Санал хураалтыг тоолох машин
2013/06/21
2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг автомат машинаар тоолохоор хуульчилсан. Сонгуулийн үр дүнд хүний хүчин зүйлийн оролцоог аль болох бага байлгах үүднээс ийм шийдвэр гаргасан нь тодорхой.
Ингээд сонгуулийн саналыг алдаа мадаггүй тоолох машины сонголтыг АНУ-ын “Dominion voting” компанийн “New image cast” автомат машинаар тоолохоор болжээ. Сонгуулийн Ерөнхий Хороо өөрийн ажил үүргийн хуваарь ёсоор энэ машиныг сонгож авчээ. ТЕГ болон бусад холбогдох газрууд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хяналт тавьсан сурагтай. Уг нь “Dominion voting” компани бол сонгуулийн цахим машины үйлдвэрлэлээр дагнасан, 2002 оноос машинуудаа дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлсэн гэнэ. Тус компанийн “New image cast” автомат машиныг Монголд анх удаа сонгуульд ашиглаж байгаа. Гэхдээ энэ машин тийм ч найдвартай бус гэдгийг АНУ болон дэлхийн зарим орнуудын сонгуульд урьд өмнө нь ашиглаж байсан улс орнууд нотлочихсон байхад монголчууд үүнийг очиж авчирчээ. Тухайлбал, 2002 онд Алабама мужийн сонгуульд 6300 цахим санал ор сураггүй алга болж байсан бол өмнөд Каролинад 5500 санал зөрж сонгуулийг хүчингүй болгож байсан удаатай гэнэ.
2010 онд мөн Өмнөд Каролиногийн Сенатын сонгуулийг будилуулж байсан бол Нью-Йорк хотын мээрийн сонгуулийн үеэр эвдэрч байсан гэхчлэн таагүй мэдээлэл олон байдаг. Тэр ч бүү хэл “үгүй” гэсэн саналыг урвуулаад “Тийм” болгосон тохиолдол ч бий гэнэ. Энэ мэтээр “New image cast” автомат машины алдаж будилж байсан жишээ олон байна. Юутай ч энэ машинд иргэдийн саналыг 100 хувь даатгах боломжгүй гэдэг нь дээрхи тохиолдлуудаас анзаарагдаж байна. Хэдийгээр автомат машин эвдрэх эрсдэл 100 мянгад 0.3 хувьтай гэж байсан ч хэд хэдэн газарт санал тоологч гацсан тохиолдол гарлаа. Түүнчлэн саналын тэмдэглэгээг скайнердахдаа тодорхойгүй болгож, нэлэнхийд нь харлуулсан хуудсууд ч таарч байсныг хэвлэлийн хурлын үеэр нэр дэвшигчид олон нийтэд харуулж байсан. Асахгүй байх, кодыг нь буруу хийснээс техникийн саатал гарах тохиолдол ч байсан. Бас ашиглалтын явцад юу нь ч билээ шатсан, огт ажиллахаа больсон тул зэргэлдээ сумынхаа хэсгийн хорооны машиныг авч хэрэглэсэн сураг сонсогдож байсан нь бий. Иймэрхүү жишээ олон байна. Программ хангамжаас алдаа гарах магадлал маш бага гэж байгаа.
Маш бага гэдэг бол огт байхгүй гэсэн үг бас биш.Технологийн дэвшил гэдэг сайхан, бас гайхмаар. Гэвч техник бол техник. Алдах эндэх тохиолдол байж л таарна. Энэ удаагийн сонгууль ч бас үүний нотолгоо. Тиймээс хяналтын тооллогыг хэд хэдэн газарт хийсэн, зөрүү гараагүй гэсэн мэдээллийг СЕХ өгч байгаа. Тэдний хувьд “шаварт унасан шарын эзэн” болохоор машинаа өмөөөрч байгаа нь тодорхой. Монгол Улс ОХУ, БНСУ-аас өмнө сонгуулийн саналыг цахим хэлбэрээр тоолж бусдад жишиг болж байна хэмээн сурталчилж байна. Ингэж дуугарахаасаа өмнө цахим сонгууль хэр баталгаатай вэ гэдгийг хэн ч албан ёсоор баталгаажуулаагүй байгаа гэдгийг бодолцсонгүй. Санал тоолох машин худалдаж авах нь хэн нэгнийхээсээ очиж хэдэн төлөг шүдлэн худалдаж авахтай огт адилгүй. Энэ машин нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй гэсэн. Ойролцоогоор 4 000 000 төгрөг болно. 2500 ийм машин худалдан авахын тулд 25 тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Хэрэв үнэхээр санал тоолохдоо алдаж будилдаг, хүний хүчин зүйлийн нөлөө орох магадлалтай бол хэнд ч хэрэггүй машиныг татвар төлөгчдийн ийм их хөрөнгөөр худалдаж авсан гэсэн үг.
Үүнээс гадна АНУ-ын “Dominion voting” компанийн “New image cast” автомат машиныг ажиллуулахаар ирсэн гадаадын иргэдтэй холбоотой ноцтой мэдээлэл тараад байна. СЕХ-ныхон Гадаадын иргэн харьяатын газарт хүсэлт гаргаж, АНУ-ын “Dominion voting” компанийн “New image cast” автомат машиныг хянаж ажилуулах дөрвөн иргэнд виз хүсч байжээ. АНУ-ын “Dominion voting” компанийн төлөөлөгчдийн багийг Даллас Аллен Ньюбай гэгч иргэн ахлаж байгаа аж. Тэрбээр уг машины праграмм хангамжийг хянах, нууцлах үйл ажиллагаанд оролцох ёстой төрийн нууц хариуцсан тагнуулын байгууллагын ажилтнуудтай хамтран ажиллахаас татгалзаж байсан аж. Тэр байтугай “Dominion voting” компани, СЕХ хоёрын байгуулсан гэрээг ч үзүүлэхгүй зугатаж байгаа гэнэ. “Dominion voting” компанийн төлөөлөгчид зөвхөн АНУ-ын Элчин сайдын яамтай л ойр ажиллаж байсан гэдэг мэдээлэл ч чих дэлсэж эхэллээ.
Нэгэнт энэ машиныг хэрхэн ажиллаж байгааг хянах боломж байсангүй. Тиймээс санал тоолох автомат машины тохируулгад нэвтрэх нууц кодыг хичнээн хүн мэдэж байсан. Саналын хайрцаг хоосон байсан эсэх, санал унших машин хэвийн ажиллаж байгаа эсэхийг хэн ч мэдэлгүй өнгөрч байна. Сонгуулийн Ерөнхий хороо ч гэсэн 25 тэрбумын үнэтэй санал тоолох машиндаа ямар ч анхаарал хандуулсангүй. Өмнөх туршилтууд ч шударга үнэн явагдаж чадаагүй гэдэг гомдол хаа сайгүй тараад байна.