УРИАЛГА
2013/06/20
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авахдаа цэвэр шударгаар өрсөлдөхийг уриалсныг сонгогч түмэн санаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн эсрэг явуулж байгаа хууль зөрчсөн, гүтгэлэг доромжлол, хоосон амлалтын шинжтэй сурталчилгаа хэрээс хэтэрч байна.
Сонгуулийн хуульд нийцүүлэн явуулж байгаа бидний сурталчилгааг мушгин гуйвуулах, эзэн тодорхойгүй мэдээллийг нэр дэвшигч Б. Бат-Эрдэнэд хамаатуулан сөрөг хариу болгон ашиглах байдал удаа дараа гаргаж, бохир хүн мэт харагдуулахыг улайран зүтгэж байна.
Энэ нь нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ эвийн элч мөн гэж үзэж санал асуулгаар тодруулж гаргасан олон түмэн Та бүхнийг ч басан доромжилж байгаа үйлдэл мөн.
Төрийн бүх эрх мэдэл, хууль, хүчний байгууллагуудын удирдлага улс төрийн нэг хүчний гарт төвлөрч, хяналтгүй төр бий болсон энэ үед сонгогчид саналаа өгөхөд нь зүй бусаар нөлөөлөх, айлган сүрдүүлэх зэрэг хууль зөрчсөн үйлдлийг нь цөөнхийн зүгээс хянах, таслан зогсоох боломж нөхцөл байхгүй боллоо. Сонгуулийн сурталчилгааны үеэр АН, түүний нэр дэвшигчийн гаргасан эдгээр зөрчлүүдийг зогсоох үүрэг бүхий аль ч байгууллага шуурхай шийдвэрлэхгүй гацаан, илт хууль зөрчсөн үйлдлийг нь дэмжсэн мэт хариу тайлбар өгч байгаа нь үүнийг тодорхой харуулж байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд сонгогчдын регистрийн дугаарыг цуглуулж эхэлсэн нь цаанаа сонгогчдын саналыг худалдан авах зорилго агуулж байна гэсэн хардлагыг төрүүлж байна.
Монгол төрийн тэргүүнийг сонгохдоо бусдын нөлөөнд автахгүй, хорих ялын заалттай хуулийг зөрчсөн бусармаг үйлдлээс хол хөндий, Төрийн тэргүүнээ сонгох эрхээ арилжихаас эрс татгалзаж, сонголтоо мэргэн хийхийг эрхэм хүндэт сонгогч Та бүхэндээ хандан уриалж байна.
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүнээ сонгох түүхэн сонгуульд хариуцлагатай оролцож, эрх баригчдын хоосон амлалт, улайрсан гүтгэлэг, эд мөнгөөр татах гэсэн, хууль бус нөлөөнд автахгүй, эх орон, газар шороо, ирээдүй хойчоо бодож сонголтоо зөв хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
“Тулах цэг газар шороо, түших тулгуур ард түмэн” гэсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн уриалгыг хүлээн авч хүч тэнцвэргүй, шударга бус энэ өрсөлдөөнд ард түмэн аваргатайгаа хамт ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ
Зочин · 2013/06/21
МУ-ын хүн амын 50 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тиймдээ эмэгтэйчүүдийн маань төлөөлөл болсон Н.Удвалыг дэмжиж байна