Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Үүнээс 1.4 сая гаруй хүн нь жил бүр вирүст хепатитаас үүдэлтэй элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барж байна. Өвчний тархалт хэдий их байгаа ч харамсалтай нь хепатитын вирүсээр халдварласан хүмүүсийн ихэнх нь халдвартай гэдгээ огт мэдэхгүй байгаа юм.Түүнчлэн оношлогдож байгаа ихэнх хүмүүст эмчилгээ хүрэхгүй байсаар байна.

Монгол Улс дэлхийд элэгний хатуурал, хорт хавдар үүсгэдэг архаг хепатитын вирүсийн халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. 2012 онд Монгол Улс 100 000 (зуун мянга) хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүн байранд орж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна (Зураг 1). Хавдар судлалын үндэсний төвийн 2013 оны статистик мэдээллээр Монгол улсад 100 000 эрэгтэй тутмаас 121.3, 100 000 эмэгтэй тутмаас 87.9 хүн элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Манай улсад эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс 8 дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 16 дахин их байгаа нь цаашид элэгний өвчлөлийн асуудлыг төр засгаас бодлоготойгоор авч үзэж шийдвэрлэхээс өөр аргагүй болжээ гэдгийг харуулж байгаа юм..

Зураг 1. Элэгний хорт хавдрын нас баралтаар Монгол улс дэлхийд тэргүүлж байгаа тѳдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас бараг 8  дахин их байна.

Хепатитын вирүсийн архаг халдварын тархалт Монгол Улсад нэн ѳндѳр байгаа нь манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа гол шалтгаан юм. Цаашилбал сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол Улсад улам бүр ѳсѳн нэмэгдэж байгаа бѳгѳѳд элэгний хатуурлын нас баралтыг (жилд дунджаар 1000 орчим) оруулан тооцвол элэгний эмгэгээр 2012 онд л гэхэд 2600 хүн нас барсан байна (Зураг 2). Ѳѳрѳѳр хэлбэл ѳдѳр бүр 7 хүн элэгний хорт хавдар, хатуурлын улмаас нас барж байна. Монгол Улсад жилд дунджаар 16-17 орчим мянган хүн ѳвчин эмгэг, осол гэмтэл зэрэг бүхий л шалтгаанаар нас бардагаасзөвхөн элэгний эмгэг манай улсын жилийн нийт нас баралтын 15-16%-ийг дангаараа эзэлж байна. Хамгийн ѳндѳр нас баралттай гэж үздэг зүрх судасны ѳвчний нас баралтыг голлон бүрдүүлдэг тархины цус харвалтын нас баралт 2013 онд 1756 байсан бѳгѳѳд энэ нь элэгний эмгэгийн нас баралтаас даруй 30%-иар бага байна.

Зураг 2. Элэгний хорт хавдрын нас баралт сүүлийн жилүүдэд хурдацтай ѳсѳж байна.

Монгол Улсын хүн амын дунд хийгдсэн хепатитын вирүсийн архаг халдварын тархалтын судалгааг харьцуулан дүгнэхэд, өнөөгийн байдлаар Монгол улсад 400 мянга гаруй хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн дунд л гэхэд 200 мянга гаруй хүн хепатитын В вирүсийн архаг халдвартай бѳгѳѳд эдгээр иргэдийн 67% буюу 136 орчим мянган хүн хепатитын вирүсийн хамгийн хүнд хэлбэр болох дельта (Д) вирүсийн давхар халдвартай байна.

Манай улсад хепатитын вирүсийн архаг халдвар ийм ѳндѳр байгаа нь Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа гол шалтгаан болоод зогсохгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт улам бүр ихсэх, нас баралт залуужих эрсдэлтэй байгаа юм. Энэ бол Монгол түмний эрүүл мэнд цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой асуудал. Аюулын харанга дэлдэж буй вирүст хепатит өвчнийг, Монгол Улсын төр засаг, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд болон нийгмийн бүх шатны тѳлѳѳллүүд нэн даруй анхааралдаа авч тодорхой шийдвэртэйарга хэмжээ яаралтай авах цаг нэгэнт иржээ.

Доктор Д. Наранбаатар

 

Оном сангийн ТУЗ-ийн дарга