Зуны хоёр сар ажин түжин байсан Улаанбаатар  минь саяхнаас хөд хөдөлгөөнд орж, их хотын гудамжаар улаан хацартай охин, хүүгээ дагуулсан эцэг, эхчүүд хөлхөлдөн,  замын хүнээс  очих айлынхаа хаягийг,  сурах гэж буй сургуулиа хаана байдгийг асууж лавлаж байгаа харагдах нь оюутнууд  эхнээсээ ирсний шинж гэлтэй.

Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэн их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдын тухайд  хотын дуу шуугиан дасах,  нүд эрээлжлэм тээврийн хэрэгслийнх нь  учрыг олох,   суух  оюутны дотуур байраа олох, байрны төлбөр төлөх чадваргүй нэг нь дөрвөн ханатай гэрээ барих айлын хашаа олох гэж эцэг эхтэйгээ нийлээд ч   мунгинадаг тэр л жишгээр яваа биз. Харин  архаг оюутнуудын хувьд хэлэх зүйл олон. Хүү, охиноо бусдын өмнө бүлтэлзүүлэхгүй хэмээн төв суурин газрынх нь талхныхаа мөнгөнөөс илүүчлэх, мал хуйтай нь зунжин дарж хэвтсэн ноолуураа заран өөрсдөдөө ч дээлийн өнгө авч амжилгүй байгаа бүгдээ өгөөд явуулсан  хэдэн төгрөгийг нь  найрын ширээний ард цацаж орхидог.  

Бас болоогүй  сайханд хөл алдах нэг нь санаархсан охиноо найз нартай нь бааранд даан цээжээ дэлдэн баярхана. Ингээд тоолдог нь дуусахын цагт “очоод л тушаадаг юм шүү” хэмээн халаасных нь  мухарт оёж өгөх шахаад явуулсан сургалтын төлбөр рүүгээ орчихсон харайлгаж яваа байж ч мэднэ.  Гангалах дуртай охид хотынхноос дутахгүй  гэх хор шардаа хөтлөгдөн таарсан таараагүй нь хамаагүй, нэг угаалтын ая даахгүй эрээний бараанд тавьж тууж байгаа биз.   

Ер нь л бүтэн сарын эхний гурван өдөрт хуушуурын мөнгөтэй байдаг оюутнууд нидэр дээрээ төрийн албан хаагчаас баян. Төрсөн өдрийг тэд л  хамгийн өргөн тэмдэглэн үүр цайтал баараас баар, ширээнээс ширээ дамжин баярласаар  бааруудыг бурзайлгах шиг болдог гэнэ лээ. Ямар сайндаа  нэгэн танил маань гудамжинд тааралдаад  “ Найз нь зээлсэн мөнгөө ирэх долоо хоногийн эхээр өгнө өө, Оюутнууд ирж л баар минь  амь орлоо.  Зуны гурван сарын ард гарах гэж байдгаа барлаа,  хамаг ээмэг бөгж мулт.  Барьцаат зээлийн газарт “ хадгалуулж”  байж  түрээсийнхээ ард гарлаа шүү, хө“ хэмээсэн.  Тэгэхээр нийслэлийн бүхий л үйлчилгээний газрыг оюутнууд тэжээдэг болж таарч байгаа юм.Үсчинд хэн үсээ будуулан шулуун хими хийлгэн  сор тавиулж байна, оюутнууд. Барьцаат зээлийн газраар хэн үйлчлүүлж байна, “аваргууд”. Баар цэнгээний газрын хойморт хэн заларч байна, ах эгч нар. Нарантуул захын нарийн гудамжийг сунгах шахан  наашаа цаашаа хэмээн чихчилдэх хүмүүс  мэдээж  мөнөөх л оюутнууд. Тэр бүү хэл, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг хүртэл оюутан байгаа үед орлоготой ажилладаг гэх чинь билээ. 

Эцэг, эхийнхээ өгсөн мөнгөөр зад наргисны шанд зарим нь эцэггүй хүүхэд тээчихээд түүнийгээ авахуулахаар эмнэлэг рүү гүйдэг хэрэг. Явдал суудалтай нь өнгөний өвчин тусч үйл тамаа эдлэхээрээ ийшээ хүссэн ч эс хүссэн ч  зүглэхгүй гээд яав гэж. Бас нэг оюутнуудыг ирсэн үеийг бүхий л боломжоороо ашигладаг улс бол халаасны хулгайч нар.  Нарантуул, Хархорин, гар утас зардаг газраар  өнжин яваад юу авч өмсөхөө мэдэхгүй, ямар утас ашиглах тухайд  сонголтоо хийж чадахгүй эргэлзэн  үүлгэртэж явахыг нь холоос ажигласан халаасныхан хэд гурваараа хэлэлцэн урдуур хойгуур нь хөндөлсөн шахаанд оруулж, элдэвлэж байгаад байгаа хэдийг нь сэгсэрч орхино. Сургалтын төлбөрөө хулгайч нарт алдчихаад уйлж зогсоо оюутнуудтай таарч л байлаа.  

Нөгөөтэйгүү жил бүрийн наймдугаар сарын 25-аас  хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног дуусах аравхан хоногт нийслэлийн цагдаагийн хэлтсийн шуурхай албанд ирэх дуудлага  эрс нэмэгдэж, тэр хэрээр гэмт хэргийн  гаралт өсдөг  гэх статистик мэдээлэл байдаг. Бас   архи согтуулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас авто тээврийн осолд орогсдын тодорхой хувийг оюутнууд эзэлдэг аж.  Дээр нь нэмж хэлэхэд, угсраа автобус үйлчилгээнд гарч  кондукторт мөнгөө тушаах бус тусгай зориулалтын карт ашиглаад сурч байсан юмсан.  Соёлтой үйлчилгээ хэсэгтээ мартагдаж, мөнгө байсан ч өгөхгүй гэж гүрийх залуус гарч л таарна.  

Сумын төвийнхөө Соёлын төв, эмнэлэг, ЗДТГ-ыннхаа байшингийн буланг тойроод шээгээд сурчихсан  хөдөөнийхөн хэсэгтээ их хотын соёлд дасах гэж тэвдэнэ дээ.  Иймэрхүү дүр зураг бүхий амьдралд улаанбаатарчууд ”живж”  байна даа, энэ хэдэн хоногт. Аравдугаар сар гарч амьдрал жигдэртэл бүхэл бүтэн сарын хугацаа байна аа.  

Ч.ЧУЛУУН

 

http://www.mminfo.mn/