Энэ долоо хоногт манай улсад олон үйл явдал болж өндөрлөлөө. Уншигч та бүхэндээ "онцлох үйл явдлыг тоймлон багц" мэдээг хүргэж байна.

Улс төрд зургаан сайдын суудлыг хэн эзлэх вэ гэсэн таамаг өнөөдрийг хүртэл дэвшүүлсээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хуулийн дагуу ажиллахыг шаардсан албан бичгийг З.Энхболд хүргүүлсэн.

"Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" албан тоотод Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье гэжээ.

Олны анхааралд Засгийн газрын нэрийг барьж луйвар хийсэн үйлдэл ихээхэн шуугиан дэгдээв. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх барилгын ажлын явцтай танилцсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг шалгалтын үеэр Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан зөрчил илэрчээ. Энэ хэргийн эзэн нь Зам Тээврийн сайд асан Намхайн Төмөрхүү гэгч хэмээн эх сурвалжууд мэдээлсэн.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, Тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн Цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам, Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгав. 

 

Нийгэмд зам тээврийн ослын тоо буурахгүй байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсаар байна. Тухайлбал, БЗД-ийн нутаг Гачууртын зам, Баяндөхөмийн 20 дугаар гудамжны урд замд Х.Аксент маркийн Г жолоочтой авто машин онхолдож  жолооч 28 настай эрэгтэй Г нас барж хоёр хүн гэмтсэн. Мөн БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч  Б нь явган зорчигч 14  настай эмэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Түүнчлэн өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд төв замд Pruis маркийн автомашин осолдсон. Ослын талаар Замын Цагдаагийн газраас тодруулах гэсэн боловч хэргийг шалгаж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэв. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар машин хулгайлаад зугтаж явсан этгээд уг ослыг гаргасан гэсэн юм. 

Сүүлийн үед автобусны буудал дүүрэн хүн. Тэгсэн хэрнээ хэдхэн зорчигчидтой автобус явж буй дүр зургийг та харсан биз ээ. Нийтийн тээврийн шинэчлэл ийнхүү зарим нэгийг нь хүлээлгэж бас бухимдалд хүргээд байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө иргэд мөн л ямар автобусанд суух хэдэн удаа дамжихаа мэдэхгүй автобусны буудал дүүрэн хүнтэй мөртлөө нийтийн тээвэр нь хоосон шахуу давхиж явсан. Хуучин 20 чиглэлд 350 автобус зорчдог байсныг шинэ зохицуулалтаар 11 чиглэл 211 автобус болгон өөрчилсөн нь чиглэлийн давхацлыг бууруулсан үр дүнтэй ажил боллоо гэж албаныхан онцолсон юм. Гэвч иргэд автобусны чиглэлийг өөрчилсөнд бухимдаж байна. Тодруулбал, дамжин суулт үнэгүй биш төлбөртэй бөгөөд одоогийн хэрэглэж буй цахим карт нь урамшуулал, хөнгөлөлт байхгүй. Ингээд автобусны чиглэлээ арай хийж учрыг нь олох гэж байтал "хүлээлт" гэгч зүйл үүсээд эхэллээ. Өнөөдрийг хүртэл энэ байдал үргэлжилсээр байгаа бөгөөд иргэд гэртээ харих, ажилдаа явахдаа заавал дамжин суулт хийдэг болов. Тэд цахим карт гэгчийг авч чадахгүй байхад ахин халаасан дахь хэдэн төгрөгийг сэгсэрч байгаад бухимдалтай байна. Энэ талаар дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Энэ сарын 24-ний байдлаар ам.долларын ханш суларч, мах ногооны үнэ өссөн хэмээн эдийн засаг-ийн мэдээнд онцлогджээ. Монголбанкны нэг ам.долларын зарласан ханш 1992 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд 1983-1989 төгрөгийн хооронд авч, 1995-1999 төгрөгөөр зарж байна. Өнгөрөгч долоо хоногт 2000-т хүрсэн ч ийнхүү найман төгрөгөөр буурсан авшуутай. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ. Тодруулбал, "Хүчит шонхор" захад хонины махны бөөний үнэ 4100-5200, жижиглэнгийн үнэ 4500-5700 төгрөг байгаа бол үхрийн мах 4500-6000, адууны мах 3000-5300 төгрөгийн ханштай байна. Жил ирэх бүр махны нийлүүлэлт, иргэдийн худалдан авалт буурч байгаа гэж худалдагч нар учирлав. Сэрүүн өдөр махны үнэ өсөх хандлагатай байдаг гэнэ. Өсөлтийн дүнг эндээс хараарай.

Спортынхон баярт мэдээг дуулгалаа. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо болж буй билээ.  Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа хүрэл медаль авлаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг хожиж, шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Словенийн Тина Трстенякд хожигдсон ч торгуулийн барилдаанд Хорватын жүдоч Марияна Мисковичийг хожсон. Улмаар манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Израилийн жүдоч Ярден Гербиг вазари үнэлгээгээр яллаа.

Мөн Д.Сумъяа, С.Ням-Очир нар дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай учраа таарсан. Хоёр жүдочийн хооронд ширүүн тэмцэл өрнөж, адил хоёр торгуультайгаар цагаа дуусгасан юм. Нэмэлт цагт Д.Сумъяа өрсөлдөгчөөсөө илт давуу байж. дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Д.Сумъяагийн хувьд энэ нь дэлхийн аваргаас хүртэж буй анхных нь медаль аж.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -73кг-д С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Африкийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V байрын эзэн Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан. Гэвч түүний өрсөлдөгч дэвжээнд гарах боломжгүй болсон учир шууд III тойрогт барилдсан юм. III тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдаж цэвэр ялсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт БНАСАУ-ын жүдоч Хон Кук Кёнтай оноолт таарсан. С.Ням-Очир өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялж, эрэгтэйчүүдийн -73кг-ийн жингийн хүрэл медалийн болзол хангасан юм. Мөн хүрэл медалийн төлөө гарсан Г.Одбаяр БНСУ-ын тамирчин Ан-д ялагдсанаар тэмцээнээ дуусгав.

Бас нэгэн сайхан үйл явдал энэ долоо хоногт болсон юм. Ой тогтоолтын Азийн аваргад Монголын баг тамирчид илүүрхлээ. Хонг Конгт болж өндөрлөсөн оюуны спортын тэмцээнд нийт 13 улсын 119 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон авах боломжит 63 медалиас 14 алт, 13 мөнгө, 10 хүрэл нийт 37 медаль хүртэж нийлбэр дүнгээр Монгол Улс хол зөрүүтэй тэргүүлсэн юм.

Багийн бүрэлдэхүүнд насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав, ОУ-ын Мастер А.Анударь, өсвөрийн Дэлхийн аварга Э.Энхмөнх, Дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзул, Б.Халиун, Н.Түвшинтөгс, М.Төгөлдөр, Б.Энхжин, Ю.Удвал, А.Номин, Б.Ариунсанаа, Б.Шижир-Эрдэнэ, Бага насны ангилалд Улсын Аварга Н.Намуундарь, Ж.Дөлгөөн, Ш.Шижир-Од, Г.Хүслэн, С.Саруул, Б.Бадам-Аюуш, Б.Оюунсанаа нар оролцлоо.

Тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж Ази Тивийн аварга болж уг тэмцээнд авсан 7141 оноогоор Дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас 5 дугаарт бичигдсэн байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа