olloo_mn_1404092376_26qlhf86iiqdaphmoeqh72b5onӨршөөлийн тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан нь нийгэмд хэрүүлийн алим тарьж орхив. Ялангуяа улстөрийн хүрээнийхэн хөлөө жийлцэх том асуудал болж хувирлаа. Урьд өмнө нь Өршөөлийн тухай хууль гарч л байдаг, ийм хэрүүл дагадаггүй байсан. Энэ удаад яагаад ийм юм болоод байна? Гоёор хэлбэл хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэрэгтэнд, шуудхан хэлбэл авлигачдад оноосон ялыг өршөөх эсэхэд л уяа зангилаа байгаа юм. Шудрага ёсны үүднээс хандвал энэ нь “Гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй” гэдэг шиг тодорхой асуудал. Даанч тогтолцоо нь буруу төрд шудрага зөв шаардлага солгой хоолой мэт сонсогддог аж.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдал энэ бүхэн 2012 онд олонхигүй парламент бүрдсэнтэй холбоотой гэж харж байна” хэмээсэн нь яалтгүй үнэн үг. АН 35, Ардын нам 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2 суудал авснаар аль ч нам нь парламентад олонх болж чадаагүй.

97874a08fd8acfd9originalАН-ынхан энэ талдаа угаасаа амны хишиг муутай. 2006 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, анх удаа олонхи болтол 50:25:1 гэсэн суудалтай парламент бүрдчихээд дангаараа шийдвэр гаргах боломжийг нь хаачихсан. МУНН-ын 1 суудал Б.Цэнддоогийн зүйрлэж хэлсэнчлэн “Алтан шаантаг” байв. 2012 онд Ардын нам, “Шудрага ёс” эвсэл гэдэг хоёр ч “шаантаг” гарч ирэв. Нэгийг нь сугалаад хаячихаар л төрд холхио үүсээд, дээр доргүй хөдөлгөөнд орчихно. Хоёуланг нь байлгахаар хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг юм болно, заримдаа гурвалжин дөрвөлжин зодоон болно. Засаг дахиад л солигдоно.

Иймэрхүү ээдрээтэй нөхцөл байдал дунд Өршөөлийн тухай хууль батлагдлаа. Гэхдээ хөшигний цаана ихээхэн түжигнэж байж баталсан бололтой нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Телевизийн камерын өмнө гарахаараа шударга үнэний туйл болоод явдаг нөхдүүд “Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэдэг заалт ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваад Байнгын хороо руу ороход бэлэн болчихсон байхад “Миний санал буруу тоологдсон байна” гэж маргааш нь дахиж ажлын хэсгийг хуралдуулаад саналыг өөрчлөөд оруулаад ирэх жишээтэй” хэмээн хэвлэлд ярилцлага өгснөөс тодорхой байна.

Намууд энэ хуульд янз бүрээр хандаж байна. Жижиг намуудын дуу хоолойг жингэр хуцахын чинээнд тоохоо больсон болохоор түрдээ орхиод парламентад байгаа намуудын байр байцыг сонжих гээд үзье.

Ардчилсан нам. Нэгдмэл байр суурьгүй байна. Нэг хэсэг нь энэ удаагийн Өршөөлийн хууль Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд барьсан хамгийн супер бэлэг гэж сурталчилж байна. Барагтай юманд ил гарч дуугарахгүй намбайж суух болсон Р.Гончигдорж гишүүн “Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахин нэг удаа боломж олгож байгаа хууль. Хуулиар авлигачдыг өршөөж байгаа юм биш. Харин ч авлигын үндсийг тасалж хаяж байгаа. Энэ хуулийг баталснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ харуулж чадлаа… Хамгийн наад зах нь өнөөдөр гишүүдийг янз бүрээр дарамталдаг. Тийм юм чинь байгаа шүү, тэрийг чинь хэлнэ шүү, ингэнэ шүү гэдэг. Тодорхой зорилготой хуулийг гаргах, эсвэл гаргуулахгүй байх асуудал дээр ингэж дарамталдаг гэдэг. Эсвэл улс төрийн тодорхой зорилготой шийдвэр гаргуулахын тулд ингэдэг байсан. Ийм байна гэдгийг ч зарим гишүүн ил тод хэлсэн удаатай. Тэгвэл одоо УИХ-ын гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү” гэж мэдэгдсэн нь үүний нэг жишээ.

