Дасахаас өөр сонголтгүй гэж үү
2015/08/28
Нийтийн тээвэр тэр тусмаа тов оврын автобусанд суусан иргэд “Энэ автобусны чиглэл ямар хачин болоо вэ. Хуучнаараа л байвал зүгээр байсан юм. Иргэдийнхээ мөнгийг шулж ханадаггүй юм байхдаа” гэсэн жиг жуг яриа хөврөөстэй.
Цаашлаад өнөөхийгөө улс төртэй хутгаад л ярьж өгнө шүү дээ.Цахим карт аваагүй зорчигч автобусаар үйлчлүүлэхдээ 1000 төгрөг төлөх нь. Богино эргэлттэй болгох нэрийн дор чиглэлийг бужигнуулж орхисноос иргэд зорьсон газраа хүрэхийн тулд 2-3 дамждаг болсон. Хэрвээ цахим карт авахгүй бол гэрээсээ ажил хүрэхийн тулд 2000-3000 төгрөг, орой ажлаасаа гэртээ очиход мөн тооны төгрөг зарцуулах болох нь.
Өмнө нь нэг автобусанд суугаад гэрээсээ ажилдаа, ажлаасаа гэртээ хүрдэг байхад ямар амар байв аа. Өдөрт 1000 төгрөгөөр л зорчино. Жинхэнэ хэмнэлт байж дээ. Одоо тэгтэл өдөрт 3000-4000 төгрөг зарцуулж байна.
Маршрутын тухай зарим чиглэлээс жишээ авбал, “Их наран-МУИС” гээд эрэлттэй чиглэл өмнө нь үйлчилгээнд явдаг байсан ч одоо үгүй болжээ. Түүнийг дагаад Их наран, 21 дүгээр хороолол, Ханын материал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа гээд нийслэлийн баруун зүгт амьдрах иргэд МУИС-руу хүрэхийн тулд 2-3 автобус сэлгэж хараалаа урсгаж явна. Ядаж л “Их наран-МУИС” чиглэлээ үлдээж болно доо. Тэгсэн бол Ханын материал, Баянхошуу, Зүүн салаа, 21 дүгээр хороолол, Баруун салаа, Их наранд амьдрах иргэд “Их наран-МУИС” чиглэлийн автобусанд суугаад сургуульдаа, ажилдаа хүрэхгүй юу. Гэтэл шинэ маршрутаар явж байгаа автобус нь хоосон шахуу давхиад л...
“Шар хад-Мишээл экспо” гэсэн бас нэгэн зорчигчдын мөнгөөр тоглосон маршрут байна. Явсан, ч ирсэн ч зорчигч суудаггүй. “Ард” –ын буудал дээр зогсох ч үгүй давхиад явчихаж байна билээ. Араас ирсэн автобус нь буудал дээрээ зогссон ч хаалгаа нээж зорчигчоо оруулдаггүй.
Бас нэг дампуу маршрут “Толгойт-Шарга морьт” гээд гаргачихсан. Толгойт бол гэр хороолол. Гэр хорооллын иргэд гэр хороолол руу явна гэж юу байх билээ. Ядаж л “Наран туул”-руу гэсэн бол амьдралтай тусахгүй юу.
Ийм нэгэн холин зуурагдсанаас хойш нэг сар болох нь, энэ хугацаанд хэчнээн иргэн ажлаасаа хоцорч, хэчнээн иргэн дамжиж сууж талхныхаа мөнгийг бараа бол. Мөн зорчигчгүй давхисан автобуснуудын алдагдлыг гаргавал том тоо гарна даа.
Одоо тэгтэл чиглэлээ оновчтой болгоогүй байж, цахим карт аваагүй иргэнд 1000 төгрөгөөр үйлчилнэ гэх нь иргэндээ хүрсэн үйлчилгээ болж чадах уу. Эхлээд маршрутаа эрэлттэй чиглэл рүү нь болгоод өөрчлөөд өгчих. Дараа нь шаардлага тавибал шинэчлэлийг дэмжих зорчигчид олширно. Ер нь ч тэгээд энэ шинэчлэлийг эхлүүлсэн нэг сарын хугацаанд иргэдийн автобусанд зарцуулах “төсөв” өмнөхөөсөө нэмэгдэж, яая даа л гэж явна.Ийм маягтай цаашаа үргэлжлээд байвал иргэд дасахаас өөр сонголтгүй болж байна уу.
Г.Мягмарсүх
new.mn