Дархан аварга Д.Цэрэнтогтох: Б.Бат-Эрдэнэ маань төрийнхөө наадмыг нээх болтугай
2013/06/23
-Наадам хаяанд ирж бөхчүүд бэлтгэлдээ гарч эхэллээ. Та энэ жил гал ахалж байна уу?
-Манай аймаг бөх сайтай. Би барилдахаа больсноосоо хойш нутгийнхаа бөхчүүдийг ахалж наадмын бэлтгэл хийлгэдэг болсон. Нутгаас минь гайгүй барилдчихаар олон сайхан залуу бий. Тэдэндээ өөрийн мэдэх чадах бүхнээсээ чадах чинээгээр хэлж ярьж суух юм.
-Та ид сайхан барилдаж байх үедээ хэр зэрэг өндөр, хэдий хэр жинтэй байв?
-Би 185 см өндөр, 85 кг орчим л жинтэй байсан даа. Одооны бөхчүүдийг би сайн ойлгохоо больсон. Учир нь энэ залуус олимп, дэлхийн чанартай тэмцээнүүдэд биеэ бэлтгэхгүй байна. Ганцхан үндэсний бөхөд биеэ бэлдээд, хүнд жинтэй байж л бяртай болж барилдаж болно гэж бодоод нэг талаар амархан ядарч эцэж, хурдтай барилдаан гаргахаа больчихоод байна. Хүнд жинтэй байж л барилдана гэж боддог болчихсон юм уу даа. Миний мэдэхээр Түвдэндорж гуай, Цэвээнравдан гуай, Хад гурваас бусад нь бүгд 90-ээс доош кг-ийн жинд барилдаж түрүүлж байсан байгаа юм.
-Таныг хоёр “Мөнх”-тэй ана мана үзэлцдэг байсан гэж ярьдаг. Тухайн үеийн барилдаанаа эргээд дурсаач?
-Ер нь энэ хоёр “Мөнх”-ийг чинь хаях арга байдаггүй л байсан. Тэгээд өөрсдийнх нь барилдааны алдааг нь л ашиглаж хаях аргаа барилдааны явцад олдог байсан. Ер нь тэгээд энэ ч тасархай хүн байна даа гээд байвал яаж тэр бөхийг давах вэ дээ. Би өөрийгөө сайн л дайчилж барилдсан гэж боддог. Эхлээд хоёр “Мөнх”-тэй, дараа нь Хадтай гээд л халшраад түрүүлье гэсэн бодлоосоо няцвал няцахаар л байсан. Гэвч би халшраагүй барилдаад дөрөв түрүүлсэн.
-Хадаа аварга хоёр дахиа түрүүлдэг наадмынхаа үзүүр түрүүнд тантай үлдээд өлмий дээр тань гишгээд дайрчихсан гэдэг байх аа?
-Кино хальсанд тэр буусан байдаг юм. Би тэгэхэд унахааргүй байдалд орчихсон байсан л даа. Бид хоёр дахиад удах байсан. Гэхдээ би арай цуцах болоогүй, Хад илүү бяр гаргаж байсан болохоор түрүүлж буцах талтай байсан юм.
-Хожим Хад аварга тэр барилдааныхаа тухай Танд ярьсан уу?
-“Би ч чамайг хаяхад хэцүү боллоо гэдгийг ойлгосон. Гэтэл би чамайг нэг харсан чинь гэв гэнэтхэн арагшаа болж байгаа харагдсан. Тэгэхээр нь л би дайрчихсан чинь чи дор орчихсон. Чи ямар мэх хийгээд надад унасан юм бэ” гэж сүүлд асууж байсан даа.
-Тэгэхээр Хад аварга гишгэе гэж гишгээгүй л юм байна даа?
-Тийм ээ, зүгээр алхалтандаа л гишгээд таарчихсан юм билээ. Бөхчүүд байтугай жирийн хүмүүс бие биеийнхээ өлмий дээр гишгэхээр цээрлэдэг шүү дээ.
-Хамгийн харамсалтай барилдааныг хэдэн онд хийж байв?
-Эргээд бодоход олон жил үзүүрлэснийхээ заримыг түрүү байлгаж болох байсан даа гээд жаахан харамсдаг. Гэхдээ хүн бүр л ингэж боддог шүү дээ.
-Тэгвэл хамгийн их баярлан хөөрч явсан барилдаан гэвэл?
-“Хоёр Мөнх” зөвхөн бие биедээ л унадаг байхад нь тэр хоёрыг хаяж эхлэхдээ одоо л бөх болох нь гээд баярлаж явсан маань юм уу даа.
-Та улсын наадамд анх түрүүлэхдээ Х.Баянмөнх аваргыг олон угсраа мэх хийж давсан нь бөхийн түүхэн дэх хамгийн уран сайхан барилдааны нэг болон үлдсэн. Та тэгэхэд ямар мэх хийсэн юм бэ?