Нөгөө хэсэг нь эсрэг байр суурьтай байна. Энэ нь “Хэлэлцүүлгийн эцсийн хоёр хоногт энэ хууль орвонгоороо эргээд, гадагшаа иргэддээ чиглэх ёстой байсан хууль маань өөрсөддөө зориулсан хууль болоод явчихсан. Тиймээс би Өршөөлийн хууль дээр татгалзсан санал өгсөн” гэсэн Х.Тэмүүжингийн үгнээс тодорхой байна.

Ардын нам. УИХ дахь Ардын намын бүлэг энэ хуулийг батлахад оролцоогүй. Хууль хэрэгжүүлэх ажилд ч хуруу дүрэхгүйгээ эртнээс мэдэгдээд байгаа. УИХ дахь МАН-ын төлөөллийн нэг Ц.Нямдорж “Ээлжит бус чуулган гэгч халхавч дор Төрийн ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо” гэж мэдэгдсэн. Жинтэй л үг. Гэтэл УИХ дахь АН-ын төлөөлөл Тэмүүжин Ардын намынхыг “Бүгд дуугүй дэмжсэн” гээд байгаа. Аливаа шийдвэр гаргахад оролцох ёстой этгээд оролцохгүй байх нь үл оролцоогоороо тухайн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үздэг эрүүл логикийн үүднээс авч үзвэл яалтгүй түүний зөв. Манайд болохоор энэхүү үл оролцооны хүчин зүйлийг харгалздаггүй болохоор МАН энэ хууль буруудвал бид дэмжээгүй ээ, бидний сэтгэл цэвэр гэх байх. Зүй нь шийдвэр гаргах үед нь байж байгаад эсрэг санал өгсөн бол жинхэнэ утгаараа сөрөг санал гэж тооцогдох ёстой л доо.

Сонгууль ойртсон, АН-ын нэр хүнд тааруу байгаа, өөрсдөд нь бас ч гэж “хонгилын үзүүрийн гэрэл” харагдаж мэдэхээр байгаа үед “Авлига” гэдэг аюултай үгийг аль болох тойрч дөлөхгүй бол өнгөрсөн түүх нь түүнтэй их бага ямар нэг хэмжээгээр холбоотой болохоор сонгогчдын тархин дахь бараан дурсамжийг сэргээхээс МАН айх нь аргагүй. Тэгээд ч уг хууль хэрэгжээд эхэлбэл энэ намын цөөнгүй хүн уужим амьсгаа авах учиртай болохоор ханцуй дотроо залбираад холхон шиг сууж байх нь өлзийтэй гэж үзэж байх шиг. Харамсалтай нь улстөрийн халуун чичрэг тэднийг тэгж амар сайханд нь жаргуулахгүй. Улстөр гэдэг дотор нь байгаа тэднийг бүү хэл гадна байгаа хэн бүхнийг хамж эргүүлчих гээд байдаг хүчтэй салхи шүү дээ. Өршөөлийн хууль энэ чигээрээ байвал муу нэрнээс тэд ангид байх нь юу л бол.

