хариулт өглөө. Уг нь өглөөний хоол гэж жимсний чанамалтай талх, шарсан өндөг, цай л даа. Хэн ч хийж чадах энэхүү цайг хийлгэх гэж үйлчлэгчийг ятгасан ч хүний ажил хийхгүй гэсээр 09.00 цаг хүрэв. Ингээд Өмнөд Солонгосын жуулчдыг ахалж явсан хөтөч бүсгүй талхан дээр чанамал түрхэж, өндөг шарснаар Мөрөнг орхилоо. Уг нь буугаад л мордох газар тул хөнгөн шуурхай үйлчлэх ёстойсон.

Аялал жуулчлалаар мөнгө олж байгаа гэхэд арай дэндүү үйлчилгээг энд харав. Гэхдээ цаашаа Хатгал ороход үүнээс илүү зүйл хүлээж байгаа гэж санасангүй. Үйлчилгээ муу хэмээн гомдол гаргахад Мөрөнгийн нэгэн залуу “Та нар Хатгалыг ямар гэж бодно. Хүн болгон нь жуулчдаас хэдэн төгрөг яаж салгах вэ гэж хичээдэг. Тэндхийн хүүхдүүд айхтар шүү” гэж хэлсэн юм.

Үнэхээр л Хатгал орох замын дагуу бяцхан хүүхдүүд юм зараад зогсож байх юм. Аадар бороон дунд “Нэрс аваарай, нэрс аваарай” хэмээн зогсох хүүхдүүдийг харсан гадаад битгий хэл дотоодын жуулчдын толгойд “Хүүхдийн тэвчишг үй хөдөлмөр” гэсэн үг өөрийн эрхгүй орж ирэх бөгөөд өрөвдсөндөө машинаа зогсоож, зарж байгаа барааг нь худалдан авна.

Үнэндээ тэдэнд хүүхэд нас гэж алга. Гадны хүн хараад ичиж, бишүүрхдэг хөдөөний ориг хүүхэд ч тэнд байхгүй. Тав, зургаахан настай ч нүдэнд нь хэдийнэ шунал шингэж, хүнийг аль болох хуурч мэхлэхийг бодож байгаа нь анзаарагдана. Борооноор гэртээ байж болдоггүй юм байх даа гэж санаа зовтол нутгийн нэгэн бүсгүй “Харин ч бороо орж, шуурга шуурахаар хүүхдүүдээ гаргана шүү дээ. Хүмүүс өрөвдөөд бараа нь сайн гүйдэг юм” гэж байна.

Үнэхээр эх орны нэр хүнд, аялал жуулчлалын ашиг орлогыг унагааж байгаа газар тэнд л байна. Харин эх дэлхий Хөвсгөл аймагт харамгүй сайхан байгаль хайрлажээ. Цэв цэнхэр Хөвсгөл нуур, ой хөвч уул. Аялагч жуулчлагч бүрийн мөр өөдлийн газар. Энд Монголын хамгийн том, Азид хоёрт орох цэнгэг уст Хөвсгөл нуурыг үзэж, Монголын хамгийн том хөлөг онгоц “Сүхбаатар”- аар аялна гэдэг сэтгэл хөдөлгөхгүй байхын аргагүй.

Гэвч дахиад л асуудалтай тулгарна. Усан онгоцонд сууж, нуурын үзэсгэлэнг тольдон, зураг хөрөг даруулах хүсэлтэй очсон хүмүүст тасалбараа худалдаж авах нь хүртэл төвөгтэй. Хатгал руу оронгуут зарлалын самбар байх хэдий ч “Өдөр бүрийн 12.00 болон 15.00 цагт усан онгоц хөдөлнө” гэхээс өөр мэдээлэл байхгүй. Тэр хавиар л нэг тасалбараа хаанаас авах вэ гэж төөрч будилсан хүмүүс хөлхөж, бие биенээсээ сураг ажиг тавина.

Утасны дугаар олж залган асуухад “Хүүхэд 10 мянга, том хүн 23 мянга” гэж хэлээд л уцаарлан утсаа шидэж орхих аж. Ирсэн зочдыг угтан, хүлээж авахгүй юм аа гэхэд тосгоныхоо газрын зургийг англи, монгол тайлбартайгаар хадаад, аяллын маршрутаа танилцуулсан сурталчилгаа хиймээр. Ганц нэгээрээ яваа гадаадын жуулчид бол харь гаригт очсон мэт л ертөнцөөс тасарч, овсгоо муу хөтөчтэй хэд нь төөрч алхсаар л таарна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