-Хутгаа, гуядаа, мордоо мэхүүдийг дараалж хийсэн юм. Ер нь Баянмөнх аваргаа би тэр мэхнүүдээ дангаар нь хийгээд унагачихдаг, болоод байсан л даа.
-Тэр угсраа гурван мэхээ хэдэн хоромд багтаан хийсэн бол?
-За, тэр ч хоёр, гурван секундын л асуудал байх даа.
-Бөхийн дэвжээнээс хүртсэн таны хамгийн эрхэм болоод хамгийн том бай шагнал юу байв?
-Улсад түрүүлсэн үеийн байх болох 450 төгрөг том бай даа. Хамгийн эрхэм нь гэвэл анх улсад түрүүлэхэд Хөнгөн хүнсний яамнаас байр өгсөн юм. Үүнээс өмнө олон жил манайх айлын хажууд хавчуулагдан амьдарч байлаа. Байртай болоод хүүхэд минь гэртээ дураараа тоглох эрхтэй болж, эхнэр маань ч гэртээ чөлөөтэй байж, би ч гэсэн хөлстэй хувцсаа авчраад тохоход санаа зовох зүйлгүй болж их баярлаж байсан даа. Тэгээд байрыг нь авчихсан хүн урмыг нь хугалахгүй сайхан барилдахсан гэж их боддог болсон доо.
-Улсын гарьд Д.Рагчаа таны хүргэн гэдгийг бөх сонирхогчид мэддэг. Энэ жил түүнийг түрүүлэх бөхийн тоонд багтаасан байна билээ. Та ямар бодолтой байна вэ?
-Би ч бэлтгэл сургуулилтандаа яв гэх талаас нь хэлж ярьж байдгаас өөрөө заагаад өгчихсөн зүйл ч бага даа. Тэгж айхтар нарийн хувьчилж бөхийн эрдэм заадаггүй ээ. Харин зарим нэг барилдаан дээр гаргасан алдааг нь бол зааж өгөлгүй яахав. Заавал миний хүү, хүргэн гэлтгүй одооны залуус бүгд л урдаа зорилготой, түүндээ хүрэх гэж тэмүүлж барилдах л юм бол сайн бөх болж, цолоо ахиулна шүү дээ. Раднаа маань барилдаан овоо сурсан даа, өөрийнх нь авьяас мэдэх хэрэг.
-Аварга аваргаараа төрдөг гэдэг. Таны бодлоор аварга бөх бусдаасаа юугаар ялгардаг вэ?
-Анх харахад бүгд адилхан юм шиг санагддаг. Хэн өрсөлдөгчийнхөө алдаа, хийг олон жил овжин ашиглаж чадаж байна, тэр бөх л аварга болдог юм. Тэрнээс биш аварын алдрыг “май” гээд шууд өгчихдөг юм биш л дээ.
-Та бусад бөхчүүдээс юугаараа илүү байсан бол?
-Ямар ч үед хүний хөдөлгөөн, хий, хүч бярыг нь ашиглаад давчихаж чаддаг байсан маань л болов уу. Бас намайг хурд ихтэй гэдэг. Хурдтай барилдахад жин таарсан, багавтар талдаа байх чухал. Дамдин аварга жингээ хасч барилддаг байсан гэдэг юм шүү.
-1986 онд Бат-Эрдэнэ аварга заан цол хүртээд их шөвөгт тантай тунахад бөх тайлбарлагч Ш.Чанарав гуай “Цэрэнтогтох аварга хөл авах гээд л байх шиг харагдах юм. Ойрдоо хөл авч байгаа харагдахгүй байсан даа” гэж байтал та хөлийг нь авч түрж хөөгөөд давсан гэдэг. Тэр мэхээ урьдаас бодож төлөвлөсөн байсан уу?
-Мэдээж, тунах хувилбар байгааг бодож мэх бэлтгсэн л дээ. Тэр барилдаанаас өмнө Партизаны САА-д нэгэн барилдаан болж бид хоёр үлдээд хав барьцнаас давхар ойчсон юм. Тэгэхэд Бат-Эрдэнэ босч ирээд надад тахимаа өгчихөөд явсан юм. Тэгээд тэр үед Бат-Эрдэнэ аварга намайг хав барьцнаас л хаяна гэсэн ойлголттой байсан болов уу гэж би боддог. Би ч гэсэн сэрвүү барьцнаас хоёр, гурав мэх хийгээд л хав барилдана гэдэг нь ойлгомжтой байсан л даа. Би тэр хөл авсан тухайд бол шууд хөлд гүйчихээгүй гарыг нь хуурч хөлийг нь авсан юм шүү дээ.
-Түүнийг ид залуу байхад наадам болон заалны барилдаанд олон таарч барилдсан уу?