“Шудрага ёс” эвсэл. Одоогоор АН-ын шадар хамтрагч. МАН-тай хамтрах боломжгүйгээ АН илэрхийлснээр аз нь бүр ч шовойсон “алтан шаантаг”. “Шударга ёс” эвслийнхэн Өршөөлийн хууль гаргах талаар эртнээс зүтгэсэн. Бодсондоо ч хүрсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хэлэлцүүлгийн явцад “Шударга ёс” эвслийн зүгээс авлига, хээл хахуулийн хэргүүдийг өршөөх санал оруулж ирсэн. Мэдээж үүн дээр гишүүд санал зөрүүтэй байсан. Эхлээд албан тушаалын тодорхой хэргүүд болон төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэргүүдийг өршөөлд хамруулахгүй гэдэг хаалт хийх ёстой гэж санал гаргаад хүч хүрээгүй. Сүүлдээ ядаж Засгийн газрын өргөн барьснаар хээл хахууль авсан, зуучилсан хоёр нь өршөөлд хамрагдахгүй гэдэг заалт нь үлдэх ёстой гэж зүтгээд барсангүй” гэж зовлонгоо тоочсон байна лээ. Тэгэхээр УИХ-д Өршөөлийн хуулийн тухай асуудлаар “Шудрага ёс” эвслийн байр суурийг хуваалцах гишүүд олон байгаа бололтой. Нэгэнт тодорхой дэмжлэг байгаа болохоор уг хуулийг хэвээр байлгахын төлөө МАХН-ынхан ясаа цайтал үзэлцэх байх. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монголд ирснээс хойшхи үйл явдлын өрнөл ч бас энэ бүхнийг дам нотлоод байх шиг.

Өршөөлийн тухай хуулийн талаархи маргааны цөм нь Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал гэдэгт юу юуг оруулах вэ гэдэг асуудал. Үүнд алан хядлагыг санхүүжүүлэх, агаарын хөлөг авч зугатаах зэрэг ирээдүйд гарч ч мэдэх, үгүй ч байж мэдэх асуудлыг хамаатуулсан гэж байгаа. Тэгсэн мөртөө өнөөгийн нийгмийн шүдний өвчин, Монгол орон хөгжихгүй, монгол түмэн дэвжихгүй байгаагийн нэгэн гол шалтгаан болсон авлига, албан тушаалын хэргийг хамаатуулахаа “мартчихсан” нь юуг өгүүлнэ вэ? Зарим нь хэлж сануулаад байхад л “мартчихсан”.

Хууль мэдэхгүйгээсээ хэрэгтэн болох, мэдэхийн дээдээр мэдээд гэмт хэрэг үйлдэх хоёрт том ялгаа бий.Албан тушаалын хэрэг гэдэг бол хууль дүрмээ мэдэж байгаад санаатайгаар үйлдсэн байдгаараа онцлогтой. Болох болохгүйгээ мэдэхгүй, хууль эрхзүйн талаар ойлголт муутай хөвсөргөн залуус бие биенээ доргиож “шилийн сайн эр”-ийнхээ дүрдээ итгэн хазаар гүйлгэж байгаад удаа дараа бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гээд төрдөө хатуухан шанаадуулдаг. Тэдний зарим нь ял сонсохоосоо өмнө гэм буруугаа ухаараад сэтгэлдээ өөрийгөөяллачихсан байдаг. Гэтэл тэднээс хэд дахин илүү хохирол учруулдаг цагаан захтнуудын хэрэг бол тухайн хүн хийх гэж байгаа зүйлийнхээ үр дагаврыг мэдэж тооцож байгаад үйлдсэн байдаг тул онцгойлон үзэх ёстой асуудал. Үүн дээр төр зөөлөн байх юм бол, өршөөж хэлтрүүлээд байх юм бол төрийн нэрээр амархан хөлжих буруу санаа сэдэлтэй хүмүүс төрд шургалах нь улам ихсэнэ. Зөв шудрага юм гэж үгүй болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өршөөлийн хуульд тавьсан хоригийн талаар түүний Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаянхэвлэлд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа” гэжээ. Үүнд буруу юм ер алга. Ёстой цайчихсан луйварчид л үүнийг буруутган шүүмжилж, хуульд тусгахаас татгалзах байх. УИХ-ын гишүүд ээлжит сорилгоо хэрхэн давж, Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг харж л сууя.

Урианхан Б.ГАЛААРИД

2015.08.20


Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

Сэтгүүлч Б.Галаарид