Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэж 45 нөхөр   нийслэлчүүдийн  өдөр тутмын асуудалд анхаарал хандуулан  цалин цаваг аван  долоо хоног бүр “хэрүүл хийх” ажилтай.  Тэдгээр нөхдүүдийн  хувьд  хэрүүлээ ч хийдэг,  өөрсдийгөө ч 27 сая төгрөгөөр эрхлүүлдэг байна.  Үүнийг Ерөнхийлөгчийн  баталсан шилэн данс гээч зүйл нотолчихов.  

НИТХ-ын төлөөлөгчид улирал бүр 13 500 000 төгрөгийн урамшуулал авдаг ажээ.  Энэ жилийн хувьд урамшууллаа 2015 оны 7-р сар 3-ны өдөр 1,2-р улирлын мөнгө болох 27 000 000 төгрөгийг нэг дор бөөнд нь авсан байна. Ингэхдээ 35-р захирамжийн дагуу авсан байна.

НИТХ-ын төлөөлөгчдийг улирал бүр урамшуулах  35-р захирамж гээчийг  НИТХ-ын  http://citycouncil.mn, нийслэлийн http://ulaanbaatar.mn, бүхий л захирамж, хууль, тушаал, шүүхийн шийдвэрийг  албан ёсоор байршуулдаг  http://legalinfo.mn/ сайтаас ухаад ухаад олсонгүй.

Улмаар  хэн, хэзээ гаргасан захирамж болохыг асуухаар Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Энхболдоос тодруулахаар 9911-.... дугаар руу залгасан боловч утсаа авсангүй. Улмаар Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан зохион байгуулагч Ж.Хэрлэнтуулын 9904.... дугаарын утас руу залгасан боловч мөн л утсаа авсангүй.  Үүнээс НИТХ-ын төлөөлөгчид үл үзэгдэгч  захирамжаар өөрсдийгөө шагнаж урамшуулсан байж болзошгүй гэсэн хардлага төрснийг нуух юун.

45 төлөөлөгч тус бүр 27 сая төгрөг гэхээр 1 215 000 000  төгрөгөөр тансаглсан эсвэл  эрхэлсэн болж таарч байна. Цаашид энэ тоо  өсөх магадлал асар өндөр байна.  Өнөөдөр улсын төсөв 650 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсөв 65 тэрбум төгрөгөөр  тасарчихаад байгаа.  Төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд хүүхэдтэй холбоотой алхам тутам дахь төрийн үйлчилгээ асуудалтай бөгөөд дутагдалтай байгаа. Ийм үед НИТХ-ын төлөөлөгчид улс орноо бодоод  урамшууллаасаа татгалзаж  болмооор.... Ямар шалтгаанаар нь хэн хэрхэн урамшуулаад байгаа нь тодорхойгүйгээр  олон сая төгрөгөөр, ямар ч хяналтгүйгээр урамшуулж байгаа нь  эргээд  иргэдэд  хардлага төрүүлж байна.  Тэд энэ үйлдлээ хэрхэн тайлбарлах бол?

 

А.Баярмаа