-Бид хоёр тийм ч олон таарч барилдаагүй. Ерөөсөө зургаан удаа барилдаад л гурав, гурав давсан.
-Б.Бат-Эрдэнэ аваргыг улстөрч болсонд баярладаг хүн байхад эгдүүцдэг нэг хэсэг бий. Та аваргатай ойр байдаг хүний хувьд түүний талаар яриач. Б.Бат-Эрдэнэ гэж яг хэн бэ?
-Би дархан аваргын халааг Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргуудаас залгаж авсан хүн. Харин дархан аваргын халаагаа Б.Бат-Эрдэнэ дүүдээ гардуулж өгсөн. Б.Бат-Эрдэнэ ямархан дархан аварга болсныг ард түмэн мэднэ. Би хамгийн мундаг бөхөд халаагаа өгчээ гэж бодон баяртай явдаг. Цагийн эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ бол их нягт, хийгүй, ёс жудгаа сайн мэддэг. Барилдахаа больж улстөрийн замаар явсан ч тэнд бас л сайхан ёс жудаг харуулж байна. Боловсрол мэдлэгээ дээшлүүлж, хууль ёсыг сахиулахын төлөө, эх орон, газар шороогоо хамгаалан дээдлэхийн тулд хийж байгаа бүхнийг нь бид мэдэрч, баярлаж явдаг даа. Сонгууль дөхсөн энэ үед би аваргынхаа бөхийн тухай биш улстөрчийнх нь тухай ярих зөв байх. Би өөрөө улстөрч биш. Гэвч улс төр гэж юу байдгийг олон түмэн аяндаа мэддэг юм байна. Төрийн сүлд гэж залбирдаг, дээжээ өргөдөг бид чинь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг л төр гэж, тэнд ажилладаг хүмүүсийг төрийн томчууд гэж боддог улс. Бат-Эрдэнэ дүү маань барилдаад байхад түрүүлэхээ байг гэхэд үзүүрлээд, дөрөвт үлдээд байхаар үедээ бөхөө орхиод УИХ-ын гишүүн болоод явчихсан. Бөх хүн болохоороо бөх хүн тэнд яаж ажиллах нь вэ
гээд өөрийн эрхгүй хараад байх юм билээ. Гэвч хамгийн жинтэй, хамгийн шударга, хамгийн эх оронч нь аварга маань болох нь дорхноо танигдсан. Бөхөд дархан аварга болсон шигээ улс төрд бас л дархан аварга болсон доо. Бөхчүүд бид их баярладаг шүү, нэг маань ийм яваад. УИХ-ынхан хуралдаа ирдэггүй, хоцордог, хоорондоо чангаар хэрэлддэг байсан даа. Гэтэл аварга дүүгийн маань үлгэр, нөлөөгөөр хурлаа таслах, хуралдаа хоцрох нь гайгүй болоод дуу шуу нь аяндаа намдаад ирсэн. Сайн хүний нөлөө гэж ийм байдаг даа. Ер нь л өөр хүн шүү дээ. Худал хуурмаг зангүй, чигч үнэн үгтэй, шаргуу хөдөлмөрч, зорилгодоо тууштай, шударга гээд магтвал их юм байна.
-Аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгааг юу гэж боддог вэ?
-Эрхэм дүү Бат-Эрдэнэ маань Ерөнхийлөгч болбол монголын заяанд хэрэгтэйсэн гэж бодох юм. Дархан аваргаа дэмжээрэй, даяар Монгол Улсаа дархан аварга Ерөнхийлөгчтэй болгоорой гэж нийт сонгогчдодоо уриалъя даа. Өмнө нь миний хэлсэн хэдэн үгнээс дархан аварга бөх болохоор нь дархан аварга бөхийнхөө хувьд дэмжиж байгаа төдийгөөр хүмүүс ойлгохгүй байх аа. Монгол төрийн тэргүүнд чухамхүү Б.Бат-Эрдэнэ шиг хүн л хэрэгтэй байгааг хүмүүс нухацтайхан бодож сонсоосой гэж хүсч байна даа.
-Уучлаарай, хоёр Мөнх арай өөр бодолтой байгаагаас нэг сүрхий рекламд тоглоо юу даа?
-Хүн хүний явдал тусдаа. Гэхдээ бөхчүүд бид жаахан бодолтой байх нь зөв баймаар. Биднийг хавтгайруулан тэнэг мангараар нь цоллож цоллочихоод сурталчилгаагаа биднээр хийлгээд, биднийг өмнөө бариад, залуу сайхан бөхчүүдийг маань гишүүнээрээ элсүүлж аваад байгааг боддоггүй л юм байх даа.
-Танд баярлалаа, Та сайхан наадаарай.
-Баярлалаа. Сайхан наадаарай. Б.Бат-Эрдэнэ дүү маань төрийнхөө наадмыг нээх болтугай.